Улиас модны үр улаан­баатарчуудыг зовоож гүйцэх нь. Өглөө ажилдаа алхаад очъё гэхээр нүд, ам руу модны “хөвөн” ороод амар заяа үзүүлэхгүй.  Машинтай гараад бүх цонхоо хаагаад явахаар  бүгчимдээд болох­гүй. Цонхоо онгойлгочихоор нөгөөх хөвөн ороод ирнэ.
 
Ажил дээрээ очоод суувал цонхоор бөөн бөөнөөрөө чи­хэлдээд ороод ирэх нь тэр.  Энэ нь зүгээр ч нэг гэм хоргүй “хөөс” биш. Цааш­лаад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж  элдэв  харш­­лын өвчний  үндэс суурь болдгийг мэргэжлийн бай­­гууллагуудаас тогтоочи­хоод байгаа.
 
Энэ мэтээр мон­гол хүний эрүүл аюулгүй ор­чинд ажиллаж, амьдрах үндсэн эрх алхам тутамдаа л зөрчигдөх юм даа. Үүнд нийслэлийн ногоон байгууламжийг 70 орчим хувийг бүрдүүлдэг улиасны буруу ч гэж юу байх вэ. Улиасны үр ганцхан энэ жил гарч ирээд олны дургүйг хүргээд байгаа зүйл биш. 
 
Жил бүр л иймэрхүү байдалтай байдаг. Зарим жил гайгүй байдаг нь тайралтыг цаг хугацаанд нь зөв хийсэнтэй холбоотой аж. Уг нь жил бүр хийдэг ажлаа мартаж будилна гэж баймааргүй л юм. Тэгэхээр хот тохижилтынхны жаахан залхуурлын уршгаар нийс­­­лэлчүүд  зундаа  нэг  иймэр­­хүү байдалтай амь­дар­даг байж таарах нь.  
 
Яг энэ асуудалтай хол­богдуулан БОНХ-ын Сайдын А-121 тоот албан даалгавар 2013 оны дөрөвдүгээр са­рын 17-нд гарч, бүх аймаг, нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчны газ­руудад явуулсан байдаг. Энэ даалгавар улиас тайрах эхний хугацаанаас хойш гарсан учраас энэ жил их хөвөн ялгарч байгааг зарим хүмүүс хэлж байна. 
 
Улиасны тоос, хөвөн зэр­гийг агаарт тархахаас хэр­хэн сэргийлэх талаар доктор, профессор Б.Санги­дорж “Хавар эрт улиасны эр болох улаан хүрэн өнгөтэй цэцгийг түүж авах хэрэгтэй. Мөн эм цэцгийн ногоон молцгийг ч түүж болно. Ингэхийн тулд улиас модыг хавар эрт нахиалахаас нь өмнө хэлбэржүүлэн тайрах ёстой.
 
Ингэснээр хотын өнгө үзэмжинд ч сайнаар нө­лөөлнө. Биологийн хувьд улиасны тархалтыг нь хязгаарлаж байна гэсэн үг. Гэхдээ Улаанбаатар хот ногоон байгууламж муутай. Тийм учраас байгаа улиас модоо зөв арчлаад, тоог нь нэмэхгүй байх ёстой юм.
 
Чимэглэлийн өөр төрлийн модны тоог нэмбэл хотын өнгө үзэмж, эрүүл ахуйд ч тустай. Улиасыг хотын за­хаар үйлдвэрүүдийн  хорт   утаанаас хамгаалах зорил­гоор таривал зүгээр. Ямар ч мод, сөөг ургамлыг зөв ашиглаж, ургуулах хэ­рэгтэй. Тэгэхгүй бол ногоон байгууламжгүй болох аюул­тай” гэв. 
 
Нэгэнт эм мод тарьсан бол цагаан хөвөн гарах нь зайлшгүй. Нэг ёсондоо үр хаяж байгаа нь тэр. Хөвөн гарч байхад нь эр, эм улиасаа ялгаж тэмдэглэх ёстой. Тэ­гээд үр хаяхгүй байгаа эр модоо   дараа хавар нь хотод авчирч суулгах хэ­рэгтэй.
 
Эр, эм улиасаа та­них­гүй байгаа учир хо­тод эм улиаснууд авчирч та­риад байгаа юм гэдгийг ч мэргэжилтнүүд хэлдэг. Тэгэхээр хотын ногоон байгууламжийг хариуцаж байсан хүмүүс нь модны та­лаарх мэдлэг дутмаг байсан байж.
 
Одоо арчилгаа хийх ёстой нөхөд нь модны ар­чилгаанд зарцуулах мөн­гөнөөс  нь өөрсдөө тогш­чи­хоод гараа хумхиад суусан уу л гэдэг болоод байна даа.
 
Уг нь монголчууд их дууриах дуртай улс сан. Ядаж өмнөд, хойд хөршөө дууриавал Улаан-Үд, Замын-Үүд хотуудад улиасыг жил бүр тайрч их л дэгжин хэлбэрт оруулчихдаг юм билээ. Ажлаа хийж чадахгүй бол ядаж дууриа л даа.
 
 
Эх сурвалж: