sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Forbes/. Америкийн хүмүүнлэгийн үйлстэн, тэрбумтан асан, татваргүй худалдааны “Duty Free Shoppers” сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагчдын нэг Чарльз Фини бүх хөрөнгөө буяны үйлст үрж дуусгажээ. 
1960 онд Роберт Миллертэй хамт “Duty Free Shoppers” компанийг үүсгэн байгуулсан өдгөө 89 настай Фини даруухан амьдарч, олон тэрбум ам.долларын хөрөнгө хуримтлуулжээ. “Бид маш их зүйлийг сурч мэдсэн. Зарим зүйлийг бид өөрөөр хийж болох байсан, гэхдээ би маш их сэтгэл хангалуун байна” гэж Фини “Forbes” сэтгүүлд ярьжээ. "Энэ ажилд бидэнтэй нэгдсэн бүх хүнд талархаж байна" гэж тэр нэмж хэлсэн байна.
 
 
 
 
Сүүлийн 40 жилийн хугацаанд Фини 8 тэрбум гаруй ам.долларыг янз бүрийн буяны байгууллага болон дэлхийн улс орнуудын их сургуулиудад “Atlantic Philanthropies” сангаараа дамжуулан хандивлажээ. Үүний зэрэгцээ, түүний шилжүүлсэн мөнгөний хэмжээ одоогийн хөрөнгөөс хэд дахин их бөгөөд тэрбээр бүх хандиваа нэрээ нууцлан илгээдэг байсныг Форбс сэтгүүлийнхэн онцолсон байна. Тийм ч учраас тус сэтгүүл Финиг хүмүүнлэгийн үйлсийн нэг төрлийн Жеймс Бонд гэж нэрлэжээ.
 
 
 
“Forbes” сэтгүүлд бичиж буйгаар, Финигийн асар их хөрөнгө оруулалт “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтст хүчтэй нөлөө үзүүлжээ. Гейтс Уоррен Баффеттай хамтран 2010 оны зургадугаар сард дэлхийн хамгийн баян хүмүүсийг хөрөнгийнхөө талаас илүү хувийг буяны үйлст хандивлахыг уриалсан “Өгөх тангараг” хэмээх хүмүүнлэгийн кампанит ажлыг эхлүүлсэн юм.
2020 оны есдүгээр сарын 14-нд Фини “Atlantic Philanthropies” санг хаах тухай баримт бичигт гарын үсэг зурсан байна. Түүний гол зорилго бол 2020 он гэхэд бүх хөрөнгөө тарааж дуусаад сангаа хаах байсан юм. "Бидний хандив тусламж бизнест удаан хугацаагаар байх төлөвлөгөөнд бус боломжид суурилдаг" гэж ивээн тэтгэгч дүгнэн ярьжээ. Тэрбээр эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн үйл ажиллагаа зэрэг бүх салбарт хөрөнгө оруулсан учир түүний нөлөө дэлхийн өнцөг булан бүрт мэдрэгддэг. Тухайлбал, Фини боловсролын салбарт зориулж 3.7 тэрбум ам.доллар хандивласан бөгөөд үүнээс нэг тэрбум орчим ам.долларыг өөрийн төрөлх Корнеллийн их сургуулийг хөгжүүлэхэд зарцуулжээ. Мөн 700 сая орчим ам.долларыг эрүүл мэндийн салбарыг сайжруулахад илгээсэн байна. 1984 онд "Duty Free Shoppers" компанийнхаа хувьцааны 38 гаруй хувийг хожим нь "The Atlantic Philanthropies" сандаа шилжүүлжээ. 
Америкийн буяны үйлстэн, бизнес эрхлэгч, “Duty Free Shoppers” сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч Чарльз Фрэнсис Фини 1931 онд АНУ-ын Нью-Жерси муж улсад төржээ. Тэрбээр тансаг амьдралаар амьдарч болох байсан ч даруухан амьдралын хэв маягийг сонгосноороо алдартай юм. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг