Нэр бүхий иргэд Улсын Ерөнхий Прокурорт гомдол гаргажээ.
Уг гомдолд:
"МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗНЫ ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ Д.ЖАРГАЛСАЙХАН ТАНАА ГОМДОЛ ХҮРГҮҮЛЭХ НЬ
Гомдолд холбогдогч этгээдүүд:
1."Үнэн ба Зөв" нам (Улс төрийн нам);
2.Тус намын дарга А.Отгонбаатар;
3.Тус намын дэд дарга П.Шинжээравдан болон 2024 оны УИХ-ын сонгуульд тус намаас нэр дэвшиж байсан холбогдох этгээдүүд, тэдгээрийн гишүүд, дэмжигчид.
Гомдлын үндэслэл ба хууль бус үйлдлүүд:
"Үнэн ба Зөв" намын удирдлага, удирдах албан тушаалтнууд, гишүүд дэмжигчид нь бүлэглэн Монгол Улсын Үндсэн хуульт тогтолцоо, үндэсний эв нэгдлийг алдагдуулах, олон нийтийн аюулгүй байдал, хууль дээдлэх зарчмын эсрэг чиглэсэн, Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргийн шинжтэй дараах үйлдлүүдийг зохион байгуулалттайгаар үйлдсэн байж болзошгүй тул дараах үндэслэлээр шалгуулах шаардлагатай байна.
1. Тролл хаяг ашиглан олон нийтийг турхирсан, сошиал орчинд цуст мөргөлдөөнд ("Непалдах") уриалж үймээн самуун дэгдээсэн үйлдэл:
Үйл явдал: 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр "Үнэн ба Зөв" намын дэд дарга А.Шинжээравдан болон тус намаас нэр дэвшиж байсан нэр бүхий этгээдүүд нэгдсэн зохион байгуулалтад орж, албан ёсны зөвшөөрөлгүйгээр нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Түүнчлэн цахим сүлжээнд зориудаар хуурамч болон тролл хаягуудын сүлжээг ашиглан олон нийтийг үймээн самуунд уриалж, турхирсан үйлдэл гаргасан байж болзошгүй байна. Ялангуяа сошиал сүлжээнд улс орныг тогтворгүйжүүлэх, "Непалдах" гэх мэт цуст мөргөлдөөн, хүчирхийлэлд иргэдийг ил тод уриалж, үндэсний эв нэгдлийг бусниулах системтэй ажиллагаа явуулсан байх үндэслэлтэй байна.
Хуулийн үндэслэл: Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 19.15 дугаар зүйл (Үндэсний эв нэгдлийг бусниулах), Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл (Олон нийтийн амь насанд аюул учруулж болзошгүй үймээн самуун дэгдээх) болон Кибер аюулгүй байдлын тухай хуулийг ноцтой зөрчсөн шинжтэй байна.
2. Жагсаал цуглааны далд санхүүжилт, иргэдийг мөнгө болон бензиний талоноор худалдан авч турхирсан зөрчил:
Үндэслэл: Тухайн хууль бус жагсаал цуглаан нь бусдын далд санхүүжилттэй байсан байж болзошгүй үндэслэл байна. Жагсаалд оролцож байсан зарим иргэдэд зохион байгуулалттайгаар бензиний талон тараасан, мөн жагсаалд оролцвол бэлэн мөнгө өгнө, талбай дээр ирээд лайв, рийл, пост оруулаад мөнгө ав гэж уриалж, санхүүгийн урамшуулал амласан тухай баримт, мэдээллүүд сошиал сүлжээнд тархсан байна.
Хуулийн үндэслэл: Энэ нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл (Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих үйлдлийг зохион байгуулсан, санхүүжүүлсэн) гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай гэмт хэргийн бүрэлдэхүүн болон Улс төрийн намын тухай хуулийн 30 дугаар зүйлийг (Намын хууль бус санхүүжилт) шууд зөрчиж байна.
3.Төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, бие махбодид нь халдсан зөрчил:
Үйл явдал: Тухайн зөвшөөрөлгүй жагсаалын үеэр нийтийн хэв журмыг сахиулахаар хууль ёсны шаардлага тавьсан Цагдаагийн албан хаагчдын өөдөөс А.Шинжээравдан тэргүүтэй этгээдүүдийн турхиралтаар үүссэн зам хаасан, эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэд хүч хэрэглэн эсэргүүцэж, цагдаагийн албан хаагчийг бүлэглэн зодож, бие махбодид нь гэмтэл учруулсан байна.
Хуулийн үндэслэл: Энэ нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл (Төрийн албан хаагчийг хүч хэрэглэж эсэргүүцэх) болон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)-ийг бүлэглэж үйлдсэн хэрэг мөн.
