Танд тохиолдох таагүй зүйлийг зайлуулж хуурамч найз нөхөд, хараал жатгаас хамгаална.

Бадмаараг нь очир эрдэнийн дараа орох үнэтэй чулуу юм. Бадмаараг нь рубин-улаан гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Энэ үнэт чулуу индраанилтай адилхан нэг төрлийн хөнгөн цагааны ислээс бүрдсэн чулуу боловч индраанил хөх цэнхэр, бадмаараг улаан, улаан ягаан, ягаан өнгөтэй байна. Ийм улаан, ягаан өнгө хромын хольцтой холбоотой.

 

Бадмааргийн орд илрэл дэлхий дээр их цөөхөн байдаг бөгөөд Бирма, Тайланд, Шриланк, Танзани зэрэг улсад их бага янз бүрийн хэмжээгээр бий. Бадмааргийн гол орд Бирма улсын хойд хэсэгт байх бөгөөд нийт олборлосон бадмааргийн дөнгөж 1% орчим нь үнэт чулууны шаардлагыг хангасан байдаг. Бадмаараг маш жижиг хэмжээгээр тааралдана.

Дэлхий дээр хамгийн том хэмжээтэй бадмаараг Бирма улсаас олдсон бөгөөд түүний жин 400 карат байв. Бадмааргийг хонь, нум, арслангийн ордныхон зүүж хэрэглэхэд нэн тохиромжтой. Бадмаараг үнэтэй чулуу учир 30-40 карат жинтэй сайн чанарынх нь гайхамшигт том эрдэнийн чулуунд тооцогдоно.

Томхон хэмжээтэй, чанартай бадмаараг заримдаа очир эрдэнээс ч илүү үнэтэй байдаг. Дэлхийн зах зээлд өнөөдрийн байдлаар 0.5-1.0 карат жинтэй дээд зэрэглэлийн чанартай талст гарган зассан бадмаараг 500-4000 ам. доллар, бага зэрэг чанар муутай бол 300-3000 ам. доллар, бараандуу өнгөтэй бол 85-250 ам. доллар байна.

 

Харин талстгүй шигтгээний 1-5 карат нь чанар байдал, жингээсээ хамаарч 200-2000 ам. доллар байна. Бадмаараг нь агуу зорилгын төлөө тэмүүлэхэд арслангийн хүч, бүргэдийн аймшиггүй зориг сэтгэл, могойн хурц ухааныг өгдөг тул хүний хатан зоригийг бадраана. Танд тохиолдох таагүй зүйлийг зайлуулж хуурамч найз нөхөд, хараалаас хамгаална. Их зүйлийг мөрөөдөж, санаж сэдэж явдаг хүмүүст сайн гэж үздэг.

 

Эх сурвалж: “Алтан чагнуур” сонин