sonin.mn

Африкийн цомын тэмцээний финалд Мароккогийн багтай тоглосон Сенегалын шигшээ багт техникийн ялагдал өгсөн тухай Африкийн хөл бөмбөгийн холбооны /CAF/ Давж заалдах шатны хороо мэдэгдлээ.


Уг тоглолт нэгдүгээр сарын 18-нд Марокко болж, Сенегалын баг нэмэлт цагт 1:0 харьцаагаар хожсон юм. Тоглолтын II үеийн нэмэлт цагт шүүгч Сенегалын хаалганд торгуулийн цохилт заасан бөгөөд шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн сенегалчууд талбайг орхин явсан байна.


Хэсэг хугацааны дараа Сенегалын тоглогч Садио Мане бусдыгаа талбайд уриалан авчирчээ. Үүний дараа Мароккогийн шигшээгийн хагас хамгаалагч Браим Диас торгуулийн цохилтыг гүйцэтгэсэн боловч Сенегалын хаалгач Эдуар Менди бөмбөгийг амжилттай хаасан байна. Улмаар тоглолтын нэмэлт цагт Сенегалын багийн Пап Гейе гоол оруулжээ.


“Африкийн хөл бөмбөгийн холбооны Давж заалдах шатны хорооноос Африкийн цомын тэмцээний дүрмийн 84 дүгээр заалтын дагуу Сенегалын багт техникийн ялагдал өгч, Мароккогийн баг 3:0 харьцаагаар ялсан хэмээн тооцлоо” гэж тус хорооны мэдэгдэлд дурдсан байна.


Түүнчлэн Мароккогийн шигшээ багийн хагас хамгаалагч Исмаэл Сайбаригийн хоёр тоглолтод оролцох эрхийг хасжээ. Мөн бөмбөг зөөгч хүүхдүүдийн үйлдэлтэй холбоотойгоор Мароккогийн шигшээд ногдуулсан торгуулийг 50 мянган доллар болгож бууруулсан байна. Харин мароккочууд VAR системийн бүс рүү нэвтэрсний учир ногдуулсан 100 мянган долларын торгуулийг хэвээр үлдээжээ. Давж заалдах шатны хорооны шийдвэр гарснаар Мароккогийн шигшээ баг Африкийн цомын тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж байна. Ташрамд дурдахад, ДАШТ-2026 эхлэхээс гурван сарын өмнө буюу энэ сарын 5-нд тус багийн ахлах дасгалжуулагч Валид Реграги огцорч, түүний оронд Мохамед Уахби томилогджээ. 



Б.Адъяахүү