sonin.mn

Д.Даваа-Очир ах нас барж гэнэ ээ. Үгэн цахилгаан Даваа-Очирыг нас барсанд биш үлдэж буй нутгийн минь хөх өвгөн С.Дашдорж хай нүдэнд үзэгдэж нулимсанд нурав. Хэдхэн хоногийн өмнө анд минь ийн одож бас л нэг хөх өвгөн Ж.Ичинхорлоо гуай маань нурж байсан нь бодогдов. Үйлийн үрийг дагаж бус сөрж бардаг хатуухан хорвоо ажээ. Ийн сэтгэлээ зумлахуй хүүхэд нас хажуу дэргэд айлсан хөх өвгөдийн тухай дурсамж хөвөрсөөр гоонотыг минь тойрно.

Нутгийн минь евгөд... Хүглийсэн хөх хөвч шигээ хөх өвгөд биднийг багад хоймор дүүрэн ханхайлдаж байдаг сан. Өнөө ховордсоор. Ёстой л өнөөх улаан номын амьтад шиг л болж байна шүү. Хааяа хазайхын цагтаа тэднээ үгүйлэн тэд минь байсан бол яах байсан бол доо гэж сэтгэлдээ асуулт ургуулан хариултын, зөв хариултын эрэлд морддог шүү.

Хэний хүүхэд хэн байсан ч ялгаагүй бурууг л хийсэн бол чөдрийн ором, шилбүүрийн гурвитай үлдээдэг байсан нутгийн минь хөх өвгөд. Хүүхэд насны гэнэн сэтгэлд тодхон үлдсэнээс тэр үү их л том ханхайлдсан уул шиг л хөх өвгөд Дондойн Цэвээн, Нямын Цэвэгдорж буюу Молион өвгөн, Хаминдаа Базар, Мохоол Дэлэг, Юндэн Пэрэнлэй ах, Баавгай Даш, Намын ухуулагч Гарамханд хай, Тахарын Цэвээнсүрэн, эрдмийн их уурхай болсон /энэ тухайд нь сүүлд л мэдсэн юм даг/ Дандаржав гуай, Хоршоо Ядамсүрэн авга за тэгээд олон доо олон...

Ранжууртаны толгой байсан гэхэд болох П.Ядамсүрэн авгыг байхад манайхан нэг удирдлагатай, нэг сэтгэлтэй    байсан санагддаг юм. Угсаатны удирдагч аксагал байсан юм уу даа. Тамхи татсан хэрэгтэй Ё.Цэдэн ахад хүү Батаагийнх нь хамт гувруу гүйтлээ шавхуурдуулж байснаа, гэрт нь буу алдсаны улмаас Ю.Пэрэнлэй ахад чөдөрдүүлж байснаа, тэр бүрийд аав минь өмөөрөх үг нэг ч дуугарахгүй харин ч намайг буруушаасан байдалтай байхад аавдаа их л гомддог байж билээ.

Муу аав, хүүгээ өмөөрдөггүй гээд л... Өнее бодоод байхнээ нь хүнээс үг дуулж сурсан нь нутгийн өвгөдийн минь буян байсанд талархавч ханашгүй    бөлгөө.

Хаслигийн эрэгт тамхилчихаад тэндээ нууж байсан тамхиа хаясаан, Цэдэн ах минь. Тэр гэсээр тэнгэр лүү бүү хэл амьтан руу ч бууны ам шагайлгүй өдийг хүрсээн, Пэрэнлэй ах минь. Ранжууртаны голомтыг нэр төртэй авч явахын сэтгэлээр 40 хүрч ухаан сууж, 44-тэй өвөө болон бусдын дор орохгүйн зүтгэлээр оюунаа хурцлан бүтээлээ туурвин галтай яваа шүү, П.Ядамсүрэн авга минь. Хаа хааяахан хачин их үгүйлэгдэх нутгийн хөх өвгөд минь, та нарынхаа энтэй өвгөн болно гэхэд хөх инээд минь хүрч өөрөөсөө ичин явнам даа.

Олон олон буруугийн хажуугаар дуугүй өнгөрч, олон олон нүглийн хажуугаар нүдээ анин алхалж, олон олон нүгэлд нүд хийгээд гараа дүрж, олон олон алдааг та нарынхаа өмнө үйлдэн 45 насыг элээсэн байнам. Эргэн бодоод байхнээ нь өчүүхэн хүүд нь нутгийн хөх өвгөн болох нүүр үгүй ажээ. Гэхдээ уран бүтээлчийн буулганд сэтгэл зоригоо мэдүүлж 20 гаруй жилийг үдсэнийх бусдаас багахан нүгэл үйлдэх шалтгаан болсон байх гэдэгт итгэн омог бардам байвч дуугүй өнгөрч байсан, өнгөрсөөр ч байх аминчхан хүслээ бодохоор ийн нүүр халах ажээ.

Би нутгийнхаа хэн нэгнүүдэд нутгийн минь ханхар хөх өвгөд ховордоод байгаа талаар хэлэхэд санал нийлдэг ээ. Магадгүй хөх өвгөдийн буурьтай өвгөрч чадахгүй гэсэндээ хөх харчуул маань нарны эртэд буцаад байгаа юм биш байгаа. Багад минь гар хөлийн байтугай хуруунд багтахааргүй олон хөх өвгөд байдаг байсан санагдах юм.

Гэтэл өнөө улам л цөөрч ховордоод гарын арван хуруунд багтахаар болжээ. Магадгүй бид хөх өвгөдийн энтэй насан дээр оччихоод өөрсдийгөө залуу санан өвгөдөө цөөн хэмээн сэтгээд байна уу. Баг бригад бүрт л хөх өвгөд ханхайж байдаг сан. Өнөө алга. Хурх баг, Барх баг, Норовлин баг ганц нэгхэн өвгөд л тоологдох аж. Онон багт харин ч эсрэгээрээ хэдэн сайхан хөх өвгөд байна аа.

Цэдэндорж хай, Дугар баавай, Борвоо дархан, Дашдорж хай, Жаргалжав хай байна аа байна. Байхдаа чөдрийн оромтой шилбүүрийн гуривтай харахад
бараатай, хажууд нь байхад нөмөртэй, халдаж ойртоход айдас дагуулсан нутгийн хөх өвгөд уул шиг өвгөдөө үгүйлэх минь ихсээд та нарынхаа араас очих дараалалд нэг мэдэхэд орж магнайд нь гарчихсан байх юм.

Сум орон нутаг, төрөлх суурингаа хөгжүүлэн дэгжээх хүслийн үзүүр сүүнд дүрээстэй хэдий ч ханхархан өвгөдийн минь ухааны сум энэ өдрүүдэд хичнээн    ихээр үгүйлэгдэнэ вэ. Эрьеэтэйхэн Онон, Эгэеэ хэжин адуу хүлэглэсэн уулс бурхад нүүж л яваа харагддаг сан. Та нарынхаа сэтгэлийн энд хүрч эс чадахдаа итгэлийн үзүүрээ нулимсанд дүрэн ийн бичиглэн сэтгэлээ тайтгаруулж суунам даа. Хөх өвгөд минь...



МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Д.Гансүрэн
Эх сурвалж: "Утга зохиол, урлаг"