Уолт Дисней компани 1998 онд “Мулан” гэх домогт баатарлаг бүсгүйн тухай хүүхэлдэйн кино анх хийж, хайрт эцгийнхээ оронд дайнд мордож, ялалт байгуулан, Дундад улс даяар алдаршсан домогт хятад бүсгүй Хуа Муланы түүхийг дэлхий дахинд таниулсан билээ. Дайнд явж чадахгүй өндөр настай эцгээ өрөвдөн, оронд нь эр цэргийн хувцас өмсөж, зэвсэг агсан, Дундад улсад довтлон ирсэн Хүннүгийн зэрлэг хааны догшин морьтон цэргүүдтэй тулалдахаар мордсон Мулан бүсгүйн тухай энэ хүүхэлдэйн кинонд уран сайхнаар дүрслэн гаргадаг юм. Зоригт бүсгүй Мулан Хүннүгийн армийг бут цохиход томоохон нэмэр оруулж, гавьяа шагналд тодорхойлогдсон боловч эмэгтэй хүн гэдэг нь илэрч, тухайн цагийн хуулиар цаазын ялд унадаг. Харин Дундад улсын эзэн хаан Их хуанди түүний байгуулсан гавьяаг нь бодолцон, Муланыг өршөөж, нутаг буцаан, зоригт бүсгүй эцэгтэйгээ эсэн мэнд учрахаас гадна цуг байлдаж явсан залуу жанжин Ли Шинтэй хайр сэтгэлийн холбоотой болж буй тухай уг бүтээлд өгүүлдэг билээ. Муланы түүх дэлхий даяар алдаршиж, үүнтэй зэрэгцэн умрын бүдүүлгүүдийн хаан Шаньюйгийн зэрлэг догшин төрх ч дэлхий дахины хэдэн зуун сая үзэгчийн сэтгэлд хоногшсон буй заа.
 
Энэ сэтгэл уярам, биширмээр домогт гарч буй Хуа Мулан гэгч бүсгүй үнэн хэрэгтээ хэн юм бэ.
Муланыг шагнаж буй Хятадын эзэн хаан буюу хуанди нь аль улсын хэн гэгч хаан бэ. Эдгээр асуултад хариулахын тулд Хятадын эртний яруу найргийн түүхийг сөхөхөд хүрнэ.
 
Анх домогт бүсгүй Муланы түүхийг МЭ 568 онд бичигдсэн “Муланы домог” хэмээх 62 мөртэй найраглалаас олж унших бөгөөд гайхалтай нь энэ бүтээлд зоригт бүсгүй Мулан Дундад улсыг өмөөрөн дайнд морддог бус, Вэй улсын хааны (хуандигийн биш шүү) цэрэгт дайчлагдах болсон эцгийнхээ оронд дайнд явсан тухай өгүүлдэг. Энэ найраглалд Хойд Вэй буюу монгол хэлтэн сяньби угсааны Тоба (тавгач) аймгийн удмын МЭ 386-535 онд байгуулсан улсын хааныг дурдаж буй хэрэг юм. Уг найраглалд дурьдагдсан эзэн хааныг Хятадын хаадын их хуанди бус, нүүдэлчдийн уламжлалт хаан цолоор дуудан бичсэн байдаг билээ. Аажмаар Мулан бүсгүйн түүхийг улам “баяжуулан” элдэв домог нэмж зохиосон найраглалуудыг хятадууд бичсээр хэдэн зууны дараа зоригт бүсгүй маань хятад хүүхэн болон хувирчээ.
Хятадын Мин улсын үед Сюй Вэй гэгчийн зохиосон жүжигт Мулан бүсгүй Дайтаж буй улсуудын эриний (Хятадын түүхэнд МЭӨ V зуунаас Цин Ши хуанди Цин гүрнийг МЭӨ 221 онд байгуулах хүртэл оршин тогтносон үеийн домогт бүсгүй Цин Сюй, Хан улсын үеийн Ти Юн нарыг магтан дуулж буй хэсэг орсноор түүнийг хятад хүүхэн гэж ойлгогдохоор харуулсан байдаг.) Мөн Цин улсын үед Чу Жэнхуо (1675 онд бичсэн) гэгчийн зохиолд Мулан бүсгүй Тоба хааны цэрэгт зүтгэж буй баруун Түргийн (Хөх Түргийн) Түжү омгийн хятадын эрлийз охин болон хувирчээ.
 
