-Энэ жил таны хувьд амжилт бүтээлийн арвин ургацтай жил болж байна. Яруу найрагчдын онгод хөглөгддөг хавар, зуны улиралд хэр олз омогтой явна вэ?
 
-2013 он миний хувьд онцгой жил болж байна. МУСГЗ гэсэн энэ эрхэм гавьяа шагналыг авсандаа туйлын баяртай байгаа. Тиймдээ ч 10 гаруй жилийн дараа хийсэн "Миний дуу-Миний аз жаргал" тоглолтоо төрийн дээд шагналынхаа хүндэтгэлийн тоглолт болгосон.
 
 
Мэдээж, ард түмний минь надад хүлээлгэсэн энэ их урам буцаад надаас уран бүтээл болж төрөх учиртай. Удахгүй Унгар улсад миний хайкү шүлгийн ном таван хэл дээр хэвлэгдэх гэж байгаа.
 
 
Энд би 20 гаруй номын эх бэлтгээд явж байна. Тэдгээр номоо зэрэг хэвлүүлэх боломжгүй ч энэ жилдээ багтааж гаргах байх. Ер нь, энэ жилийг номын жил болгох л бодолтой байна даа.
 
 
-Та гавьяа шагналыг залуу насандаа авах хэрэгтэй гэж үздэг үү. Аль эсвэл залуу насандаа хийсэн бүтээсэн зүйлийнхээ үр шимийг хижээл насандаа үнэлүүлэх нь зөв гэж боддог уу?
 
-Аливаа шагнал урамшил эртэддэггүй гэж боддог. Харин нүдээ л олох хэрэгтэй. Үнэхээр л өгөх ёстой хүнд нь өгч чадаж байвал аль болох эрт өгч байх хэрэгтэй. Залуу насандаа шагнал аваад түүндээ улам урамшиж гайхамшигтай амжилт гаргаж байсан жишээ олон бий.
 
 
Тухайлбал, Б.Лхагвасүрэнгийн анхны номд нь төрийн шагнал өгч байсан. Улсын наадамд барилдаж байсан залуу бөхийг том цолтнууд амалж аваад улсын цолтой болгосны ачаар их амжилт гаргасан түүх ч бий. Ингээд бодохоор зарим хүндээ шагнал хэтэрхий оройтдог.
 
 
Миний хувьд олон мундаг хүнээс түрүүлж энэ алдарыг хүртсэндээ ичих үе ч гардаг. Би шагнал авсныхаа дараа багштайгаа уулзаад "Таны өмнө ийм том шагнал авсандаа ичиж байна" гэхэд "Одоо цагт ичих хүн байхгүй болсон шүү дээ" гэж багш маань хэлсэн. Нээрэн л олон хүнээс өмнө төрийн шагнал авсан залуус маань ичиж байна уу үгүй юу.
 
 
-Туурвисан уран бүтээл, хэлж ярьж байгаа үзэл санаанаас тань Монгол гэсэн үндэсний үзэл ханхлах шиг болдог. Орчин цагийн Монгол залуусыг ямар байгаасай гэж боддог вэ?
 
-Монгол хүн байсан цагт Монгол ёс заншил, түүх соёл, сэтгэлгээ устахгүй ээ. Гагцхүү түүнийг ямар нүдээр, яаж харах вэ гэдгээс шалтгаална. Уламжлалт сэтгэлгээгээр харах гээд байвал өнөөгийн залуус өв соёлоо их л гээсэн харагдаж байгаа юм.
 
 
Гэхдээ Монгол ёс уламжлал гэдэг царцанги, хөлдөнги хэлбэрт ороод ч юм уу аль эсвэл төгс болоод эцсийн зогсоолдоо оччихсон зүйл биш байхгүй юу. Цаг хугацааны явцад яалт ч үгүй өөрчлөгдөж, шинэчлэгдэж л байх ёстой. Энэ талаас нь харах юм бол өнөөгийн залуусын хэв маяг хэвийн л байна гэж би боддог.
 
 
Үнэндээ, дэлхий өөрөө шинэ болчихсон болохоор Монгол залуус маань ч шинэлэг байх ёстой. Тэр утгаараа би залуусаа буруутгаад байдаггүй. Гэвч "Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ" гэж тунхаглаад байгаа хүмүүс буруутай. Ирээдүй гэдэг бол өчигдөр, өнөөдрөө дөрөөлсөн маргааш байхгүй юу.
 
 
Тийм ч болохоор өнгөрснөө бүр мөсөн хаячихаад байж бас болохгүй. Монгол хүн бүрээс эх орон нь үнэртэх биш ханхалж байх ёстой. Гадны оронд ганцхан Монгол явж байсан ч түүнийг би Монгол эх орон маань явж байна даа л гэж боддог.
 
 
Тийм болохоор хувь хүн ч гэсэн өөрийгөө "Би өөрөө Монгол эх орон юм шүү" гэсэн сэтгэлтэй байх ёстой. Тухайн хүнийг өөрийг нь гэхээсээ илүүтэйгээр "Энэ Монгол явж байна шүү" гэж хэн хүнгүй хардаг учраас тэр шүү дээ. Энэ утгаараа Монгол гэдэг бол зөвхөн хилийн дотор байгаа Монголчууд бишээ. Монгол туургатныг нийтэд нь хамруулан ойлгох ёстой.
 
 
-Өдөрт нэг дуу дууллаа гэж бодоход таны зохиосон дууг яг бүтэн жил дуулж байж дуусах хэмжээний тоотой болжээ. Бас олон төрийн бус байгууллагуудыг толгойлж ажилладаг. Ингэж хөдөлмөрлөснийхөө үр дүнгээс юу хүсч байна вэ?
 
-Нэгдүгээрт би өөрийгөө их эрж хайсан хүн. Одоо ч гэсэн өөрийгөө бүрэн олоогүй л явна. Уран бүтээлийнхээ хажуугаар ингэж олон төрийн бус байгууллагад ажиллаж байгаа минь ч өөрийгөө олох гэж оролдож буйн нэг хэлбэр л юм болов уу.
 
 
Би "Улаанбаатар таймс" сонинд ажиллаж байхдаа нэг хэсэг 32 сонгуульт ажилтай байсан. Гэхдээ хэлбэр нь олон болохоос би цомхон хэдэн салбарт ажилласан хүн шүү дээ. Багш, утга зохиолч, сэтгүүлч гээд л. Миний хийсэн ажлын оргил нь Монголын уламжлалын нэгдсэн намын дарга юм.
 
 
Миний үндсэн мэргэжил бол утга зохиолын шүүмжлэгч. "Дуу бол хүний сэтгэлд хүрэх хамгийн дөт зам юм" гэж би хэлдэг. Мэдээж уран бүтээлч хүн бүр л уран бүтээлээ ард олны сэтгэлд хүргэхийг хичээдэг байх, Би 1990 оноос хойш дуу зохиосон. Гэхдээ сүүлийн гурван жилд дууны үг бараг бичсэнгүй.
 
 
-Яагаад?
 
-Нэг хэсэг би дууны үгийг маш хурдан бичээд эхэлсэн. Ердөө л 10 минутын дотор нэг дууны шүлэг гараас гаргаж байгаа юм чинь. Тэгээд л "Би ер нь болохгүй болж байгаа юм байна даа" гэж бодоод л больчихсон.
 
 
-Ярианаас тань ажаад байхад та өөрийгөө дүгнэж, цэгнзж, хийсэн зүйлээ эргэж харж байх дуртай хүн юм шиг?
 
-Хүн өөрөө өөртөө хяналт тавьж байх хэрэгтэй. Хамгийн том хяналт бол өөрийн хяналт юм шүү дээ. Би болж байна гээд л дэврээд байвал болохгүй болж байгаагийн шинж. Би өөрөө хэл бичгийн ухааны доктор болохоор ч тэр үү үргэлж өөртөө хяналт тавьж, эргэж харж байдаг.
 
 
-Уран бүтээлүүд тань Хүрэлбаатар гэж хүний дотоод сэтгэлийг бүрэн илэрхийлж чаддагуу. Хүний сэтгэлийг уяраасан олон дуу зохиодог  гээд бодохоор уяхан хүн юм шиг?
 
-Би нэг удаа "Би бол ингэн тэмээ шиг уяхан хүн" гэж ярилцлага өгч байсан санагдана. Намайг гаднаас нь харахад өөр байж болох юм. Гэхдээ уран бүтээлч хүн бүр уяхан байдаг.
 
 
Тэр бүү хэл архичид ч уяхан. Архичин гэж ад үзэгдээд байдаг хэдий ч уг чанартаа ямар уяхан, сайхан сэтгэлтэй, хүнд "үгүй" гэж хэлж чаддагүй, хүн чанар сайтай хүмүүсийг ингэж сүйрүүлчихээ вэ гэж харамсдаг юм.
 
 
Миний бүтээлийг ганцхан үгээр хэлбэл "Хайр" л юм даа. Эх орноо, ээж ааваа, эхнэр хүүхдээ гээд хайрлаж болох бүхнийг л магтан дуулдаг. Магадгүй энэ бүгд миний сэтгэлд хамгийн ойрхон байдаг юм болов уу.
 
 
-Уран бүтээлийн үнэлэмж манайхны хувьд тааруухан юм болов уу. Сайхан дуу гээд дуулж л байдаг. Энэ дууг яг хэн зохиосон юм бэ гэдгийг нь мэдэх хүн ховор. Жишээ нь, таны зохиосон "Нарны хаан хүүхдүүд " дуу НҮБ-д бүртгэгдсэн байдаг шүү дээ?
 
-Тэр ч үнэн шүү. Энэ миний зохиосон дуу шүү гээд би яриад явалтай нь биш. Л.Балхжав, Т.Ариунаа нар зарлан тунхаглаад байлтай нь биш. НҮБ-ын хүүхдийн асуудлаарх тусгай чуулган тийм ч олон болж байгаагүй л дээ.
 
 
Тус чуулганаас нэг удаа дэлхийн хэмжээнд дууны уралдаан зарлахад нь 40 гаруй дуу шалгарсны дотор "Нарны хаан хүүхдүүд" орсон юм. Тэдгээр дууны концертийг Нью-Йорк хотноо зохион байгуулсан. Тэгэхэд шигшигдсэн 40-өөд дуунаас энэ дуу маань тэргүүлсэн юм.
 
 
Т.Ариунаагийн тоглолтын хэвлэлийн хурал дээр энэ дуу өглөө бүр НҮБ-ын байранд эгшиглэдэг байсныг манай энд суугаа НҮБ-ын суурин төлөөлөгч дурьдаж байсан. Би их баярласан. Гэвч тэр хэвлэлийн хурал дээр байсан сэтгүүлчид өлгөж аваад дэлгэрүүлэн бичих нь бүү хэл хэвлэлийн мэдээндээ ч дурьдаагүй.
 
 
Дараа нь, НҮБ-ээс захиа ирүүлсэн. Тэр захиан дээр ч мөн адил энэ дууны тухай маш сайхан дурьдсан байсан. Гэхдээ энэ дуу маань үүргээ гүйцэтгэсэн уран бүтээл гэж боддог.
 
 
- Хүүхдийн дуу гэснээс та ээжийнхээ дэргэд бол нялхарна биз?
 
-Хүн бүрийн л ээж агуу байдаг. Миний ээж агуу хүн. Одоо ч болохгүй бүтэхгүй зүйл гарвал ээжээсээ л асуудаг юм. Ээж маань одоо 80 гарчихсан сайхан буурал бий. Анх би 1988 онд гадаад руу явсан. Тэгэхэд ээж маань "За миний хүү. Тэр газрын хүмүүсийн иддэг хоолыг л идээрэй.
 
 
Чи их сэжигч хүүхэд шүү битгий сэжиглээрэй. Яагаад вэ гэвэл хүн идэж болдог болохоор л тэр хүмүүс идэж байгаа юм" гэж хэлсэн. Энэ үгийг тухайн үедээ сонсоод л өнгөрсөн ч очсон хойноо ямар агуу зүйл захиа вэ гэдгийг ойлгосон.
 
 
Тавган дээр улаан загасны мах өгч байна. Түүхий юм шиг харагдаад болдоггүй. Гэсэн ч, хүмүүс бүгд идээд байгаа болохоор амандаа хийчихсэн чинь залгиж ч болдоггүй, гаргаж ч болдоггүй. Ээжийнхээ хэлсэн үгийг санаад л залгичихсан. Намайг тэгэж л сайн мэдэж байна шүү дээ ээж минь.
 
 
-Таны хувьд хамгийн жаргалтай үе юу вэ? Магадгүй уран бүтээлээ сонсоод сууж байх нь жаргал байж болох юм?
 
-Миний хувьд нутагтаа очоод, морь унаад л өвөө, эмээ, аав ээжийнхээ явж байсан газраар хонь мал бараадаад явах үнэхээр сайхан байдаг. Яагаад вэ гэхээр тэнд зөвхөн орчлонг л бодох амар амгалан бий. Ямар ч уур бухимдал, стресс байхгүй шүү дээ. Би Шаргын говийн хүүхэд л дээ.
 
 
Нэг удаа хүмүүстэй хамт нутгаараа явж байхдаа голдуу л газар дээр хэвтээд байсан юм билээ. Түүнийг Б.Ганбат ажиглачихаад "Энэ Хүрэлээ чинь газартайгаа их ойрхон хүн юм байна шүү" гэж хэлж байсан. Би түүнийгээ мэдээгүй. Хааяа царцаа ч шаргих чимээгүй газар очоод хэсэгхэн суух юмсан гэж бодох үе гардаг шүү.
 
 
Би саяхан Энэтхэг рүү анх удаа явж, Дарамсалад очиж Далай багштай уулзаад ирлээ. Ингэж явахдаа Монголын газар шороон дээр хүн болж төрснөөрөө л үнэхээр бахархаж байлаа. Тэнд хөгжил, шашин шүтлэг, ядуу баяны туйл гээд бүхий л зүйл байна.
 
 
Гэвч агаар, ус, цаг агаарын нөхцөл үнэхээр хэцүү юм билээ. "Халуун элгэн нутаг" дуунд "Сэрүүн салхи сэвэлзэн хацар нүүрийг илбэн байна" гээд үг байдаг даа. Бидний эх орон ямар сайхан эрүүл салхитай юм бэ гэж бодсон.
 
 
-Хүн бүр л төв халх хэлээр ярих ёстой гэсэн бичигдээгүй дүрэм байдгаас болж зарим ястны хэл, аялга устах тал руугаа яваад байх шиг. Хэл бичгийн ухааны доктор хүний хувьд орчин цагийн Монгол хэлийг ямар хэмжээнд байна гэж үздэг вэ?
 
-Тэр бол социализмын үеийн айхтар том туйлширал л даа. Бид муу хэлээд байдаг ч гэсэн Өвөрмонголд явж байхад Харчин нь харчинаараа, Дөрвөд нь дөрвөдөөрөө, Байран нь байран аялгаараа л ярьж байна шүү дээ. Түүнийг нь хэн ч дооглодоггүй. Харин ч тэгж ярьж байгаагаараа бахархацгаадаг.
 
 
Гэтэл манайд байгаа үндэстнүүдийг нэг хэв маягт оруулаад журамлачихсан. Энэ талаараа том алдаатай байна. Харин сүүлийн үед ялангуяа халхжсан дөрвөдүүд өөрийн аялгаараа ярьж байна. Жишээ нь, УИХ-ын зарим гишүүд. Үүнийг сайшаалтай.
 
 
Нөгөөтэйгүүр Монгол бичиг маань өөрөө агуу соёл. Энэ бичигт бүх үндэстэн  ястныхаа хэл аялгыг шингээгээд өгчихсөн байдаг. Өвөг дээдэс маань ийм л сайхан зүйлийг өвлүүлсэн байхад заавал төв халх хэлээр ярих гээд байх шаардлагагүй л дээ. Яахав албан бичгийн хэлэндээ л ашиглана биз.
 
 
-Бага насныхаа дурсамжаас хуваалцаач ?
 
-Миний бага нас бол аяллын нас байсан. Би арван жилд сурч байхдаа Завхан, Сэлэнгэ, Зүүнхараа гээд олон газраар явсан. Аав маань л хэдэн хүүхэддээ газар үзүүлэх гэж тэгж явдаг байсан юм билээ. Байсхийгээд л өөр орчин, өөр хүмүүсийн дунд дасан зохицож сурна гэдэг надад их туршлага болсон.
 
 
Хамгийн сүүлд 9-10 дугаар ангиа Толгойтын 12 дугаар дунд сургуульд дүүргэсэн. Шилжилт хөдөлгөөн ид хаалттай байсан тэр үед юм үзэж нүд тайлчихсан хүүхэд чинь үеийнхнээсээ хавьгүй өөр болж байгаа юм. Тийм болохоор аавдаа их баярладаг. Бид ээж ааваас арвуулаа. Олон хүүхдийг бие даалгаж сургахын тулд л аав ээж маань тэгж ухаан сийлдэг байж.
 
 
-Зүүнхараа, Толгойт гээд л номын дуутай зэрэгцэх галт тэрэгний дуугаар сонороо мялааж өсөж дээ?
 
-Долдугаар ангид орохдоо анх галт тэргэнд аавтайгаа сууж Зүүнхараад очсноор төмөр замтай би танилцсан юм. Тэр цагаас хойш ачааны вагонд хүртэл суугаад явдаг л байлаа. Төмөр замд үнэхээр гайхамшигтай амьдрал цогцолж байдаг юм билээ.
 
 
Тэнд шинэ соёл, шинэ ахуй байдал гээд арай л өөр хэв маяг байдаг нь мэдрэгдсэн. Намайг долдугаар ангид байхад "Ган зам" гэдэг дуу гарч байсан. Тэгэхэд би "хүмүүс төмөр зам гэж хэлж байхад яруу найрагч яаж ган зам гээд олоод биччихэв ээ" гэж бодож байсан.
 
 
Үнэхээр гангаар хийсэн зам дээрээс нь ганбат найрамдлын илэрхийллийг яруу найрагч хүн ийм сайхан гаргаад хэлчихэж болдог юм байна гэж биширч байсан. Би ид шүлэг бичиж байх үедээ "тэтгэвэртээ гарчихаад, төмөр замын нэг өртөөнд очоод л шүлэг бичиж суух юмсан" гэж мөрөөдөж байсан шүү.
 
 
Б.Дэлгэр
 
Эх сурвалж: "Ганзам" сонин