4.2024 оны сонгуулиар "Нууц штаб" гэгчийг байгуулж, хууль бус санхүүжилт, мөнгө тараах сүлжээ үүсгэж байсан түүхэн фактыг тодруулан шалгуулах асуудал:
Үндэслэл: 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр "Үнэн ба Зөв" намын удирдлагууд болон нэр дэвшигчид нь далд хэлбэрээр "Нууц штаб" гэгчийг байгуулж, МАН (Монгол Ардын Нам)-ын нэр дэвшигчдийг дэмжих, тэднээс санхүүжилт авч олон нийтэд мөнгө тараах хууль бус сүлжээ үүсгэсэн байсныг тухайн үед иргэд болон тус намаас нэр дэвшиж байсан хэсэг иргэд илчилж, Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байсан түүхэн факт байдаг. Түүнчлэн, тус намын дарга А.Отгонбаатарын ойрын хүрээний хүмүүсийн банкны дансыг ашиглаж, сонгуулийн үеэр болон акциудын үеэр мөнгө угаах, мөнгө тараах ажиллагааг зохион байгуулсан гэх гомдлыг Тагнуулын байгууллагад (ТЕГ) гарган шалгуулж байсан хуучин хэргүүдийг одоогийн хэрэгтэй нэгтгэн, хавтаст хэргийг сэргээн шалгах шаардлагатай байна.
Хуулийн үндэслэл: Энэхүү үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хуулийн 14.7 дугаар зүйл (Сонгуулийн үеэр мөнгө, эд хөрөнгө тараах хууль бус сүлжээ үүсгэх) гэх төрийн эрх барих үйл ажиллагаанд хууль бусаар халдсан ноцтой гэмт хэргийн шинж чанартай тул хуучин материалуудыг татан авч шалгах үндэслэл мөн.
5.Намын удирдлагуудын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал:
Үндэслэл: Намын дарга А.Отгонбаатар болон тус намын дэд дарга нарыг тодорхой эх үүсвэрээс хууль бусаар хөрөнгөжсөн, тэдний болон ойрын хүрээнийх нь дансаар орж ирж буй мөнгөний урсгал нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй байна.
Хуулийн үндэслэл: Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл-ийн дагуу Авлигатай Тэмцэх Газарт (АТГ) шилжүүлэн, хөрөнгө орлогын мэдүүлэг, санхүүжилтийн эх үүсвэрийг нь нарийвчлан шалгуулах үндэслэлтэй.
Хэргийн харьяалал тогтоож, Тагнуулын ерөнхий газарт (ТЕГ) шилжүүлэн шалгуулах үндэслэл:
6."Үнэн ба Зөв" намын удирдлага, гишүүд дэмжигчид нь хуурамч/тролл хаяг ашиглан олон нийтийг цуст мөргөлдөөнд уриалсан, бусдын далд санхүүжилтээр хууль бус жагсаал зохион байгуулсан, 2024 оны сонгуулиар "Нууц штаб" байгуулж гадны дансаар мөнгө тараасан гэх үйлдлүүд нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуульт тогтолцоо болон үндэсний эв нэгдлийг санаатайгаар бусниулах шинж чанарыг агуулж байна.
Хуулийн үндэслэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Үндсэн хуульт тогтолцоо, Үндэсний эв нэгдлийн эсрэг гэмт хэргүүдийг (Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэг - Үндэсний эв нэгдлийг бусниулах) Тагнуулын байгууллага (ТЕГ) дагнан мөрдөн шалгах харьяалалтай байдаг. Иймд УЕПГ-аас хэргийн харьяалал тогтоож, тус хэргийг Тагнуулын ерөнхий газарт (ТЕГ) шилжүүлэн шалгуулах эрх зүйн бүрэн үндэслэлтэй байна.
Улс төрийн намыг татан буулгах шаардлага:
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар нам нь үйл ажиллагаандаа хүчирхийллийн арга хэрэглэх, нийгмийг үймээн самуунд уриалахыг хориглодог. "Үнэн ба Зөв" нам нь нийгмийг эмх замбараагүй байдалд оруулах хүчирхийллийн үйл ажиллагааг санхүүжүүлж, турхирсан, сонгуулийн хууль бус сүлжээ байгуулсан гэх үндэслэл тогтоогдож байгаа тул тус намыг Улс төрийн намын тухай хууль зөрчсөн үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоож, татан буулгах нэхэмжлэлийг Улсын Дээд Шүүхэд гаргахыг хүсье." гэсэн байна.
Даваа - 10 сарын 05,
2026
Сэтгэгдэл2
МАН АН ХҮН гурван намыг татан буулгая.
Данх санхуужуулдэг. Данхын гар хол бологч шуудээ