 
 
Эртний Хятадын судруудад буй Муланы зургийг харахад морь унаж, нум сум агссан, сэлэм, жадтай бүсгүйгээр дүрсэлсэн байдаг бөгөөд эмэгтэйчүүд байтугай эрчүүд нь морин цэргийн байлдааны урлагийг эзэмших боломж тэр бүр олддоггүй Хятадад ийм дайчин бүсгүй байсан гэдэгт хэн хүнгүй эргэлзэнэ. Харин Монголын нутгаас нум сум агсаж байсан, хүдэр чийрэг биетэй хоёр язгууртан бүсгүйн булш олдсон нь дайнч бүсгүйчүүд нүүдэлчдийн дунд цөөнгүй байсныг нотолсон хэрэг гэдгийг ВВС агентлаг дурдаж, домогт бүсгүй Мулан нь сяньби угсааны монгол эмэгтэй байж болох тухай мэдээлсэн билээ.
 
 
 
Муланы тухай эхэн үеийн зохиолуудад улс гүрнээ хамгаалах, эх оронч үзлийн тухай бараг дурьддаггүй, харин өрх гэр, эцэг, эхдээ үнэнч, тэднийхээ төлөө амиа золиход ч бэлэн зоригт бүсгүйг магтан дуулсан байдаг. Умрын бүдүүлгүүдийн Тоба улсыг хамгаалан мордож буй бүсгүйд эх орноо хамгаалах асуудал нэн тэргүүний бус, эцэг, эхээ өмөөрөх чухал нь ойлгомжтой хэрэг мэт санагдана. Харин Манж гүрэн мөхөж, Дундад иргэн улс байгуулагдсан цагаас Муланы тухай домгоор жүжиг, кино олноор хийх болсон юм. Энэ үед эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэн хамгаалах асуудал чухалчлагдан, Японы түрэмгийллээс эр, эмгүй эх орноо хамгаалах шаардлага үүссэн нь Муланы тухай зохиолуудад тусгалаа олж, домогт бүсгүй маань эргэлт буцалтгүй Дундад улсын хуанди хааныг өмөөрөн дайнд мордсон зоригт хятад хүүхэн болон хувирсан ажээ.
Муланы тухай анхны домогт дурдагдаж буй Тоба нарын Хойд Вэй улсын тухай бидний мэдэх Монголын түүхэнд ийм улс байсан гэсэн ганц нэг өгүүлбэр л бий билээ. Нэрт түүхч, Монгол Улсын Ерөнхий сайд А.Амарын 1934 онд туурвисан “Монголын түүх” зохиолд харин монголчуудын төрт улсын түүхийн үечлэлд Тоба Вэй улсыг оруулсан бүтэн бүлэг байдаг юм. Хожим Зөвлөлтийн түүхчид Монголын түүхийг БНМАУ-ын хилээр хязгаарлан, Их Монгол Улсаас өмнөх буюу Хятадын түүхэнд бичигдсэн “Умрын таван бүдүүлгийн 16 улс”-аас хүннү, сяньби, тоба нарын үүсгэсэн улс болох Хойд Хань, Түрүү Жао, Хойд Лян, Ся, Хожмын Жао, Түрүү болон Хожмын Ян, Баруун ба Өмнөд Ян, Баруун Цин, Өмнөд Лян, Дай, Хойд Вэй улсын түүхийг хассан. Мөн Их Монгол Улсаас хойших үеийн түүхэнд холбогдох Алтан Ордон, Цагадай, Ил Хаант улс, тэднээс үүсэлтэй Хөх Орд, Цагаан орд, Ногайн Орд, Крым, Казань, Астрахань, Сибирийн хаант улсын түүхийг “Булаан эзлэгч монголчууд нутгийн ард түмэнтэй уусаж, эдгээр улсын түүх нь тухайн ард түмэнд нь хамрагдсан” хэмээн үгүйсгэн дарсантай холбогдуулан Хойд Вэй улсын түүх ч бидэнд хамаагүй мэт үзэгдэх болжээ. Тоба буюу Тавгач хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн нүүдэлчин овог аймаг нь эрдэмтэн зохиолч Б.Ринченгийн “Их нүүдэл” романд Хүннүгийн шаньюй Модунтай зөрчилдож байгаад бут цохигдсон Дунху буюу Зүүн Ху аймгийн холбоонд багтаж ирсэн юм. Тав гэзэгтэйгээрээ бусдаас ялгардаг тул тэднийг тавгач хэмээн нэрийдэх болсон бөгөөд хятад эх сурвалжид Тоба хэмээн галиглан үлдээжээ.
Хүннү гүрний сүр хүч мөхөж, Хойд ба Умард хэмээн хуваагдсан үед дунху нарын удам сяньби угсааны овог аймгуудыг нэгтгэсэн Таньшихуай хаан Монгол нутгийг эзэгнэх тэр нэгэн цагт тобачууд сяньби нарын бүрэлдэхүүнд багтан Монголын газарт нутаглаж байв. IV зууны дундуур Тоба Гуй хааны үед тоба нар хүчирхэгжин, Ляодуны хойгоос Алтайн нурууны өмнөд хэсэг хүртэлх, Хатан голын өмнөд, хойд эргээс Монголын говийн хойд хэсэг хүртэлх нутгийг эзлэн, Тоба Вэй улсыг байгуулжээ. Тоба Вэй улсыг Ерөнхий сайд А.Амар номдоо Юан Вэй улс хэмээн нэрийдэж, Их Монгол Улс байгуулагдах хүртэл байсан монгол угсааны улсуудын жагсаалтад оруулсан тухай дээр, дурдсан билээ. Харамсалтай нь, тухайн үедээ, Зөвлөлтийн түүхчдийн нөлөөгөөр Тоба нарын улсыг Монголын (тухайн үеийн БНМАУ-ын) нутаг дэвсгэрт байгуулагдаагүй гэх үндэслэлээр Монголын түүхээс хасаж “гээгдүүлэн” орхижээ. Монгол хэлтэй гэгдэх нүүдэлчин тоба нарын улсын түүх ийнхүү бидэнд хамаагүй мэт болсон тул Мулан бүсгүй ч аажмаар Хятадын түүхэнд холбогдож, улмаар бүр хятад бүсгүй болон хувирсан байх юм. Муланы тухай домог, найраглалд гарч буй дайныг 391 онд Тоба Гуй хааны үед Ордосоос довтлон ирсэн Өмнөд Хүннүгийн жанжин Лю Вэйчаныг (хүннү нэр нь Гийчи буюу гийчин) дарсантай холбоотой домог хэмээн таамагладаг. Зарим эх сурвалжид Хойд Вэй улс жужанчуудыг дарсантай холбоотой хэмээн дурддагийг харгалзан үзэх ахул мөн онд Тоба Гуй Жужаны хаан Вэньгэдигийн нутаг руу довтолсонтой ч холбон таамаглаж болох ажээ. Харин болсон түүхэн үйл явдлуудыг харахад Муланы домогтой сүрхий зөрдөг тал бий. 391 онд Тоба Вэй улсын хаан Тоба Гуй Жужаны Вэньгэди хааны нутагт довтлон орж, Их говийн өмнөд үзүүрээс мөшгөн хөөн, даран сөнөөжээ.
 
 
 
Тоба Гуй хаан жужанчуудтай байлдах үед түүний баруун жигүүр эзгүйрснийг анзаарсан Өмнөд Хүннүгийн шаньюй Люй Вэйчэнь Ордосоос довтлон орсон байна. Тоба Гуй хаан Монголын нутгаас хоёр түмэн морин цэрэгтэйгээ яаран давшиж, дээрэм тонуулд автан сахилга батаа алдсан Хүннүгийн их цэргийг хялбархан бут цохижээ. Эдгээр үйл явдлыг харахад Муланы домогт гардагтай нийцэхгүй байх ажээ.
 
 
 
Жужан, Хүннүг бут цохисны дараа Тоба Гуй хаан үлэмж хүчирхэгжиж, дорно зүгт байх муюн нарын Хожуу Янь улстай толхилцох болов. Муюн буюу мужун нар нь Сяньбийн ван Мохоба 291 онд Манжуур орчимд нүүдэллэн очиж, үүсгэсэн монгол угсааны аймаг юм. Солонгосын Когурё улстай байлдаж байсан Муюн Чуй хаан хэсэгтээ тоба нартай дайсагналцах завгүй байсныг далимдуулан Тоба Гуй хаан 395 онд Хожуу Янийн баруун мужуудад халдав. Тун удалгүй Муюн Чуй хааны цэрэгт цохигдсон тобачууд Шар мөрний эрэг хүртэл ухран оджээ. Арванхоёрдугаар сарын сүүлчээр Муюн Бао жанжны цэргийг Сенхэпогийн хөндийд их цасан шуурга нөмөрч, бөөнөөр сүйрсэн бөгөөд үлдсэн хэсэг нь шуурганаар дайрсан Тобагийн цэргийн довтолгоог тэсэлгүй дутаан одоход хүрэв. Энэ тулаанаар Муюны цэргээс түм алагдаж, таван түм олзлогдсон хэмээн сударт тэмдэглэгджээ. Муланы тухай домогт гардаг хэсэг энд ихээхэн тохирохоор байгаа биз?
Тобачуудад  дарагдсаныхаа өшөөг авахаар шийдсэн Муюн Чуй хаан дараа жил нь буюу 396 онд өөрөө цэргээ аван довтолж, Цинлиний нурууны цаст давааг гэнэт давж, Тоба Вэй улсын нийслэлийг эзлээд авлаа (Энэ хэсэг ч Муланы тухай домогт дурдагдах хааны ордныг дайсан эзэлсэн түүхтэй дүйцэхээр харагдана). Энэ үед нэгэн хачирхалтай үйл явдал болсон нь Муюн Чуй хаан Сенхэпогийн хөндийгөөр дайран явахдаа шуурганд хөнөөгдсөн их цэргийнхээ хаа сайгүй тарсан ясыг харж их уй гашууд автан, удалгүй өвдөж өөд болсон домогтой. Тоба Вэй улс ийнхүү гарцаагүй сүйрлээс аврагдсан түүхтэй билээ.
Харамсалтай нь, бид эдгээр улсын түүхийг өөрийн түүхтэй холбон үздэггүй тул эцгийнхээ өмнөөс зэвсэг барин боссон тавгач бүсгүй Муланы түүх ийнхүү Хятадын хаан Их хуандийн төлөө үнэнчээр зүтгэсэн хятад бүсгүйн түүх болон хувирсан бөлгөө. Хятадын түүхэнд “Умрын таван бүдүүлгийн 16 улс” хэмээн нэрийдсэн эдгээр улсын тухай энд товчхон дурдах нь зүйтэй буй заа. Хэдэн зууны турш хүчирхэг Хүннү гүрэнтэй байлдан тэмцэлдэж байсан Хятадын Хан гүрэн III зууны эхэн үеэс дотоодын зөрчилд автан мөхөж, Цин, У, Шу гэсэн гурван эзэнт гүрэнд хуваагдсан цагаас эхлэн Гурван улсын үе хэмээн нэрлэгдсэн эрин эхэлжээ. Гурван улсын үеэс эхлэн Хятадын хаадууд бие биетэйгээ тэмцэхдээ нүүдэлчин хүннү, сяньби угсааны аймгуудын цэргийг ихээхэн ашиглах болсон байна. Удалгүй Хятадын хаадын хүч суларсныг мэдрэх болсон хүннү, сяньби угсааны нүүдэлчид өмнө зүгт томоохон газар нутгуудыг эзлэн, эзэнт улсуудаа байгуулах болжээ. Нэгэнт хятад хүн ам давамгайлсан нутгийг эзлэн улс орноо байгуулсан нүүдэлчин хаадууд улс орноо хятад нэрээр нэрлэж, өөрсдөө ч хятад нэр авцгааж, засаг захиргааны бүтэц нь хятад уламжлалыг “шингээсэн” билээ. Харин нүүдэлчдэд шахагдсан хан үндэстний язгууртан ноёд өмнө зүгт дүрвэж, өөрийн улсуудаа байгуулж ирсэн аж.
Гурван улсын үеэс эхлэн Хан үндэстний Сүй улс үүсэх хүртэл 200 жил хойд Хятадын нутагт ноёрхсон “Умрын таван бүдүүлгийн 16 улс”-ын үед монгол угсаатан Хүннү, Сүннү, Сяньби, Тоба, Муюн аймгийн хаад, төвөд гаралтай Кян, Ди аймгийн хаадын үүсгэсэн олон улс байгуулагдан, мөхөж байжээ. Таван бүдүүлэг аймаг гэж Хятадын түүхэнд Хүннү (дотроо Өмнөд Хүннү, Сүннү хэмээн ялгагдана), Сяньби (дотроо Тоба, Муюн гэж ангилагдана), Жи (угсаа гарваль эцэслэн тогтоогдоогүй ч ихэнх эрдэмтэд Енисей орчмын баруун хүннү нараас гаралтай гэж үздэг), Ди (ихэнхдээ төвөд гаралтайд тооцогддог), Кян (төвөд, тангуд утсааныханд тооцогддог) овог аймгийг нэрлэж иржээ. Энэ цагт өөрийн улсыг байгуулж байсан монгол удмын нүүдэлчин овог аймгуудыг одоогийн Өвөр Монголын нутагт нүүдэллэж байсан Өмнөд Хүннүгийн таван аймаг (Жи нарыг оролцуулан), Ордост эхэндээ нүүдэллэн очсон сяньби угсааны тоба буюу тавгач нар, Зүүн Монгол, Манжуурын нутагт нүүдэллэж байсан сяньби угсааны муюн нар хэмээн хувааж үзэж болно.
304 онд Өмнөд Хүннүгийн шаньюй Юйфулогийн ач хүү, зүүн гарын ван Лю Юань гэгч Хятадын Цин улс руу довтолсон сяньби нартай байлдаж яваад, Цин улсын хүч суларснаар далимдуулан, үлэмжхэн нутаг дэвсгэрийг эзлэн, Гаозу гэсэн хятад нэрээр өөрийгөө хаанд өргөмжилж, байгуулсан улсаа Хойд Хань хэмээн нэрийджээ. Түүний хүү Лю Циний үед өмнөд хүннү нар Цин улсын нийслэл Лоян хотыг эзлэн, Хуайди хуандийг олзлон авсан ажээ. Сандарч мэгдсэн Цин улсын хаад өөр нэгэн монгол угсаатай Тоба Илу хааны тоба нарыг хөлслөн, хүннү нартай байлдуулах болов. Өмнөд Хүннү нар Тоба Илу хаанд хүчтэйхэн цохиулсны дараа тэдний эвсэлд багтсан байсан Муюн аймгийн зарим ноён Хөх нуур луу дүрвэн Тогоон улсыг байгуулсан түүхтэй. Харин өмнөд хүннүчүүд хүчээ дахин хуримтлуулж, Цин улсын цэргийг бут цохин, шинэ нийслэл Чаньяаныг 316 онд эзлэн авснаар Хан үндэсний Цин улс мөхөв. Өмнөд Хүннүгийн хаан Лю Цин 318 онд нас барсны дараа дотоодын тэмцэл гаарч, нэг жанжин Лю Яо нь Түрүү Жао улсыг, нөгөө жанжин Ши Лэ нь Хожмын Жао улсыг зарлан тунхаглаж, Хойд Хань улс мөхсөн түүхтэй.
 
 
 
Түрүү Жао улстай 10 гаруй жил байлдан байж даран мөхөөсөн Хүннүгийн Ши Лэ жанжин Хожмын Жао улсыг зарлан тунхаглаад удалгүй бие баржээ. Түүнийг ордны эргэлтээр залгамжилсан Ши Ху хааны өргөмөл хятад хүү Жан Минь тун удалгүй төрийн эрхийг булаан авч, Хүннүгийн Жао улсыг мөхөөн, хан үндэстний Жан Вэй улсыг байгуулснаа зарлан, хүннү нарыг аймаглан устгасан түүхтэй.
 
 
 
Зөвхөн нийслэл хотод нь л 200 гаруй мянган хүннү нарыг хядан устгаж, хүннү нарын Ши омгийн түүх ийнхүү тасарсан аж. Энд тэмдэглэхэд, Хожмын Жао улсыг байгуулсан хүннү нарыг хятад эх сурвалжид цэ хүннү, цэ ши гэх зэргээр нэрийдэж ирсэн бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар Цэ нутгийн хүннүчүүд буюу сүннү гэж нэрлэх явдал нийтлэг байдаг ажээ. Нэрт яруу найрагч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт “Хүннү, Сүннүгийн үеэс...” гэж дурдсан нь зүгээр аялгаас үүдсэн үг биш болох нь эндээс харагдана. Сүннү нарын тухай Хятад сурвалжид бичихдээ “Тэд баруун зүгийн Вэйби (Сяньби) овог аймгийнхнаас өөр. Тэд нэг үндэстэн биш бөгөөд тэдний дунд Танху, Динлин, Кян овог аймгийнхан цуг амьдрах нь олонтоо. Тэд анхнаасаа хүннү нарын боол байсан тул ийнхүү холилджээ” гэсэн байна. Эдгээр улсын үед хүннү, сяньби угсааныхны байгуулсан Чэн, Түрүү Лян зэрэг улс ч нүүдэлчдийн гарт өртөн мөхжээ.
 
 
 
Түүхч Ё.Отгонбаяр