sonin.mn
КАИР. /TASS/. Бид коронавирусний эсрэг анхны вакцин бэлэн болсон тухай ярихад арай эрт байна хэмээн ДЭМБ-ын эрүүл мэндийн хөтөлбөрийн газрын захирал Рана аль-Хажа дэлхийд анхных болох коронавирусний эсрэг вакциныг бүртгэсэн талаарх ОХУ-ын мэдэгдэлд тайлбар өгөх үеэрээ мэдэгджээ.
“Туршилтын шаардлагатай бүх үе шатыг давсан вакцин байгаа гэж бид баттай хэлж чадахгүй. Вакциныг олон улсад хэрэглэх боломжтой болгохын тулд бид үнэлэх шаардлагатай. Аль ч вакциныг гарган авахад үр дүнтэй, аюулгүй байдлын болон цаашдын хөгжлийн баталгаа болсон гурван үе шатыг давах ёстой. Вакцин үр дүнтэй байж болох хэдий ч аюулгүй байдлын баталгаа хангалтгүй байж болох бөгөөд түүний үзүүлэх гаж нөлөө нь вирусээс ч хортой юм. Оросын вакцин туршилтын хоёр үе шатыг давж, одоогоор гуравдугаар үеийн эхний шатандаа явж буй. Вакциныг ОХУ-ын нутаг дэвсгэрт ашиглах боломж хэдийнээ бий болсон гэж тэд ярьж буй хэдий ч туршилтын бүх үе шат дуусаагүй” хэмээн аль-Хажа ярьсан байна.
Түүнчлэн ДЭМБ ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагуудтай өдөр бүр харилцаа холбоотой байгааг аль-Хажа дурджээ.
 
 
 
 
“ОХУ шинжлэх ухааны салбарт чадвартай, үр дүнтэй вакцин үйлдвэрлэх томоохон боломжууд тус улсад бий гэдгийг бид мэднэ. ОХУ үүнийгээ баталж, янз бүрийн вакцин гарган авахад олон улсын түвшинд хувь нэмрээ оруулж байсан” хэмээн тэрбээр мэдэгдэхийн сацуу коронавирусний эсрэг вакциныг гарган авах, үйлдвэрлэхэд үсрэлт хийсэн тухай мэдээллүүдийг ДЭМБ анхааралтай ажиглаж байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
 
 
 
Дэлхийд анхных болох коронавирусний эсрэг "Спутник V" вакциныг бүртгэсэн тухай ОХУ 8 дугаар сарын 11-нд мэдэгдсэн юм. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг