Ханиад хүрэн, хамар битүүрч эхлэнгүүт цэгийн иллэг хийх юм бол үнэхээр тус болдог. Би иллэгээр өөрийгөө их эртнээс, бүр 30 жил эмчилж байна. Дусаалга ер хэрэглэдэггүй. Хамгийн гол нь цаг алдаж л болохгүй.
 
 
Жаахан л оройтох юм бол чөлөөтэй амьсгалдаг болохын тулд хамаагүй илүү их хүч чармайлт гаргах хэрэгтэй болно. Эхний хос хоёр цэг хамрын угалзын хажууд. Цэгүүд дээр хүчтэй боловч, өвдөж хөхрүүлэхээр чанга бус дарахыг хичээдэг. Цэг тус бүрийг тойруулах хөдөлгөөнөөр 9 удаа дарна.
 
 
Барууныг нь баруун гарынхаа долоовор хуруугаар, зүүн цэгийг зүүн гараараа нэг зэрэг. Дараа нь хоёр хөмсөгний хооронд байдаг хоёр цэгрүү шилждэг. Тэгээд хоёр нүдээ тойруулан долоовор хуруунуудаараа илж биш, товшилж иллэг хийнэ.
 
 
Хамраасаа эхлээд, хөмсөгрүү дээшлүүлээд, нүднээсээ доош буулган, хамарлуу хүргэж, цагираг зурах мэт болдог. Дараа нь чихнийхээ омгийг илж, хамар, дээд уруулын завсар орших цэгрүү шилжинэ. Дараагийн цэг доод уруул дор, эрүүн дээр байрладаг. Тэгээд эцсийн цэг хоёр гарын эрхий долоовор хурууны уг хооронд байдаг.
 
 
Иллэг хийдэг болсноос хойшхи бүх жилүүдэд ханиад огт хүрч байгаагүй гэж хэлж чадахгүй ч, залхууралгүй урьдчилан сэргийлэх үүднээс хийж байх юм бол иллэг үргэлж тус болж байсан. Харин нэгэнт ханиад хүрчих юм бол иллэг хийхээс гадна эмийн ургамлууд хандалж цай шиг уудаг.
 
 
Ургамлын цайнд заавал тавилгана (лабазник) оруулж, дээрээс нь элхарш (мать-и-мачеха), таван салаа (подорожник), ямаан бургасны (ива козья) холтос, хөвөн оройт (кипрей), багваахай цэцгийн (одуванчик) үндэс, навч, бүднээн сүүл (спорыш), алирс (брусника), хусны (берёза) навч зэргээс тухайн үед гар дор байснаас нэмнэ.
 
 
Ургамлын хандыг багваахай цэцэг, нохойн хошууны дэдэг, тавилгана, хөвөн оройтын цэцгээр хийсэн балтай хамт уудаг. Багваахай цэцгээр бал хийх жор их гардаг. Харин би туршилт хийхээр шийдэж, өөр цэцгүүдээр чанаж үзлээ.
 
 
Өнөөх жор нь энэ байна: 400 ширхэг багваахай цэцгийн толгойг 24 цаг усанд сойно. Усыг нь шахаж аваад, тогоонд хийж, дээрээс нь 0.5 л ус нэмээд, 1 цайны халбага нимбэгний хүчил нэмэн, 15 минут буцалгаж хөргөн цэцгийг нь шахаж авдаг.
 
 
Энэ уусмалд 1 кг элсэн чихэр нэмж зөөлөн гал дээр 1 цаг чанана. Ургамлын хандуудыг өдөрт 3 удаа 0.5 стаканаар уудаг. 1 хоолны халбага түүхий эд дээр стакан буцалсан ус хийн хагас цаг идээшүүлээд, уухад болно. (Порвина Р.А.)
 
 
Эх сурвалж: “Анагаах арга билэг” сонин