Занабазарын бүтээлүүд талын нэг тарснаас болж музей бүрт Занабазарын тухай ярьдаг, бүтээл нь байдаг. Энэ нь Монголын дүрслэх урлагийг ганцхан хүн л илэрхийлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр байна. Нөгөө талаас Занабазарын бүтээлийн тухай цогц бүрэн ойлголттой болохоос хөндийрүүлж байна. Гуравдугаарт, хадгалалт, хамгаалалтыг журамлаж, нэг чиглэлтэй болгоход саад болж байна.
Дэлхий нийтийн жишээнээс үзэхэд Парисын Луврт хадгалагдаж байгаа “Джоконда” гэдэг уран зургийг одоогоос арав гаруй жилийн өмнө 50 миллиард доллараар үнэлж байжээ. Энэ үнэ нь жил бүр нэмэгддэг. Суут энэ бүтээл нь нийт хүн төрөлхтний баялаг болохоор улс орон бүр хүндэтгэж, хадгалалт хамгаалалтад нь анхаардаг байна. Тиймээс далан хэдэн онд ЗХУ-д “Джоконда”-г аваачих үед цэргийн хоёр ч онгоц дагалдан хамгаалж явсан нь “Джоконда”-г амьд хүн шиг, тэгэхдээ бүр хүндэт дээд зочны хэмжээнд Москвад хүлээн авсныг харуулахаар барахгүй Зөвлөлтийн ард түмэн урлагт хэрхэн хандаж байгаагийн нэг илрэл болжээ. Зөвхөн “Джоконда” гэхэд л бууны сум, ус үл нэвтрэх, гэрэл, агаар нь тогтмол хэвийн тусгай хоргонд хадгалагдаж, Францын онцгой хамгаалалтад байдаг байна.
Манайд зарим хүн, урлагийн үнэт бүтээлийг шашинтай холбон, соёлын өв дурсгал гэж огтхон ч үздэггүй, харин “бурхан” гэж бодох, тэгээд “бурхныг” сэргээвэл хэрэгт орно гэж ойлгодог гунигт явдал, хуучирсан сэтгэлгээ ч байна.
 
 
 
Занабазарын бүтээлийг шашинтай холбож тайлбарлах нь хоцрогдсон үзэл мөн. Энэрэнгүй сэтгэлийн дээд илрэл болсон Андрей Рублёвын бүтээлүүд, Ивановын “Христос заларсан нь”, Леонардо да Винчийн “Нууц үдэш”, Микеланджело болон бусад суутнуудын дэлхий дахинаа гайхагдаж, хүний олон үеийг оюуны гэрлээр гийгүүлсэн бүтээлүүдийг хэн ч бурхан шашинтай холбон үгүйсгэдэггүй шүү дээ.
 
 
 
Хааны ордон музейд байгаа Занабазарын шилдэг туурвилуудыг туйлын болхи гүнгэрваанд хадгалснаас хүн үзэх ямар ч боломжгүй, гэрэлтүүлэг нь муу байна. Занабазарын бүтээлүүдийг урлагийн музейд авчирч орчин үеийн хоргонд хийж, эргэн тойрон харж болохоор байрлуулж аль ч талаас нь харахаар төгс төгөлдөр туурвисан тэр зориулалтаар нь үзүүлэх хэрэгтэй байна. Эдгээр бүтээл яагаад бусад бүтээлээс тусгаарлагдан хааны ордон музейд “хашигдаж” буйг асуухад “VIII Богд шүтэж байсан учир энд байх ёстой” гэв. Монголын урлагийн гайхамшигт үзэгдэл, монгол хүний урлан бүтээх чадварын онцгой илрэл болсон Занабазарын бүтээлийг хамгаалах нь эх оронч сэтгэлийн хэрэг байх ёстой.
 
ЦАГААН ЖАМБЫН БҮТЭЭЛИЙГ ЦААШИД ЯАХ ВЭ?
 
Зураач Цагаан Жамба бол амьтдын зураг зурах талаар хосгүй их мастер, дорно дахины давтагдашгүй өвөрмөц сэтгэлгээний нэгэн ертөнц юм. Түүний “Жаргалын найман морь”, “Эвтэй дөрвөн амьтан”, “Тэмээн сүрэг”, “Дугар зайсан”, “Ан амьтад” зэрэг зургууд нь Монголын дүрслэх урлагийн түүхэнд мөнхөд байраа эзэлж, монголчуудын энэрэнгүй сэтгэл, ан амьтдыг хайрлах, байгаль ертөнцийг эрхэмлэн дээдлэх үзлийн тод илрэл болсоор байх болно. Тэр бол зураачийн хувьд урлах арга барил, ертөнцийг үзэх дотоод сэтгэлгээгээрээ өнгөрсөн жил 100 жилийнх нь ойг Зөвлөлт орон даяар нижгэр тэмдэглэсэн Гүржийн их зураач Нико Пиросманашвилитэй төрөлсөх эрхтэй юм.
Хувьсгалын эхэн үед баруун хязгаарыг түйвээж агсан зандалчин Дамбийжаа Цагаан Жамбыг аваачин зураг зуруулаад, “Дахиад ийм сайхан зураг зурж чадах уу” хэмээсэнд “чадна” гэсний хариуд хоёр нүдийг нь сохлон тамлаж, гайхамшгийг бүтээх чадваргүй болгосон гэлцдэг. Гэтэл бид түүний ард түмэндээ үлдээсэн шилдэг бүтээлийг “сохлох” ёсгүй. Цагаан Жамбын зургуудыг харж үзэж, хайрлаж хамгаалах талаар асар их санаа тавихгүй бол мөдхөн ор мөргүй болоход хүрээд байна. Түүний зургууд цөмөөрөө шарлан гандаж, өнгө зүсээ алдан, заримд нь хэт цагаан толбо сууж, будаг нь уусаж алга болж байна. Бүгд чийг авч үрчийж, хорчийжээ. Энэ шинж тэмдэг хэдийд үүсэв? Ихсэж байна уу, багасав уу. Үүнд хариу алга, учир нь зураг бүрт хяналт тавьж, протокол хөтөлж байх үүргээ музейнхэн биелүүлдэггүй юм. Цагаан Жамбын бүтээлийг одоохон аврахгүй бол авах юмгүй болох нь ээ.
 
ТАНКА ЗУРГИЙН ТАВИЛАН
 
Өнөөдөр дэлхийн бүх шилдэг музейнүүд гэрэлтүүлэг, агааржуулалтыг нарийн чанд зохицуулж, нэг хэвийн дулаантай нөхцөлд үзмэрээ хадгалж байдаг. Энэ нь манай музейнүүдэд зөвхөн “мөрөөдөж” болох өнө холын зүйл ажээ. Хааны ордон музей, сүм музейд буй бүх бүтээл өвөлд “хүйтэн тамд”, зунд “халуун тамд” тарчилж, хэврэгшин муудсаар байгаагийн дотор танка хэмээх хуйлмал уран зургуудын хувь заяа бүр ч хэцүүдэж байна. Энэ нь Төвдөд бага зэрэг дэлгэрч байсныг эс тооцвол дэлхийд Монголоос өөр хаа ч үгүй бүтээлүүд юм. Тэдгээрийн үнэ цэнийг гагцхүү Рембрандт, Рублёвын хэмжээнд энэ тэнцэх урлагийн суут бүтээлүүд гэж хол ойроос ирсэн жуулчид, эрдэмтэд, зохиолчид шагширдаг билээ. Эдүгээ тоосонд дарагдаж, хөлдөж, цан хүүрэг болсон эдгээр бүтээлийг мөн л гялгар цаасаар хамгаалах туйлын бүдүүлэг арга хэрэглэсэн нь “нуухыг авах гээд нүдийг нь сохлох” гэгч болжээ.
Шороон будгийн зургийг чийг татдаг гялгар цаасаар бүрэх аргыг хэн санаачилсан юм бол. Өвөл тогтсон цан, урин дулаан орохоор ууршиж, чийг татна. Эрдэнэ мэт зургууд тиймэрхүү залхаалт олон жил үзэж, чанар нь муудсаар одоо авах юмгүй болж байхад хэн ч сэтгэл өвдөхгүй хараад сууж болох юм уу?
Дүрслэх урлагийн музейд тавьсан XVIII-XIX зууны нэрт танка зураг, торгон зураг бүхий их танхимд Гэндэндамбын (1865-1935) “Бэгзэ Дармапала” хэмээх бүтээлийн доод талын оёдол нь ханзарч, будаг нь баларч эхлээд хүмүүс хуруугаар байнга хүрснээс цоорсон үзэгдэнэ. Гэтэл “Бэгзэ Дармапала” нь тус музейн сонгодог гол бүтээлийн нэг юм. “Нууц Хаянхирваа” хэмээх шилдэг бүтээлийн өнгө нь цайрч бараг цагаан болжээ гэхэд хилсдэхгүй, оёдлын захыг сөхөж үзвэл жинхэнэ өнгө нь тод улаан байсан нь мэдэгдэнэ.
 
