сонин mn
УИХ-ын гишүүн, Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.САРАНГЭРЭЛТЭЙ ярилцлаа.
 
-Монгол Ардын Намын залуу эмэгтэйчүүдийн санаачилгаар үүсгэн байгуулсан холбоог тэргүүлж байгаа эрхмийн хувьд таныг ярилцлагын зочноор урилаа. Та Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны дөрөв дэх ерөнхийлөгч. Энэ эрхэм хүндтэй албыг хүлээн авахдаа хамгийн түрүүнд ямар зүйлийг хийж, бүтээхээр төлөвлөсөн бэ?
 
-Таны асуултад хариулахын өмнө товчхон түүх хэлье. Би 1992 онд Монгол Ардын Намд элсэж, Сонгинохайрхан дүүргээс Нийслэлийн иргэдийн хуралд сонгогдож байлаа. Энэ сонгуулиар хотын депутат гэж нэрлэж байсныг Иргэдийн төлөөлөгч гэдэг болсон. Энэ үеэр буюу 1994 онд улс төрийн намуудын дэргэд ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны төрийн бус байгууллага үндэс сууриа тавьсан байдаг. Үүний нэг нь 27 жилийн түүхтэй Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо юм. 120 мянга гаруй эмэгтэйчүүд, дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагын тэргүүнээр намын удирдлага, эмэгтэйчүүдийнхээ дэмжлэгээр 2019 онд сонгогдсон. Бид нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлаар төр засгийн түвшинд дуу хоолойгоо өргөх, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улам бүр нэмэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, ажлын байр зэрэг чиглэлд ажиллахаар төлөвлөж, үүнтэй уялдсан бүтэц бүрэлдэхүүн, дүрмийн өөрчлөлт хийсэн. Одоо манай холбоо есөн дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн 39 гишүүн, 21 аймаг, есөн дүүрэгт салбартай.
 
Улс төр, төрийн албан дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байдаг. Энэ нь төлөвлөсөн зорьсноо хийж хэрэгжүүлэх боломж юм. Тэгж байж бид бодсон төлөвлөснөө хийж хэрэгжүүлж чадна.
 
Өөрөөр хэлбэл, багаар ажиллах боломжтой болно гэсэн үг. 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд манай эмэгтэйчүүд амжилттай оролцож 11 эмэгтэй гишүүн парламентад сонгогдлоо.Үүнд НАМЭХ-ны гишүүдийн хувь нэмэр асар их байсныг тодотгоё. Салбар холбоо болон зөвлөлийн гишүүд НАМЭХ-Call center-тэй холбогдон идэвхжүүлэлт хийж 39125 хүнтэй баг үүсгэн нэр дэвшигчдээ тойрог бүрд дэмжин ажиллаж, тэдний албан ёсны пэйж хуудасны 1233 мэдээллийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд нийтэд түгээж ажилласан.
Мөн энэ үеэр “Ээжүүд ирээдүйн төлөө” телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэн нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тавьж буй зорилтын талаар олон нийтэд хүргэж ажилласан юм. Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан эмэгтэйчүүд маань иргэдийн хурлыг тэргүүлж, аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагын түвшинд ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын түүхэнд анх удаа дөрвөн эмэгтэй сайд кабинетад орлоо. Агентлагийн захирлаар мөн дөрвөн эмэгтэй томилогдон ажиллаж байна. Бидэнд ийм боломжийг олгож буй намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлдөө талархаж байна. Улс орны хөгжилд удирдлагын түвшинд хүйсийн тэгш байдлыг хангах нь чухал ач холбогдолтой гэдгийг дэлхийн улс орнуудын жишээ харуулж байна.
 
-Салбартаа ажил үйлсээрээ тэргүүлэх эмэгтэйчүүдийг бэлтгэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
 
-Манлайлагч эмэгтэйчүүдийг бэлтгэхэд бид анхаарч ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн манлайллаар Канад улс олон улсад үлгэр дуурайл болдог. Тус улсад гэр бүлийн хүчирхийлэл газар авсан үед эмэгтэйчүүд хүчтэй тэмцэл өрнүүлж тодорхой үр дүнд хүрсэн байдаг. Ер нь аль ч салбарт жендэрийн тэгш байдлыг хангаснаар тогтвортой хөгжил, зөв чиг хандлага бүрэлдэн тогтож улс орон нь хөгждөгийг Скандинавын орнуудын жишээ харуулж байна. Тиймээс нийгмийн харилцааны бүх түвшинд ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог улам бүр нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ хугацаанд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, эмэгтэй гишүүдтэйгээ хамтран “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэдийгээр УИХ-ын түүхэнд хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн байгаа ч энэ тоог нэмэгдүүлэх, улмаар парламентын гадна буй чадварлаг эмэгтэйчүүдэд үүд хаалга нээх үүрэг бидэнд оногдож буй учраас энэ асуудал бидний анхаарлын төвд байх учиртай. НАМЭХ-ноос нийгэм рүү чиглэсэн цөөнгүй ажлыг өнгөрсөн хугацаанд хийлээ. Гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, хүүхдийн эрүүл мэнд зэрэг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.Үүний үр дүнд хүүхдийн байцаагчийн орон тоо 110-аар нэмэгдэж, гэр бүл, хүүхдийн асуудлаарх төсөв нэмэгдлээ. Ингэснээр аймаг, нийслэл, сум, дүүрэг орон нутгийн төсөвтөө хүүхэд хамгаалалд шаардагдах зардлыг суулгаж хуваарилалтад оруулж, хэрэгжүүлэх боломж бүрдсэн юм. Мөн цагдаагийн удирдлагын түвшинд эмэгтэй хүн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нэгжийг удирдах боллоо. ХЗДХЯ-тай бид ойр ажиллаж байна. Архинд донтсон иргэдийг эмчлэх орны хүрэлцээ хангалтгүй байдаг. Х.Нямбаатар сайд энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлд санаачилгатай ажиллаж байгаа. Мөн хүнсний аюулгүй байдлын чиглэлээр “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн”, “Хийжүүлсэн ундааны хэрэглээ-Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Коронавирусийн эсрэг вакцины санхүүжилт Дэлхийн банкны шугамаар шийдэгдэж байна. Вакцинжуулалтын үр дүнд бүх салбарын үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжинэ гэж ойлгож байна. Бидний үйл ажиллагаа ч идэвхжих боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Өнгөрсөн хугацаанд бид 120 мянган гишүүнээ үнэмлэхжүүллээ. Мөн салбаруудаа шаардлагатай туг, тэмдгээр хангалаа. Цаашид ч үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх чиглэлд төв холбооноос салбаруудаа дэмжих төлөвлөгөөтэй байна.
 
ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ҮЛ ТЭВЧИГЧ БОЛГОХОД АНХААРНА
 
-Зорилготой хүн зогсолтгүй урагшилдаг. Та зорьсон ажлынхаа хэдэн хувийг биелүүлээд байна вэ?
 
-Энэ асуултыг холбооны цаашдын зорилго чиглэлийг тодруулж байна гэж ойлголоо. Бид нийгмийн тулгамдсан тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл, архидалттай холбоотой асуудалд анхаарсаар ирсэн. Харамсалтай нь, төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Шулуухан хэлэхэд хүчирхийлэл үйлдэгдэх үед дуугараад л өнгөрөх төдий байна. Хууль тогтоомж, хариуцах байгууллага нь хуулиар тодорхой болчихсон зүйл л дээ. Тиймээс бид хуулийн хэрэгжилтийг шаардаж, шахаж ажиллаж байна. Ер нь бодит нөхцөл байдлаас харахад хүчирхийллийн асуудлыг олон талаас нь харах ёстой. Хүүхдийг багаас нь хүчирхийллийг үл тэвчигч хүмүүжилтэй болгоход бүх түвшинд онцгойлон анхаарч бодит алхам хийх цаг болсон. Тиймээс Боловсролын ерөнхий хуульд манай холбоо тодорхой саналууд хүргүүлж байгаа. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн үндсэн суурь ажилгүйдэл, ядуурлын асуудалд төрийн бодлогоор бодитой ажил хийх ёстой болж байна. Бид энэ чиглэлээр санаачилгатай ажиллаж эхэлсэн. Үндэсний хэмжээнд “Архидалтын эсрэг-Ажлын байр” хөдөлгөөн өрнүүлэхээр зорьж байна.
НАМЭХ-ны үйл ажиллагаа эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг хангахад гишүүд дэмжигчдээ оролцуулах, УИХ, Засгийн газрын бодлого шийдвэрийг боловсруулахад санал хүргүүлэх, хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох, сургалт зохион байгуулах, иргэний нийгэм, олон улсын байгууллага, гадаад, дотоодын болон бусад байгууллагатай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд чиглэдэг. 27 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж улс орон, улс төрийн ууган хүчний хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн энэ байгууллагыг М.Алтай, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа нар амжилттай удирдаж ирснийг энд онцлон хэлэхийг хүсэж байна.
 
100 ЭМЭГТЭЙГ АЛДАРШУУЛЖ, “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛНЭ
 
-Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын 100 жилийн ойн босгон дээр бид ярилцаж байна. Намын дэргэдэх төрийн бус байгууллагын хувьд түүхэн ойн баяртаа зориулан ямар ажил хийх вэ. Мэдээж, танай холбоонд Монголын мянга мянган эмэгтэйчүүдийн үлгэр дуурайл болсон эрхмүүд бий. Тэдгээрээс гадна эгэл жирийн гишүүдэд хандсан, тэдэнд хүрсэн ямар ажлыг түүхэн ойн баяраараа зохион байгуулах вэ?
 
-Бид гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настан руу чиглэсэн нийгмийн тулгамдсан асуудалд чиглэж ажиллаж байна. Цаашид ажилтай, орлоготой айл өрхийн төлөө төвлөрч ажиллана. Судалгааны ажлыг ид хийж байна. Монгол Ардын Намын 100 жилийн түүх бол улс орны маань түүх юм. Энэ түүхэнд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг их гэдгийг түүх өгүүлдэг. Энэ сарын 6-нд Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 17 жил удирдсан Н.Янжмаагийн мэндэлсний 128 жилийн ой тохиолоо. Тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, төр нийгмийн зүтгэлтэн байсан юм. Н.Янжмаа 1924 онд “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэй, Азийн эмэгтэйчүүдийн анхдагч байгууллагын үндэс суурийг тавьж улмаар эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, ахуйн соёл нэвтрүүлэх асар том ажлыг манлайлж байжээ. Нийт эмэгтэйчүүдийн гуравны нэгийг бичиг үсэгтэй болгосон гавьяа түүнийх. Н.Янжмаа гуай 1930 онд нийслэл Хүрээнд анхны хүүхдийн цэцэрлэг байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлж байсан түүхтэй. Н.Янжмаа нийгмийн нэрт зүтгэлтний зэрэгцээ өөрийн хань их жанжин Д.Сүхбаатарын хувьсгалт үйл хэрэгт гар бие оролцож явсан тууштай эх орончдын нэг юм. Их жанжны гэргий тэрбээр XX зууны эгэл жирийн эмэгтэйчүүдийг эрдэм мэдлэг, эрх чөлөөтэй иргэн болж төлөвших эхлэлийг тавьсан төр, нийгмийн зүтгэлтэн билээ.
 
Бид 100 жилийн түүхэн ой, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан таван үйл ажиллагаа зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулан бэлтгэлээ базааж байна. Улс орон, улс төрийн ууган хүчний хөгжлийн 100 жилийн түүхэнд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүргийг хүүхэд залуучууд, олон нийтэд хүргэхэд чиглэсэн “Тусгаар тогтнол ба эмэгтэйчүүд” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлах гэж байна.
 
Мөн 100 эмэгтэйг алдаршуулж, хүндэтгэл үзүүлэх “Зууныг бүтээлцсэн эмэгтэйчүүд” үйл ажиллагаа зохион байгуулна. Нийгмийн амьдралын бүх түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахын ач холбогдлын талаар олон нийт рүү чиглэсэн “Жендэр ба хөгжил” хэлэлцүүлэг өрнүүлнэ. Түүнчлэн “ “COVID-19” цар тахлын үед эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр ярилцахын зэрэгцээ эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгаа хийхээр төлөвлөж байна.
 
-Бид цар тахлын хүнд үеийг нийтээрээ эрүүл энх, хохирол багатай даван туулахын төлөө хичээж байна. Ийм хүнд үед холбооны гишүүд хэрхэн ажиллаж байгаа бол?
 
-“COVID-19”-тэй холбоотой дэлхийн бүх улс орон эдийн засгийн уналтад орж байна. Энэ нь манай улсыг ч тойрсонгүй. Засгийн газар энэ хүнд үед ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн боломжтой бүхий л арга хэмжээг шат дараатай авсаар ирсэн. Цаашид ч тодорхой алхам хийх байх. У.Хүрэлсүх Ерөнхий сайд тооцоо судалгаа хийх үүрэг даалгавар холбогдох хүмүүст өгч байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар маш тодорхой мэдэгдэл хийчихлээ шүү дээ. Бид гадаад, дотоод сургалт, хөдөө орон нутагт хүрч ажиллах гээд олон ажил төлөвлөсөн. Коронавирустэй холбоотой зарим нь хойшилсон ч вакцинжуулалтын дараа нөхөж зохион байгуулна. Улмаар салбар холбоогоо идэвхжүүлэх, бодит үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа маань нэлээд урагштай явж байна. НАМЭХ-ны удирдлага, гишүүд рүү чиглэсэн манлайллын талаарх онлайн сургалт тогтмол хийж байна. Манай гишүүд амны хаалт хомсдолтой байсан үед бүх салбар холбоогоороо нэгдэн гуравхан хоногт 30 мянган амны хаалт оёж эрүүл мэндийн байгууллагад хандивласан бахархам үйлсийг өнөөдөр давтан хэлэхэд сайхан байна. Одоо ч эмэгтэйчүүд маань халдвар хамгааллын талаар сошиал орчинд олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаа тасралтгүй хийж манлайлж байна. Зуун жилийн ойн хүрээнд “ “COVID -19” цар тахлын үед эмэгтэйчүүдийн манлайлал” хэлэлцүүлэг хийх буйн учир нь яг энэ цаг үед эмэгтэйчүүд дийлэнх нь байдаг худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа зогсонги байдалд орж орлогогүй болох, ажлын байраа алдах, хүчирхийлэлд өртөх зэрэг олон сөрөг үр дагавар зэрэгцэж байна. Тиймээс бид олон улсын туршлага судлах, эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлд дуу хоолой болох, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд төвлөрүүлэх зорилготой ажиллаж байгаа юм.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин