sonin.mn
ЛОНДОН. /Financial Times/. Сайн дурынхныг коронавирусээр зориуд халдаах “COVID-19”-н вакцины анхны туршилт Лондон хотод хэдхэн сарын дараа эхэлж магадгүй байна. Одоогоор төслийн талаарх нарийн тодорхой мэдээллийг нийтэд дэлгэхэд бэлэн биш байгаагаа туршилтыг явуулах хүмүүс мэдэгдсэн хэдий ч ийм туршилт хийх гэж байгаа талаараа ирэх долоо хоногт албан ёсоор зарлах аж. Яг ямар вакцины талаар яригдаад байгааг “Financial Times” сонин дурдаагүй ч одоогоор Их Британийн “GlaxoSmithKline” компанитай хамтран гарган авсан вакцин нь ийм вакцин биш гэдгийг Францын “Sanofi” эмийн компани мэдэгдээд байгаа аж. 
 
 
Их Британид коронавирусний вакцины хоёр туршилт явагдаж байна. Нэг нь Оксфордын их сургуулийн Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн компанитай хамтран гарган авсан вакцин бол нөгөө нь Лондоны Эзэн хааны коллежийн бүтээсэн туршилтын РНХ вакцин юм.
 
 
 
Харин 2021 оны нэгдүгээр сард эхлүүлэх төлөвтэй байгаа дээр дурдагдсан вакцины туршилтад 2000 орчим хүн оролцох хүсэлтэй байна. Туршилтыг зохион байгуулагчид хэдэн зуун эрүүл саруул, залуу сайн дурынхныг сонгож хүн бүрт 4 мянга гаруй паундыг санал болгох юм байна. Эхлээд туршилтыг Лондон хотын зүүн Уайтчепел дүүрэгт тусгай эмнэлэгт хатуу чанга дэглэмтэйгээр явуулах аж. Вакцинаар тариулах сайн дурынхан нэг сарын дараа “Sars-CoV-2” вирусээр халдварлах бөгөөд үүний дараа вакцины үр дүнтэй байдлыг үнэлэхийн тулд тэднийг ажиглалтанд байлгах юм. Хүндрэл өгөх эрсдэлийг бууруулахад зориулж "Ремдесивир" эмийг ашиглах юм байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг