ВЕЛЛИНГТОН. /DW/. Шинэ Зеланд энэ оны зургаадугаар сарын эхээр “COVID-19” халдварын тархалтыг бүрэн хяналтдаа авснаар цар тахлыг ялан дийлэх хамгийн үр дүнтэй стратегийг хэрэгжүүлсэн орны тоонд орсон юм. Тус улс энэхүү амжилтад хэрхэн хүрсэн бэ?
 
Хөл хориог түргэн шуурхай хийгээд хатуу хязгаарлалттайгаар тогтоосон
 
“Бид эрт, хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгдэв.
Шинэ Зеландад халдварын дөнгөж 100 тохиолдол илэрч, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байхад тус улс гадаадын жуулчдад хилээ хааж, эх орондоо эргэн ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлажээ.
Мөн түүнээс 10 хоногийн дараа орон даяар хөл хорио тогтоож, хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлэг, шатахуун түгээгүүрээс бусад газрыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байна.
“Хөл хорионы дүрэм журам нь вирусний тархалтыг эрт зогсооход нэн чухал. Бусад орны хувьд үнэ цэнтэй цаг хугацаагаа хий дэмий өнгөрүүлсэн” гэж Лондоны их сургуулийн коллежийн Эм зүйн сургуулийн ахлах багш Оксана Пызик “DW” агентлагт мэдээлжээ.
 
Дүрэм журмыг үр дүнтэйгээр мэдээлэн түгээсэн
 
Хатуу хөл хорио тогтоохын өмнөхөн Засгийн газар ард иргэддээ онцгой байдлын зурвас илгээжээ. Үүнд, “Шинэ Зеландын бүх иргэнд энэ зурвасыг дамжуулж байна. Та бүхний хүчин чармайлтаас бүх зүйл шалтгаална. Та өнөө орой хаана байна, тухайн газраа цаашид байх шаардлагатай. Хатуу арга хэмжээнүүд олон долоо хоногоор үргэлжлэх төлөвтэй байна” гэж бичжээ.
Нөхцөл байдал сайжрах үеэр Ж.Ардерн “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа тодорхой хэлжээ. “Бидэнд аль ч улс орны хүрээгүй байгаа амжилт болох вирусээс бүрэн ангижрах боломж байна” гэж тэрбээр дөрөвдүгээр сарын 16-нд ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
“Засгийн газар зөв дохиог иргэддээ өгсөн” гэж О.Пызик үзэж байна. "Мөн эрүүл мэндээ эн тэргүүнт тавихыг чухалчилсан зурвасыг тогтмол илгээж, Ерөнхий сайд өдөр тутам хэвлэлийн бага хурлаар ард иргэддээ мэдээлэл өгч байсан нь олон нийтийг дүрэм журмаа чандлан мөрдөхөд нөлөөлсөн” гэж тэрбээр хэлсэн байна.
 
Шинжилгээг маш сайн хийсэн
 
Ж.Ардерн өдөрт хийх шинжилгээний тоог 8000-д хүргэж нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн нь хүн амын тоог шинжилгээний тоотой харьцуулсан үзүүлэлтээр дэлхийд дээгүүр бичигдэх хэмжээ байв. Шинэ Зеландад зургаадугаар сарын эхэн үеийн байдлаар 295 мянга орчим хүнд шинжилгээ хийгээд байсан нь мөн л дээгүүр жагсах үзүүлэлт байжээ.
 
 
 
 
Засгийн газарт коронавирустэй тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар зөвлөгөө өгөх “Te Punaha Matatini” судалгааны төвийн дарга Шон Хендийн мэдээлснээр, хатуу хөл хорио тогтоосноор халдварын шинэ тохиолдол илрэх үед тусгаарлах шаардлагатай хүмүүсийг илрүүлэх ажиллагааг хөнгөвчилжээ.
 
 
 
О.Пызик ч мөн хөл хорио үр дүнтэй байсан гэдэгт түүнтэй санал нэгджээ. “Олон нийтийг шинжилгээнд хамруулах, ойрын хавьтлуудыг түргэн шуурхай илрүүлэх гэх мэт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөгөө нь халдвараар нас барсан тохиолдлыг хязгаарлахад ихээхэн ач холбогдолтой” гэж тэрбээр хэлсэн байна.
 
Газарзүйн байршил давуу тал болсон
 
Шинэ Зеландын халдвартай тэмцэх үйлсэд тусгаарлагдсан байршил нь мөн давуу талыг олгожээ. Ингэснээр хуурай газраар хиллэдэг орнуудтай харьцуулахад улсдаа нэвтэрч буй хүмүүст илүү сайн хяналт тавьж чадсан байна. Мөн хүн амын нягтрал харьцангуй бага байдаг нь халдвар олон нийтийн дунд тархах эрсдэлийг бууруулжээ.
Харин О.Пызикийн хувьд энэ талаар өөр үзэл бодолтой байна. Цөөн хүн амтай алслагдсан арлын улсын хувьд ч олон нийтийг шинжилгээнд хамруулж, хилийг хааснаар “COVID-19” халдварыг хяналтад авахад хэцүү гэдгийг тэрбээр онцлон хэлжээ.
Гэсэн хэдий ч Шинэ Зеландын жишгийг бусад оронд ашиглаж болохгүй гэсэн үг биш юм. “Хэдийгээр цөөн хүн амтай, алслагдсан байршил нь давуу тал болсон ч түргэн шуурхай арга хэмжээ авахаас эхлүүлээд бусад оронд үлгэр жишээ болох олон зүйл бий” гэж О.Пызик нэмж хэлсэн байна.
Шинэ Зеланд цар тахалтай тэмцэх удирдамжийг чандлан мөрдсөн
 
Засгийн газар шинэ коронавирустэй тэмцэх удирдамжийг чандлан мөрдсөн байна.
 
“Цар тахалтай тэмцэх үндсэн зарчим бол халдварын бүх тохиолдлыг илрүүлж, оношилж, тусгаарлаж, эмчлэхийн зэрэгцээ ойрын бүх хавьтлыг тогтоож, тусгаарлах юм. Энэ бол бүх улс орны хувьд “COVID-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлэх сайн хамгаалалт. Шинэ Зеланд “COVID-19”-ийг ялан дийлсэн нь үүнтэй холбоотой” гэж О.Пызик тайлбарлажээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг