sonin.mn
“Локарно” олон улсын кино наадамд Монгол Улсын уран бүтээлчид хоёр дахь жилдээ амжилттай оролцлоо. Тус хөтөлбөрийн “Open doors hub” буюу кино найруулагчдын бүтээлийг олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, санхүүжилт босгоход нь дэмжлэг үзүүлдэг хэсэгт найруулагч П.Лхагвадулам, продюссер Ц.Ариунаа  нар “Ze” кино төслөөр оролцсон байна. “Open doors lab” буюу жил бүр найман кино найруулагчийг шалгаруулж, тэдэнд олон улсын киноны зах зээлийг илүү ойлгуулах, кино зохиол бичих, киноны мэргэжилтнүүдтэй  хэрхэн хамтран ажиллах талаар зургаан өдрийн тусгай сургалт явуулдаг хэсэгт IFI продакшны найруулагч С.Уран оролцжээ.  Энэ удаагийн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн шагнал гардуулах ёслолыг цахим хэлбэрээр зохион байгуулж, долоон шагнал гардуулснаас Монголын уран бүтээлчид гурвыг нь хүртсэн байна.
 
 
 
Найруулагч П.Лхагвадулам, продюссер Ц.Ариунаа  нар “Ze” кино төслөөрөө тус хөтөлбөрийн хамгийн нэр хүндтэй, тэргүүн шагнал болох “Нээлттэй хаалга” 40.000 швейцар франкийн тэтгэлэгт шагналын эзэн болжээ. Түүнчлэн П.Лхагвадулам кино төслөөрөө “Moulin d’Ande-Ceci” шагналыг хүртлээ. Найруулагч С.Урангийн хувьд тус хөтөлбөрийн “Rotterdam Lab” шагналын эзэн болсноор 2021 онд Нидерландын Роттердам хотод болох “Rotterdam Lab 2021” таван өдрийн cеминарт оролцож, олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох эрхтэй болж байна. 
 
 
 
Тус наадмын нээлтэд Монгол Улсаас Швейцар улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн урилгаар оролцож “Локарно” кино наадмын Ерөнхийлөгч Марко Солари болон “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн захирал Софи Бурдон нартай уулзаж, “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Монголын уран бүтээлчдэд зориулсан кино зохиол бичих сургалтыг явуулахад дэмжлэг үзүүлэх талаар ярилцжээ. Мөн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн хүрээнд Монголын залуу кино уран бүтээлчдэд дэлхийн киноны зах зээлд гарахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төсөлд хамруулах асуудлыг ч хөндөж тохиролцоонд хүрсэн байна.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин