sonin.mn
ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын “Johnson & Johnson” компани коронавирусний вакцины гуравдугаар үе шатны туршилтаа лхагва гаргаас эхлүүлжээ. Энэхүү туршилтад Америкийн болон олон улсын 60 мянга орчим насанд хүрсэн сайн дурынхныг хамруулах ажээ.  
“Johnson & Johnson” компанийн шинжлэх ухааны асуудал хариуцсан дарга, доктор Пол Стоффелсийн утсаар сэтгүүлчдэд мэдээлснээр, туршилтын эхний оролцогчдыг лхагва гаргаас вакцинжуулж эхэлжээ. Уг вакциныг “Johnson & Johnson”-ы охин компани болох “Janssen” гарган авсан байна.  
 
 
 
“Johnson & Johnson” нь АНУ-д коронавирусний вакцины өргөн хүрээг хамарсан эмнэлзүйн туршилтыг явуулж буй дөрөв дэх компани болсон бөгөөд өмнө нь “Moderna”, “Pfizer/BioNTech”, “AstraZeneca” компани тус тус туршилтаа эхлүүлсэн юм.
 
 
Шинэ коронавирусний бусад вакцины хувьд хоёр тунг хийх шаардлагатай бол “Johnson & Johnson”-ы вакцин нь нэг тунт гэдгээрэ онцлог юм. “Бид нэг тунт вакциныг маш үр дүнтэй гэж үзэж байгаа” гэж П.Стоффелс мэдээлжээ.
АНУ, Бельгид явуулсан нэг, хоёрдугаар үе шатны туршилтаар “Johnson & Johnson”-ы вакцин дархлаа үүсгэсэн бөгөөд өргөн хүрээг хамарсан туршилт явуулахад аюулгүй болох нь батлагджээ. Гуравдугаар буюу сүүлийн үе шатны туршилтыг Аргентин, Бразил, Чили, Колумби, Мексик, Перу, Өмнөд Африк, АНУ-д явуулах ажээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг