sonin.mn

Сүүлийн хоёр гурван жилийн турш “бага ангийн багш” гэдэг мэргэжил топ буюу эрэлт ихтэй мэргэжлүүдийн эхнээсээ хоёрт жагсаж ирлээ. Одоогоос 10-15 жилийн өмнө энэ мэргэжлийн үнэлэмж хэр зэрэг байсан бол. Гэхдээ энэ мэргэжлийн үнэ цэнэ нь эрүүл нийгмийн өнгө төрх, улс орны ирээдүй гэдэгт оршин байна гэж би боддог. Хүн амын оюуны чадавх, чадамж ньтухайн улс орны суурь чадавх болж өгдөг.  

 

Суурь боловсролыг үнэ төлбөргүй олгодог цөөхөн улс орны нэг нь манай орон. Үнэхээр манай орон суурь боловсролыг үнэ төлбөргүй олгодогтоо л өнөөдрийг хүртэл оршин тогтнож ирсэн. 1990 оноос 2000 он хүртэл боловсролын салбар хэцүүхэн үеийг туулсан. Үүнийг мөнгө санхүүтэй нь холбохыг бодсонгүй. Зөвхөн сургуульд сурах хүүхдийн тоо эрс цөөрч, нөгөө хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн ангилалд хүүхдүүд хамрагдаж мөнгө л байвал болоо гэдэг бодол сэтгэл, итгэл үнэмшил эцэг эхийн толгойд оршин буй болсонтой холбоотой юм.

 

Гэхдээ монгол орон энэ сэтгэлгээнээсээ салахад нэгэн зүйл биднийг түшсэн. Энэ нь бид хувьсал өөрчлөлтөд амархан зохицож юу хэрэгтэй, юу хэрэггүйг нягтлан таних онц мэдрэмтгий чанар нь боловсрол чухал болохыг сэргэгээр харсан, нөгөөтэйгүүр манай улс азаар хүн ам цөөхөндөө боловсролын харанхуйгаас хурдан хугацаанд гарч чадсан.

 


Сүүлийн 10 гаруй жилд боловсролын салбарыг мөнгөний талбар болгох байдал газар авсаар өдийг хүрлээ. Аливаа улс орон боловсролын салбарыг мөнгө санхүү, улс төртэйгээ хутгавал сүйрлийн эхлэл гэж нэгэн хүн хэлсэн байдаг. Үүнийг хэлсэн хүн нь ийм зүйлийг харсан, биеэрээ мэдэрсэн болоод л хэлсэн хэрэг. Энэ байдал манай оронд хэтэрхий газар авсан. Гэсэн ч энд улс төр, мөнгө ярих гэсэнгүй ээ.

 


“Эрэлт” гэдэг үгийг нийгмийн эрүүл өнцгөөс нь харах нь чухал байх. Эрэлт гэхээр л мөнгө олж болох хэрэгсэл гэж хараад, хувийн их дээд сургууль хүртэл бага ангийн багш бэлтгэнэ гээд л зүтгэх боллоо. Боловсролын салбарт эрэлт нийлүүлэлт гэдэг чинь өөр утгаар оршин байдаг юм. Энэ нь тухайн улс орны зуу зуун жил оршин тогтнох суурийг нь тавих гарц нь юу байна гэсэн эрэл хайгуул гэсэн утгаар хэрэглэгддэг юм.

 

Түүнээс бус хэн нэгэн сургууль гэдэг нэрийн дор мөнгө эрж хайж байгааг хэлдэггүй байх. Ялангуяа бага боловсролын багш бэлтгэх нь хамгийн амархан гэдэг ойлголт харагдаад байна. Ер нь багш боловсрол, түүний дотроос бага ангийн багш гэдэг бол улсын бодлогоор төр энгэртээ тэвэрч, элгэндээ наан хамгаалах ёстой эрхэм нэгэн амь байх ёстой юм.


Яагаад гэвэл улс орны ирээдүй өнөөдөр төрж буй хүүхдүүдийн гарт байдаг гэж ойлгодог. Эцэг эхийн гараас гарч сургуулийн алтан босго алхан ороход бага ангийн багшаараа орчлон ертөнцийг танин мэдэх эхлэлийг заалгаж өөр өөрийн нүдээр орчлонт ертөнцийг гэгээн сайхнаар мэдэрч эхэлдэг. Манайхан үнэтэй зүйлийг үнэгүй, чухал зүйлийг чухал бус, хэрэгтэй зүйлийг хэрэггүй болгож хамгийн сайн сурсан хүмүүс.

 

Гэтэл гадныхан юмыг жинхэнэ утга донжийг нь олж, үнэгүйг үнэтэй болгож хувиргаж чаддаг юм билээ. Эрэлт ихтэй мэргэжилийн хоёрдугаарт жагссан “Багш” мэргэжлийг сонгох, сонирхох хүн их боллоо. Энэ нь ч аргаггүй биз. Гэхдээ ганц айдас нь эрэлт ихтэй энэ зүйлийг нөгөө л сурсан зан, хийж чаддаг ганц зүйлээрээ үнэгүй, мөнгө олох хэрэгсэл болгон хувиргах вий гэхээс л айж байна.

 

Энэ мэргэжлийг эрэлт ихтэй болгон зарлахдаа ямар ямар суурь судалгаагаар тогтоосон бол, зүгээрл нэг аймаг, сум, багийн сургуульд дутагдалтай болохоор нь л эрэлт ихтэй тооцчихсон юм биш байгаа. Үнэхээр л эрэлтийг нь судлах гэж байгаа бол жилдээ зөвхөн МУБИС-ийн Багшийн сургуулиас 300-350, Архангай 50-80, хувийн хэвшил 30-50 оюутан төгсөж, энэ эрэлт ихтэй мэргэжилийн талбарт нийлүүлэлт хийгдэж байгаа.

 

Тэгэхээр жилдээ 450-500 багш тэтгэвэрт болон бусад шалтгаанаар энэ талбарыг орхиж байна уу гэсэн эргэлзээ гарч ирнэ. Манай оронд барагцаагаар 7500- 8000 бага ангийн багшийн эзэнтэй ажлын байр байдаг гэсэн тооцоо байдаг. Энэ эзэнтэй ажлын .байрнаас  гадна ажиллах хүсэлтээ гаргасан мэргэжилтэй боловсон хүчин бас л тодорхой тоогоор ажлын байраа хүлээгээд л байж байгаа.

 

Хамгийн гол нь улс бодлогоор 5-10 жилийн ажлын байрны төлөвлөлт маш их чухал. Үүнийг аймгийн нийгмийн бодлогын газар, боловсрол соёлын газар гэх мэт мэргэжлийн байгууллагууд хийх ёстой. Жишээ нь: Говь-Алтай аймгийн хэмжээнд бага ангийн 800 багш байдаг үүнээс 50 хүртлэх настай 20, 51 настай 10, 52 настай 17, 53 настай 6, 54 настай 8 гэсэн судалгаандаа тулгуурлаад 5- 10 жилийн дараах төлөвлөлтийг хийх нь чухал юм. 51 настай багш 4 жилийн дараа тэтгэвэртээ гарна гэж тооцоод, энэ орон тоог 4 жилийн өмнөөс бэлтгэх хэрэгцээ урган гарч байна.

 

Тэгвэл өнөөдрийн 8-р ангийн сурагчдаас багш болох чин хүсэл эрмэлзэлтэй сурагчдын судалгаа хийж, сонгогдсон сурагчдыг багшийн мэргэжлийн талын хамтлаг, дугуйланд хамруулахаас гадна бага ангийн багшийн туслах багш зэргээр дагалдуулан бэлтгэх хэрэгтэй.

 

Тэгэхээр    дээрх жишээнээс харвал багш болох хүнийг ерөнхий боловсролын сургуульд байхаас нь системтэй бэлтгэж болох гаргалгаа харагдаж байгаа ба багш бэлтгэх сургууль болон боловсролын салбарын бүхий л шатны байгуулагуудын ажиллагаа нь нэгдмэл байж, багшийг ганцхан багш бэлтгэх сургууль бэлтгэх биш, багшийг бүгдээрээ хамтарч бэлтгэхэд шат бүрийнүүрэг оролцоо чухал болох нь харагдаж байна.

 

Ингэж байж л бид багш мэргэжлийг орон тооны эрэлт ихтэйгээр нь бус, багш мэргэжлийг чанартай, чадварлаг гэсэн үнэлэмжтэйгээр нь хадгалж хамгаалж, чанартай боловсролын үйлчилгээг ард олондоо үзүүлж чадна.

 

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар нь үйлчлүүлэгч талаасаа сурах арга барил хэр зэрэг эзэмшсэн, бие даах чадвар зэрэг суурь хүмүүжлийг бага ангийн багш хэр зэрэг олгосноос ихээхэн шалтгаалдаг, нөгөө талаасаа багшийн чадвар, нээлттэй байдал, нөхцөл байдалд хувьсан өөрчлөгдөх дасан зохицох чадвар, баялаг сэтгэлгээнээс шалтгаална. Багш мэргэжлийг автоматчилагдсан байдлаар бус, амьдлаг байдлаар эзэмших нь чухал ойлголт.

 

Багш мэргэжлийн амьдлаг байдал нь багш таны хийж буй сурган хүмүүжүүлэх үйлийн хамгийн амин зүйл юм. Та хичээлийг заахдаа энийг “А” үсэг гэдэг юм аа за ингээд бич гээд л эхэлбэл энэ чинь амьгүй зүгээр дамжуулах үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг. Харин таны хичээл дуутай, өнгөтэй, дүрс хэлбэртэй, хөдөлгөөнтэй суралцагчид чинь хэлд орж шулганаад, хөлд орж бужигнаад ирвэл энэ амьдлаг төрх сууж байна л гэж ойлгож болно.

 

Үүгээр ч зогсохгүй сүүлийн үеийн хэллэгээр 3D хичээл болгож чадвал та өөрийгөө эрэлтээс эрэлтийг бий болгож багш мэргэжлийн мөн чанарыг хадгалж чадаж байна гэж ойлгож болно. Таны хүүхэд ямар багшаар “А” үсэг заалгах вэ ? Бага боловсролын багш мэргэжил эрэлттэй байна гэдэг нь ард олон бага боловсролын багшид их итгэл хүлээлгэж байна гэсэн үг юм.


Уул уурхай, ашигт малтмал зэрэг нь ухаад хэрэглээд шавхагдана, барилга мөн л бүх хүмүүс нь хэзээ нэгэн цагт бүгд орон сууцтай болоод гүйцэнэ. Харин хүн төрөлхтөн мөхөж үгүй болох цаг хүртэл боловсролын салбар оршин тогтонох зүй тогтолтой. Манай боловсролын салбарын үйл ажиллагаа эсрэг чиглэлээр явагдаж байгаа нь боловсролын салбарын хөгжлийн удаашрал, зогсонг, жингүйдлийг бий болгоод байна.

 


Бага боловсролын багшийг бэлтгэх үйл ажиллагааг төр элгэндээ нааж, энгэртээ тэвэрч гэмээ нь монголын ирээдүй чадвартай иргэнээр сэлбэгдэх болно. Бид чинь: Багш дор мөргөмү Номдор мөргөмү Хувраг дор мөргөмү гэсэн багшаа, номоо дээдэлсэн ард түмэн.

Номын цагаан буян өнө мөнхөд биднийг ивээх болтугай.

Toп топоороо байх нь чухал байна


Д.Пүрэвдорж МУБИС-Багшийн сургуулийн багш магистр
Эх сурвалж: "Багш"