sonin.mn


Гуравдугаар сарын 18-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Дяо-Юйтай төрийн зочид буудалд Хятад улсад айлчлал хийж буй Туркменистаны Үндэсний удирдагч, Ардын зөвлөлийн дарга Гурбангулы Бердымухамедовтэй уулзалт хийжээ.


Ши Жиньпин хэлэхдээ, саяхан Хятадын хоёр чуулган амжилттай хуралдаж, “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Хятад улс социалист орчин үеийн шинэчлэлийг үндсэндээ бүрэн хэрэгжүүлэхэд бат бөх суурь тавьж байгаа. Мөн дэлхийн бусад улс орнуудад ч эерэг үр өгөөж авчрах болно.




Туркменистан улс тусгаар тогтносноос хойших 35 жилийн хугацаанд өөрийн онцлогт нийцсэн, бие даасан хөгжлийн замналаар амжилттай замнасаар ирсэн. Морин жилийн эхэнд Хятадын тал Туркменистантай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөгжлийн боломжийг хамтдаа хуваалцан, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг улам гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.



Гурбангулы Бердымухамедов хэлэхдээ, Хятад улсад айлчилж байгаадаа маш их баяртай байна. Хятадын хоёр чуулган амжилттай зохиогдож, улс орны бүхий л салбарын хөгжилд чиглэсэн чухал шийдвэр, бодлогын зохицуулалтыг баталсныг өндрөөр үнэлж байна. Хятадын хөгжил дэвшил нь дэлхий нийтэд үр өгөөжөө өгч буй бөгөөд Хятад сайн байвал дэлхий илүү сайн сайхан болно. Ши Жиньпин даргын биечлэн дэмжиж, ахалсны үр дүнд Туркменистан, Хятадын найрсаг харилцаа түргэн, тогтвортой хөгжиж, хууль тогтоох байгууллага болон улс төрийн намуудын харилцаа идэвхжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа улам баяжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн өндөр түвшинд хүрсэн юм.




Хоёр орны хамтын ажиллагаа нь эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал эерэг нөлөөлөл үзүүлж, ард иргэдийн урт хугацааны ашиг сонирхолд нийцэж байна. Туркменистаны тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятадын талтай хөгжлийн стратегиа уялдуулан, эрчим хүч, худалдаа, харилцан холболт зэрэг салбар дахь бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтдаа хөгжил цэцэглэлтэд хүрч, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамтран бэхжүүлэхэд бэлэн байна гэсэн байна.


Г.Бямба