Монголын кино сонирхогчдын жил бүр тэсэн ядан хүлээдэг уламжлалт “Улаанбаатар” олон улсын наадмын хүрээнд “Монгол кино” хөтөлбөрийг танилцуулж, тус наадмын тэргүүн дээд шагнал болох “Хангарьд” шагнал гардуулав. Энэ жил шилдэг зохиол, найруулагч, продюссер, уран сайхны кино гэсэн дөрвөн төрлөөр шилдгүүдийг тодруулсан байна. 12 дахь удаагийн наадмын монгол киноны хэсэгт найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, Г.Даваазулын “Хэлгүй жим”, О.Бат-Өлзийн “Буруу өрөг”, Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, Т.Анарын “Сүүн замын сахиул” зэрэг бүтээл өрсөлджээ. Улмаар шилдэг зохиолоор “Гэргий” шалгарсан бөгөөд уг кино зохиолыг М.Эрдэнэбат, Л.Нинжжамц, Ц.Гантуяа нар бичсэн байна. Харин шилдэг найруулагчийн шагналыг нэрт жүжигчин Л.Жанчивдорж агсны хүү Жамъянсүрэн “Хөхөө” киногоороо хүртэв. Түүний найруулсан энэхүү дэлгэцийн бүтээл нь “Шилдэг уран сайхны кино” номинацад мөн “Хангарьд”-ын эзэн болсон юм. Тэгвэл шилдэг продюссероор “Эмэгтэй” киногоор Ч.Ундрал шалгарчээ. Энэ жилийн наадмаас хос “Хангарьд” хүртсэн Ж.Жамъянсүрэн “Дүү бид хоёрыг өдий зэрэгтээ хүмүүжүүлж, урлагийн замд хөтлөн оруулсан аав, ээж хоёртоо үнэхээр их баярлалаа. Уг шагналыг дүү бид хоёрын хэн нь ч авсан ялгаагүй биднийг дээрээс харж, түшиж залж байдаг аавдаа барьсан хамгийн том бэлэг юм. Дүүдээ хайртай. Монголын кино урлагийн шилдгүүдийн нэг дүүтэйгээ энэ тайзан дээр өрсөлдсөндөө баяртай байна. Киноныхондоо баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Түүний дүү Ж.Сэнгэдорж өнгөрсөн жил “Би нар” хүүхдийн сэдэвт киногоороо “Хангарьд” шагнал хүртэж байсан юм.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Сайн хүүдүүд юм
САЙН ЧАНАРЫН НООС НООЛУУР АРЬС ШИР ЖИЖИГЛЭН, БӨӨНӨӨР ЯАРАЛТАЙ ХҮРГЭЛТТЭЙ ХУДАЛДАНА 99278651