МОСКВА. /TASS/. Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын шинэ дарга Сүга Ёшихидэ бол улс төрийн чадварлаг тоглогч юм. Тэрбээр олон жилийн туршид Засгийн газрын гурав юмуу хоёр дахь нөлөө бүхий хүн байхыг илүүд үзэж байсан хэдий ч ерөнхий сайдын суудалд хүрэх замаа өөрөө засаж чаджээ.  
Улс төрийн угшилгүй улстөрч гэдгээрээ Сүга Либерал-Ардчилсан намын бусад зүтгэлтнээс ялгаатай. Тухайлбал, тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорч буй Абэ Шинзогоос угсаа гарлаараа ялгаатай юм. Абэ Шинзо бол дээд зиндааны улс төрч бөгөөд түүний эцэг Гадаад хэргийн сайд байсан бол өвөө нь Засгийн газрын тэргүүн байжээ.   
 
 
 
Цаасан хайрцагны үйлдвэрийн ажилтан
 
Сүгагийн эцэг эзлэгдсэн Манжуурт нэгэн жижиг төмөр замын ажилтан байжээ. Дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс ялагдахад тэрбээр Хятадаас зугтаж, Японы хойд нутгийн сайн хөгжөөгүй нэгэн хөдөө аж ахуйн газарт тариачин болсон байна. Тэнд одоогийн шинэ ерөнхий сайд Сүга 1948 онд буюу дайны дараах өлсгөлөнгийн үед мэндэлжээ. Хожим нь түүний гэр бүл хоёр охин, нэг хүүгээр бүл нэмсэн байна. 
Сүгагийн эцэг шаргуу, хөдөлмөрч хүн байжээ. Тэрбээр гүзээлзгэнэ тарьж, шинэ брэндээ гаргаж, өөрийн гэсэн байнгын худалдан авагчидтай болж, хоршооны дарга болж байсан төдийгүй орон нутгийн хурлын депутат болж байсан нэгэн аж. Гэсэн ч Сүгагийн хүүхэд нас тийм ч амар байсангүй. Сурагч байхдаа тэрбээр өдөрт 20 км замыг туулан байж сургуульдаа хүрдэг байжээ.  
 
 
 
Сүгагийн ээж багш мэргэжилтэй байсан бөгөөд хүүгээ мужийн боловсролын их сургуульд орохыг санал болгож байсан бол эцэг нь орон нутгийн хөдөө аж ахуйн их сургуульд оруулах санаатай байжээ. Гэсэн ч залуу Сүга тариалангийн нутгаасаа салж, Токио хотыг зорихыг мөрөөдөж байсан аж. Тэрбээр хотын хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэгийг сонгон орсон тухайгаа хожим нь дурсан ярихдаа төлбөр нь хамгийн бага гэсэн шалтгаанаар элсэн орж байснаа ярьсан байна. Сүга цаасан хайрцагны үйлдвэр, хоолны газар ажиллаж, сонин тараах зэргээр шаргуу хөдөлмөрлөн байж олсон мөнгөөрөө их сургуулийн төлбөрөө төлдөг байжээ.
 
 
 
Хувийн нарийн бичгийн дарга юу хийдэг вэ?
 
Тэрбээр их сургуулиа улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр дүүргэжээ. Үүнийхээ дараа хувийн нэгэн компанид ажилд орсон ч эрх баригч намын амьдралд харьцангуй эрт оржээ. Сүга нөлөө бүхийн улс төрчийн нарийн бичигч болж тус албан тушаалаа 11 жил хашжээ. Хувийн нарийн бичгийн дарга гэдэг нь нарийн ширийн даалгаврыг гүйцэтгэж, нууц яриа хэлэлцээ хийж, зарим үед даргынхаа хэргийг нуун далдалж шүүх хуралд оролцдог хүнийг хэлдэг. Ямартай ч Сүга иймэрхүү үеийг ардаа орхиж, үнэтэй хэлхээ холбоог олж авсан бөгөөд 1987 онд хүн амын тоогоороо хоёрдугаарт орох Иокохама хотын хууль тогтоох хуралд сонгогдсоноор, улс төрийн карьераа эхлүүлж байсан аж. Тэнд Сүга нөлөөгөө маш хурдан бэхжүүлж чаджээ.  
 
 
 
1996 онд Сүга үндэсний парламентад эрх баригч Либерал-Ардчилсан намаас анх удаа сонгогджээ. Тэрбээр бараг л сонгогч бүртэйгээ биечлэн уулзаж, гуталнуудынхаа өсгийг элэгдтэл явдаг байжээ. Түүнчлэн метроны буудлын ойролцоо өдөр бүр сонгуулийн кампанит ажлаа явуулдаг байжээ. 
 
 
 
Эрх баригч намд Сүга нэгээс нөгөө рүү шижлсэний эцэст ерөнхий сайдын албыг хашиж байсан, дээд зиндааны улс төрч Абэ Шинзод найдвар тавьжээ. Тухайн үед Абэ Шинзо Ерөнхий сайдын албан тушаалыг хашаад нэг жил болж байсан үе бөгөөд шархлаат колит өвчнийхөө улмаас анх удаа эмнэлэгт хандаж байсан үе аж. Гэсэн ч даргынхаа өөртөө итгэх итгэлийг нь сэргээж, 2012 онд сонгуульд ялахад хүргэсэн хүмүүсийн нэг нь Сүга юм. Тэрбээр Абэг Засгийн газрыг дахин тэргүүлэх үед буюу 2012 оны сүүлчээс сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Ташрамд дурдахад, тэрбээр энэ албан тушаалыг түүхэндээ хамгийн удаан хашсан хүн аж. Абэ Шинзо сайд нарыг шинээр томилж байсан хэдий ч Сүга Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалдаа тууштай үлдсэн юм. Ерөнхий сайд түүнд маш их итгэдэг байжээ.
Энэ албан тушаалдаа найм орчим жилийг өнгөрүүлэхдээ Сүга намын аппаратыг бүрэн хяналтадаа авч, Засгийн газрын үйл ажиллагааны гол зохицуулагч нь болжээ. Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар тэрбээр өдөрт хоёр удаа Засгийн газрын бодлогын талаар мэдээлэл өгч, шинэ мэдээ мэдээллийн нүүр царай болж байсан юм.
Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр Японы шинэ эзэн хааны эринийг Рэйва гэж нэрлэхээр болсныг зарласан юм. Ингэж зарласнаас нь хойш түүнээс “Рейва ах” гэдэг хоч салахгүй дагах болжээ. Иймэрхүү байдлаар Сүга олонд танигджээ. Гэсэн ч Сүгаг нэг ангийхан болон курсыхан нь барагтаа санадаггүй аж. Хэн хүний анхааралд өртөөд байдаггүй, хэвлэлийнхнээс зугтдаг түүнд мөн уран илтгэгчийн авъяас билэг заяагаагүй бололтой юм. 
 
 
 
Өглөө бүр 100 суулт
 
Засгийн газрын шинэ тэргүүний хувиар Сүга Абэгийн гадаад болон дотоод бодлогыг үргэлжлүүлнэ. “COVID-19”-н цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямралыг даван туулахад түүнийг гол анхаарлаа хандуулна гэж үзэж байна. Олон нийтийн санал асуулгаар энэ асуудал иргэдийн сэтгэлийг хамгийн ихээр түгшээж байгаа учир  шинэ ерөнхий сайд үүнийг зохицуулах тал дээр тодорхой хэмжээнд амжилт гаргах хэрэгтэй юм. Учир юу вэ гэвэл, эрх баригч намын удирдагч бөгөөд ерөнхий сайдын албан тушаалыг Сүга зөвхөн нэг жилийн хугацаатайгаар хаших бөгөөд ирэх 9 дүгээр дахин сонгууль болох юм. Тэр үед 71 настай Сүгад хүчтэй өрсөлдөгчид гарч ирэх магадлалатай.
Ташрамд дурдахад, Сүга өдгөө 71 настай ч өглөө бүр 5 цагт босож, 100 суулт, хэвлийн дасгал хийснийхээ дараа гэрээсээ ерөнхий сайдын ордны дэргэдэх зочид буудал руу 40 минут алхдаг байна. Тэндээ тэрбээр ногоо, жимс, тараг идэж өглөөний цайгаа уусныхаа дараа ажлын уулзалтуудаа хийдэг байна. 
 
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг