Монгол-Япон хоёр улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Энэ төсөл хөтөлбөр нь 2023 оны гуравдугаар сард дуусах бөгөөд төслийн хүрээнд МУИС, ШУТИС-ийн багш судлаачид, оюутнуудаас бүрдсэн 1000 гаруй хүнийг Япон улсын их, дээд сургууль болон “Коосэн” сургуульд суралцуулахаар төлөвлөж, эхний төгсөгчид нь ажлын гараагаа амжилттай эхлээд байгаа юм.  Тодруулбал, төслийн хүрээнд  2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар  “Коосэн” хөтөлбөрийн 24, хос дипломтой төгсдөг бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44 оюутан сургуулиа төгсөж, эх орондоо ирээд байгаа юм. Мөн “Коосэн” хөтөлбөрийн 34, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 16 буюу 50 оюутан энэ сарын 10-нд  Япон улсад өөрийн элссэн сургуульдаа суралцахаар явжээ. Харин энэ удаа Монгол Улсын дээд боловсролын салбарт болон оюутан залуус их, дээд сургуулийн судлаач багш нарт оюуны томоохон хөрөнгө оруулалтыг хийж буй  “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зүгээс ШУТИС-д 1.5 сая ам.доллар буюу 4.2 тэрбум төгрөгийн өртөгтэй 64 нэр төрлийн 168 ширхэг тоног төхөөрөмж, сургалтад хэрэглэх нэн шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өгч байгаагаа дуулгаад, эдгээр тоног төхөөрмжтэй танилцах нээлттэй мэдээллийг ШУТИС дээр зохион байгуулсан юм.  
 
“МУИС, ШУТИС-ийн сургалт, судалгааны орчныг сайжруулна”
 
 
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд болох хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний боловсруулалт, арьс шир үйлдвэрлэл, барилгын материал, ашигт малтмалын боловсруулалт, мэдээллийн технологи, эрчим хүч, дэд бүтцэд дэвшилтэт технологийг ашиглах гээд  энэ салбарт ажиллах инженер, технологичдийг бэлтгэх нь манай улсад тулгамдаж буй чухал асуудлын нэг гэдгийг бид олон жил ярьж буй. Тэр утгаараа сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулах, олон улсын түвшинд хүргэх, хамгийн гол нь сургалтын орчныг сайжруулах, судалгааны их сургууль болон өргөжүүлэхэд манай улсын их, дээд сургуулиудад орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабораториудыг байгуулах нь  нэн түрүүнд хийх ажлуудын нэг юм. Тиймээс  БШУЯ-ны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зүгээс Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон Хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд сургалт, судалгааны тоног төхөөрөмжийн худалдан авалтын ажлыг шат дараатай зохион байгуулж ирсэн байна. Төслийн худалдан авалтын ажлын гол зорилго нь Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, судалгааны орчныг сайжруулахад чиглэсэн гэдгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагынхан онцолж байна. Тиймээс дээрх хоёр их сургуульд орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нээлттэй лабораториудыг байгуулж туршилт судалгааг олон улсын түвшинд хийх, багш, судлаачдын сургалт, судалгааны чадавхийг дээшлүүлэхэд төслийн зүгээс анхаарч ирсэн байна. Энэ ажлын хүрээнд төслийн зүгээс  бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд  ШУТИС-ийн салбар дөрвөн сургуулийн 15 лабораторид нийт 4.1 сая ам.долларын (11.2 тэрбум төгрөг) өртөг бүхий 107 нэр төрлийн 1434 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 2019 онд багтаан нийлүүлжээ. Тухайлбал, Механик, тээврийн сургуулийн хоёр лаборатори,  Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн гурван лаборатори, Барилга, архитектурын сургуулийн долоон лаборатори, Эрчим хүчний сургуулийн гурван лабораторит эдгээр тоног төхөөрөмжийг  хүлээлгэн өгсөн байна. Үүнээс 64 нэр төрлийн 168 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бакалаврын болон ахисан түвшний сургалтад ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Барилга, архитектурын сургууль, Эрчим хүчний сургуульд өргөн ашиглаж байгаа аж.
 
“Эдгээр тоног төхөөрөмж нь бүгд олон улсад ашиглагддаг”
 
Энэхүү 64 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь 1.5 сая ам.доллар буюу 4.2 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд  төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс өчигдөр тус сургуульд албан ёсоор хүлээлгэн өгч, зарим тоног төхөөрөмжийг олон нийтэд нээлттэйгээр дэлгэн үзүүлсэн юм. Эдгээр тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь бүгд олон улсын стандартын дагуу бүтээгдсэн, сургалтын зориулалттай, техник, технологи өндөр хөгжсөн улсуудад ашигладаг онцлогтой гэлээ.  “Төслийн хүрээнд нийлүүлж байгаа эдгээр тоног төхөөрөмжийг сургалт, судалгаандаа ашигласнаар бакалаврын сургалтын хөтөлбөрийн чанар олон улсын түвшинд хүрэх, сургалтын лабораториуд шинээр байгуулагдаж багш нар оюутнууддаа тухайн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг хэрхэн яаж ашиглах дадлага хийх, оюутнууд онолын мэдлэгээ бататган туршилт, судалгааг  бие даан хийх боломж бүрдэж байгаа” гэдгийг ШУТИС-ийн удирдлагууд онцолж байв.  Мөн ШУТИС-д хүлээлгэн өгч байгаа болон цаашид төслийн хүрээнд нийлүүлэх сургалт, судалгааны тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг, чадвар, туршлагатай техник технологийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад  бэлтгэхэд бодит хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна гэдгийг төсөл хэрэгжүүлэгч багийнхан хэлж байна.
 
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин