sonin.mn
БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнгтэй уулзлаа.
Талууд хоёр улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, судалгааны хамтарсан төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Сайд Л.Цэдэвсүрэн Монгол-Вьетнамын шинжлэх ухаан, технологийн дэд комиссын гуравдугаар хуралдаан 2016 онд Ханой хотод амжилттай болсныг дурдаад ээлжит хурлыг дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахлыг намжсан тохиолдолд Монголд зохион байгуулахад бэлэн байгааг илэрхийллээ.
 
 
 
 
Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийн дагуу Вьетнам Улсын Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсаас 15 оюутныг тасралтгүй сургах ажлыг амжилттай зохион байгуулж буйд талархал илэрхийлээд энэ онд дуусах уг гэрээ хэлэлцээрийг дахин шинэчлэн байгуулах санал тавив. Монгол Улс сурлагын чанарыг үнэлэх олон улсын үнэлгээ буюу PISA-д орохоор ажиллаж байгааг дурдаад 2015 онд энэхүү судалгаанд Вьетнам Улс маш амжилттай оролцсныг онцлон тэмдэглэж, хамтран ажиллах хүсэлтэй байгааг мөн онцлов.
 
 
 
Элчин сайд Доан Тхи Хыөнг боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хамтарсан судалгааны ажлын санхүүжилтийг шийдвэрлэх, Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн үйл ажиллагааг дэмжих, багш, оюутан солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх талаар онцлон ярив.