sonin.mn
ХЕЛЬСИНКИ. /TASS/. Норвегийн Засгийн газраас коронавирусний цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал ням гарагт тус улсын парламентын ордны дэргэд болжээ.
Илүү олон хүн оролцоно гэж зохион байгуулагчид нь тооцож байсан боловч эсэргүүцлийн ажиллагаанд нийтдээ 150 орчим хүн цугларсан байна. “Faktis” сонинд мэдээлснээр, энэ нь Норвегид тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн анхны жагсаал бөгөөд үүнээс өмнө коронавирустэй холбоотой хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тус улсын иргэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлж байв.
 
 
 
"Цар тахалтай холбоотой Засгийн газрын үйл ажиллагааг бид буруу гэж үзэж байна” гэж уг арга хэмжээг зохион байгуулагчдын нэг Надер Эйде хэлсэн байна. "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хүмүүст хүргэсэн буруу мэдээллийг эрх баригчид улс төрийн тоглоомдоо ашиглаж байна" гэж тэрбээр үзэж байгаа аж.
 
 
 
Жагсаалд оролцогчид хатуу арга хэмжээ авах хангалттай үндэслэл байхгүй гэж мэдэгдсэн байна. Тэд мөн иймэрхүү арга хэмжээ бусад оронд ч болж байгааг сануулжээ.  Норвегид шинэ коронавирусээр халдварласны хүний тоо ням гаргийн байдлаар 17748-д хүрч, 279 хүн нас барсан байна. Одоогийн байдлаар нийт 1.5 сая хүнд шинжилгээ хийжээ. Норвегид наймдугаар сарын сүүлчээс хойш коронавирусний халдварын шинэ тохиолдол дахин нэмэгдэж эхэлсэн байна. Коронавурисний тархалтын одоогийн нөхцөл байдал гуравдугаар сарынхтай харьцуулахад харьцангуй хүнд байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Бент Хёйе мэдэгджээ. Норвегийн Засгийн газар энэ долоо хоногийн эхээр хязгаарлалтын шинэ арга хэмжээгээ танилцуулах юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг