sonin.mn

 

Буган хөшөө бол Төв ази болон Европын зарим нэг бүс нутагт тархсан, хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршин суугч нүүдэлч ард түмний түүх, соёлын гайхамшигтай дурсгалын нэг билээ. Гонзгой чулууг засч ихэнхдээ сүрлэг бугыг уран гоёмсгоор, загварчлан дүрсэлдэг учраас "буган хөшөө" хэмээн нэрлэдэг.
 
 
Мөн хөшөөнөө бүс, зэр зэвсэг, толь, бамбай, хүзүүний зүүлт, дугуй цагираг сүйх, зарим тохиолдолд титэм /малгай/ дүрсэлсэн байна. Ихэнх буган хөшөөнд бугыг уран гоёмсгоор, загварчлан дүрсэлсэн байдаг бол зарим буган хөшөөнд буга, гахай, адуу, зээр зэрэг амьтныг бодитойгоор дүрсэлсэн байдаг.
 
 
Харин зарим буган хөшөөнд огт амьтны дүрс байхгүй зөвхөн бүс, хүзүүний зүүлт, зэр зэвсэг, сүйх зэргийг дүрсэлсэн нь бий. Буган хөшөө нь утга зүй, зориулалтаараа оршуулга, тахилгын зан үйл бүхий хиргисүүртэй хамт орших цогцолбор дурсгал бөгөөд дийлэнх судлаачид хөшөөний илэрхийллийг хүнтэй холбоотой хөшөө дурсгал гэдэг үзлийг баримталж байдаг.
 
 
Тодруулбал: "оршуулсан дайчин цэргийн хөшөө", "дайчин эр", "язгууртан удирдагч хүний дүр", "хүний сүнслэг бие дүр" хэмээн үзэж байна.Үүнийгч буган хөшөөний хэлбэр дүрслэлийн агуулга нь нотолдог.
 
 
Ази, Европ тивийн хээр талын бүс нутагт хүрэл, төмөр зэвсгийн түрүү үед өргөн тархсан түүх, соёлын гайхамшигтай дурсгал болох буган хөшөөг эрдэмтэд 100 орчим жилийн тэртээгээс судалж 700 орчим буган хөшөө олдоод байна.
 
 
Энэхүү дурсгалын үүсэл тархалтын төв нь болох Монгол улсын нутагт 550 орчим нь байдаг бол үүний 168 ширхэг буган хөшөө нь Архангай аймгийн нутагт байна. Буган хөшөө нь тал хөндий, уулын бэлд юмуу жижиг уул толгойн орой дээр ганц нэгээрээ эсхүүл нэг доор хэд хэдээрээ тохиолддог.
 
 
Архангай аймгийн нутаг дахь нийт буган хөшөөний 90 гаруй хувь нь Тамир, Хануй, Орхон голын хөндийгөөр байршиж байна. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Жаргалантын ам гэдэг газар орших цогцолбор дурсгал бол одоогоос 3000 гаруй жилийн тэртээд байгуулагдсан асар том тахилгын байгууламж бөгөөд одоогоор Төв Азийн хамгийн том буган хөшөөд бүхий тахилгын газар юм.
 
 
Үүнтэй төстэй Батцэнгэл сумын Шивэртийн ам, Ихтамир сумын Цацын дэнж зэрэг томоохон цогцолбор дурсгалуудыг нэрлэж болох юм. Архангай аймгийн нутгаас олдсон буган хөшөөдийг түүн дээрх дүрслэлийн онцлогийг харьцуулан үзэхэд буган хөшөөний гол дүр болох бугын загварчилсан дүрслэл бүхий хөшөөд зонхилохоос гадна амьтны бодит дүрстэй, мөн буган хөшөөнд цөөн тоогоор тохиолддог хүний нүүрийг дүрсэлсэн зэрэг олон янз байдал нэлээд тааралдаж байдаг.
 
 
Архангай аймгийн музей
 
Эх сурвалж: “Архангайн амьдрал” сонин