СҮМ МУЗЕЙ СҮЙРЭХ ҮҮ?
 
ХХ зууны эхэн үеийн уран барилгын гайхамшигт цогцолбор энэ сүмийг тухайн үеийн барилга архитектурын хамгийн шилдаг хэв загвар, дорно дахины хэлбэр маяг, монгол үндэсний өвөрмөц онцлогийг тусган, асар цамхаг бүхий дөрвөн том хаалга, том жижиг дөрвөн сүмээс бүрдэл болсон нарийн уран хийц загвараар бүтээжээ.
Үндэсний хээ угалз, үлгэр домгийн сэдэвтэй зураг, өнгө будгийн зохицоог нарийн тааруулж, зүмбэрлэж, алтдаж хийсэн уран барилга, зураг баримлын суут хослол сүм музейн үзмэрт ХХ зууны эхэн үеийн Монголын нэрт уран барималч Пунцаг-Осорын долоон мянган дан улаан шүр шигтгэж, алтаар чимж хийсэн гуч гаруй кг-ын жинтэй шүрэн баг, уран сийлбэрч Балган, Сүрэн нарын хийсэн үлгэр домгийн сэдэвтэй томхон цогцолбор модон сийлбэрүүд, Занабазарын бүтээл зэрэг манай шилдэг урчуудын оюун билиг, авьяас хүчээрээ он оны турш бүтээсэн алт, мөнгө, өнгөт метал, үнэт чулуу, хүрэл цутгамал, хөөмөл, цаасан шуумал, шавар баримал, торго магнагаар хийсэн оёмол, наамал, хатгамал, торгон зураг, өнгөт болон зураасан дардас, нагтан зураг зэрэг Монголын уламжлалт дүрслэх урлагийн бүх төрлийг хамарсан урлаг, соёл, түүхийн үнэт эрдэнэсийн дээжис, хамгийн ховор нандин зүйлийн цуглуулга энд байдгийг нийтээр мэднэ. Олон арван сая төгрөгийн үнэ цэнтэй ийм бүтээлүүд одоо ямар хувь тавилантай байна?
Сүмийн тулгуур багана ялзарч, хагарч, өөдөөс хүйтэн жавар сэнгэнэн, модон шал нь чахран хөдөлдөг энэ музейд цаасан шуумлууд нь тас хөлдөж, гол сүмд байгаа Жамсрангийн зүүн гарын чигчий хуруу хугарч санжигнан, баруун гарын эрхий хуруу, долоовор нь хуурчээ. Чулуун барын 16 Найдан үрчийж хорчийн хатсан шир шиг болоод, дөрөв, долоо, найм дахь зураг жаазнаас мултарч мөхлийн ирмэгт иржээ. Шатгүй учир дээд талын зургуудын тоосыг авч чаддаггүй гэнэ. Нэлдээ хуучирч, өнгө зүс алдаж, будаг шунх нь муудаж, ихэнх нь халцарчээ. Эдгээр сүмд ороход эзэнгүй айл шиг санагдана.
 
 
 
1960-аад онд засвар хийсэн гэх Зуугийн сүмд буй баримлуудыг тосон будаг, боронз сэлтээр будаж, өнгөлснийг харахад “Зэрлэг зураач умтгай бийрээр сод бүтээлийг гутаажээ…” гэсэн А.С.Пушкиний шүлгийн мөртүүд бодогдоно.
 
 
 
ЭРДЭНЭЗУУГИЙН ЭМГЭНЭЛТ ЯВДАЛ
 
Өнгөрсөн намар Монголын утга зохиол орчуулагчдын олон улсын уулзалтад оролцогчид манай эртний уран барилга, соёлын эрхэм дурсгал Эрдэнэзууг үзэхээр очоод тийм гайхамшгийг бүтээсэн Монголын ард түмэнд баярлахын сацуу ийм муу хадгалалт хамгаалалттай байгаад харамсаж байв. Унгарын нэрт монголч эрдэмтэн Кара Дьёр Занабазар хэмээх содхүүг төрүүлж өгсөн Ханджамц эхийн шарил дээрх суварганы хамгаалалт даанч муу байгаад толгой сэгсэрч “Та нар харамсах цаг ирнэ ээ” гэж хэлсэн.
1585 онд Автай сайн хааны байгуулсан Эрдэнэзуу хийд дээр нэмж Цамба, Аюушийн сүмийг 1674 онд Зая бандид Лувсанпэрэнлэй бүтээжээ. Эрдэнэзуугийн хашааны хаалгаар ороход баруун зүүн талд бий гурав гурван хаалгатай хоёр сүмийн хананд уран сайхны зураг зурсан нь эдүгээ ихэд муудаж реставрац шаардсаар… Ер нь цаашдаа Монголын сүм дуганын ханын зураг чимэглэлийг яах юм бэ? Ингээд үрэгдэх үү? Бурхан сэргээвэл буруудна гэж айгаад зөвхөн гадна талыг нь нүд хууран хөнгөн засдаг, дотор талыг нь орхидог хуучин сэтгэлгээг өөрчлөх болсон юм биш үү?
XXI зуунд бид түүх соёлын дурсгалаа яаж уламжлуулах вэ. Үүнд хариу өгөх, тодорхой арга хэмжээ авах цаг болжээ. Ноён уулын Хүннүгийн булшнаас олдсон ширмэл ширдэг ЗХУ-ын алдарт Эрмитажид бий. Америкийн Бостоны музейд IX зууны Уйгарын үед хамаарагдах торгон дээр зурсан язгууртны хөрөг Төв Азийн урлагийг төлөөлж явдаг юм. Мөн VIII зууны Түрэгийн үед хамаарагдах “Хөгжимчид” гэдэг торгон дээр зурсан зураг Бостоны музейд байдаг. Уйгарын үеийн Буддын сүм хийдийн хана туурганы зураг Энэтхэгийн шинэ Дели хотын үндэсний галерейг чимэглэдэг юм. (Манайд зөвхөн хуулбар нь буй)
Дэлхий нийтээр манай эртний урлагийг ингэж өндөр үнэлж, хүн төрөлхтний соёлын үнэт өв гэж нандигнаж байхад бид өөрсдөө Монголын ард түмний олон үеийнхний бүтээж хуримтлуулсан оюуны эрхэм дээжист ингэж хүйтэн сэтгэл гарсаар байх уу? Эрдэнэзууг сэргээн засварлаж байсан зарим хүн өөрсдөө тэр үнэт зүйлээс нь хулгайлсан ноцтой хэрэг ч өнгөрөгч намар гарлаа. Хөнөөлт байдлынхаа бурууг дээш нь хийсгэж нам, засгаас олигтой анхаарч харахгүй, хөрөнгө мөнгө, хүч чадал хүрэхгүй, асуудал тавихад дээд байгууллага ойшоохгүй байгаа мэтээр музейнхэн ярьж байв. Гэтэл 1970 онд БНМАУ-ын соёлын дурсгалт зүйлийг хамгаалах хууль, 1974 онд “Хөшөө дурсгалын зүйлийг хамгаалах, сэргээх асуудал эрхэлсэн комиссын тухай”, 1978 онд “Хархорин Эрдэнэзуугийн талаар авах арга хэмжээний тухай” МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоол, 1971 онд “БНМАУ-ын соёлын дурсгалт зүйлийг хамгаалах хуулийг биелүүлэх заавар батлах тухай”, мөн онд “Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах арга хэмжээний тухай” Сайд нарын зөвлөлийн тогтоол гарчээ.
1979 онд “Музейн үзмэр, сан хөмрөгийн тооллого явуулах тухай” Сайд нарын Зөвлөлийн тогтоол, 1975 онд “Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах ажлыг хүчтэй болгох тухай”, 1977 онд “Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах ажлыг цаашид сайжруулах тухай”, 1980 онд “Музей түүх, соёлын хөшөө дурсгалыг түшиглүүлэн зохиох ажлыг сайжруулах тухай” Сайд нарын Зөвлөлийн албан даалгавар, 1983 онд “Түүх, соёлын дурсгалт ховор нандин, үнэт эрдэнийн зүйлийг хадгалах, хамгаалах ашиглалтад тавих хяналтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны тогтоол зэрэг нийтдээ 10 гаруй хууль тогтоол, албан даалгавар гарчээ. Тогтоол шийдвэр цөөдсөнгүй. Харин түүнийг хэрэгжүүлэх хүн л дутаж байна.
Гал, усны аюулаас дутуугүй “хариуцлагагүйн аюул”-ыг юугаар ч халхалж болохгүй юм. Музейн тухайд нам, засгаас авсан арга хэмжээ, гаргасан хөрөнгө мөнгө чамлахааргүй бөгөөд харин тэдгээр шийдвэрийг биелүүлдэггүй, хөрөнгө мөнгийг үрэн таран хийдэг, соёлын үнэт өвийг аажмаар хөнөөдөг этгээдүүдийг хууль, хяналтын байгууллагууд нүдээ анин өөгшүүлсээр иржээ гэхээс өөр тайлбар олдохгүй байна. Мөнгө идсэн хүн шийтгүүлдэг бол мөнгөнөөс үнэтэй соёлын дурсгалт зүйл сүйтгэгчид гэм зэмгүй байж болох уу? “Монголыг үзэхгүйгээр үхэж болохгүй” гэж Францын коммунистуудын төв хэвлэл “Юманите” сонины ерөнхий захирлын хэлснийг саяхан “Үнэн” сониноос бид уншсан. Монголын ард түмний олон зууны турш бүтээсэн соёлын их өв, өнөөгийн хөгжил цэцэглэлтийг дэлхий нийт хэрхэн үнэлдгийн жишээ энэ юм. Газрын хөрсөн дор, газар дээрээ ийм олон янзын соёл боловсролын арвин дурсгалтай орон бараг байхгүй байх аа” гэж Монголын тухай нэрт эрдэмтэн Н.К.Козлов бичсэнийг дэлхий дахин мэднэ. Эх орныг маань үзэхээр гадаадын аялан жуулчлагчид мянга мянгаараа ирж, жил бүр тоо нь нэмэгдсээр. Ирсэн бүхний нүдийг хужирладаг гол хэдэн музейг бид яагаад гаргуунд гаргах ёстой билээ.
Ард түмний маань олон зууны түүх соёл, гаднаас ирэгсдийн хувьд музейгээс эхэлнэ. Бид ямархуу соёлтой, урлагт хэрхэн ханддаг улс болохоо музейгээрээ л харуулна. Аль ч ард түмэн хүн төрөлхтний салшгүй хэсэг юм. Монголчуудын оюуны эрдэнэсийн сан нь дэлхий нийтийн соёлын алтан сангийн хэсэг юм. Бид түүнийг хэдхэн жилд үрэн таран хийчихээд урган гарах зууны ач гуч нартайгаа юу бодож золгох юм бэ.
 
Ард түмний соёлын өв, их эрдэнэд ийнхүү хүйтэн сэтгэлээр хандаж, мөнхийн суут бүтээлүүдийг мөхлийн ирмэгт авчирсан гэм бурууг ганцхан Соёлын яам, түүний музей удирдах газар, Монголын урчуудын эвлэлийн хороо хүлээх төдийгөөр өнгөрч болохгүй байх аа. Дээрх яам, газар, эвлэл холбоод сайндаа л сайд дарга нараа донгодоод, торгоод эсвэл ажлаас өөрчлөөд өнгөрнө биз. Бараг тэгж сураа ч үгүй юм. Гэтэл ард түмний маань олон үеийнхний давтагдашгүй уран зураг, баримал, цутгамал, оёмол, хатгамал, хаа ч байхгүй өвөрмөц нандин бүтээлийг хэн нөхөж хийж өгөх вэ? Ингээд бодоход манайд хууль бол заримдаа цаасан дээр үлдэж байна. Тийм байх бол БНМАУ-ын соёлын дурсгалт зүйлийг хамгаалах хууль зөрчин хөсөрдүүлэгчид ингэж цагаандаа гарахгүйсэн дээ.
 
 
Зохиолч О.ДАШБАЛБАР
“Үнэн” сонины 1988.1.30-ны №126 (Хэсэглэн нийтлэв)