Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий даяар тархсан монгол үндэстнийг түүхэн эх оронд нь дуудаж буйгаа УИХ-ын индэрээс зарлав. Түүний энэ үг үнэхээр ч олон монгол хүний зуу зуун жилийн ариун нандин хүсэл биелэх эхлэл мэт болж билээ. Жирийн монгол ардын “сэтгэл хөдөлж” хөөрчээ.  Ах дүү нараа эх оронд нь яаж ирүүлэх тухай тодорхой саналууд гарч эхлэв. АНУ-д цагаачлах ногоон карт шиг Монголд цагаачлах цэнхэр карт гаргая, давхар иргэншилтэй болъё гэнэ. Манай нэг хөгжмийн зохиолч өвөр монгол малчин айлуудыг яаж нүүлгэж ирэх талаар ч ярьж байна билээ. Энэ бол яах аргагүй ах дүү нараа хурдан авч ирэх юмсан, тэдэнтэйгээ уулзах юмсан гэх монголчуудын цагаан цайлган, гэхдээ агуу том хүсэл билээ. Харамсалтай нь энэ сайхан, цайлган боловч тэнгэрлэг агуу хүсэл, асар их сэтгэл хөдлөлийн цаана нэгэн аймшигтай үйл явц эхэлсэн ажээ.

 

2011 оны зун Өмнөд Солонгосын Мүүний шашныхан Монголд өөрийн шашин нэвтрэн орж ирснийг тэмдэглэж, улсынх нь ерөнхийлөгчийн ивээл дор, засгийн газрынх нь оролцоотойгоор, улсынх нь Үндсэн хуулийг хүртэл зөрчин байж шашныхаа их наадам гэгчийг хийсэн билээ.  Мүүний шашны наадмын нэг гол үйл явдал нь Дэлхийн монголчуудын чуулга уулзалт байлаа. Дэлхийн монголчуудын чуулга уулзалтыг харийнхан зохион байгуулж байсан нь тухайн үед үнэхээр гайхаш төрүүлж байв. Энэ үед Монгол дахь Мүүний байгууллагын том зүтгэлтэн, Бээжинд олон жил амьдарсан дипломатч Д.Цахилгаан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ер нь заавал монгол гэлтгүй, өөрийгөө монгол гэж байгаа харийхныг ч Монголын газар шороонд уриалан дуудав. Монгол эх орноосоо урвасан хэргээр шүүхээс ял сонссон өөрийн хүүг аварч дөнгөснөөс харахад энэ эр Монголын улс төр, шүүхэд ямар нөлөөтэй болох нь тодорхой байдаг. Энэ эрхэмийн хэлсэн үг учиртай билээ.

 

Үнэн хэрэгтээ, “Дэлхийн монголчуудыг нэгтгэе”, “тэднийг эх оронд нь дуудъя” гэх сэтгэл хөдлөм гоё уриан дор монгол үндэстний зуун зууны мөрөөдөл, хүсэл зорилгыг булшлах ажил эхэлжээ. 20 дугаар зууны эхэнд, Орос, Манж Чин гүрний эрхшээлд байсан монгол үндэстэн өөрийн төр улсаа байгуулж, эрх чөлөөгөө олж авах хүслийн илэрхийлэл болсон нэгэн агуу үзэл анх мэндэлсэн юм. Энэ бол 20 дугаар зууны алдарт “панмонгол үзэл” байлаа. 1911 оны монголчуудын тусгаар тогтнолын тэмцэл нь эхэндээ Манж Чин, Орос гүрний харъяанд, дараа нь Богд хаант Монгол, Дундад, Орос гурван улсад хуваагдаж тусгаарлагдсан “цус, хэл, соёл, шашин нэг” эртний түүхт монгол үндэстнийг нэгтгэх агуу үйл хэрэг байсан юм. Панмонголизм нь монголчуудын хувьд үнэхээр “ариун үзэл” байсан. Энэ ариун үзэл 20 дугаар зууны туршид Орос, Хятадын дарлалд эрх чөлөөгүй байсан ах дүүсээ түүхэн газар нутагтай нь чөлөөлөн авч нэгтгэх монголчуудын зорилгод л үйлчилж байлаа. Харин, харийн их гүрнүүд монголчуудын энэ ариун үзлийг бөхөөхийг оролдож иржээ.  

Харин, өнөөгийн дэлхийн монголчуудыг дуудах суртал ухуулга нь панмонгол үзлээс их ондоо ажээ. Энэ суртал ухуулгад Орос, Хятадын дарлалд эрх чөлөөгүй ядарч, уусан устаж байгаа ах дүүсээ аврах нөгөөх ариун зорилго огт байдаггүй. Харин үүний оронд дэлхийн хаа нэг мухраас “монгол” хүмүүсийг илрүүлэн, тэднийг Монголд суурьшуулъя гэж хүчтэй суртал ухуулга явуулах ажээ. Энэ ажилд гадныхан, тэр тусмаа харийн шашныхан оролцож байна. Энэ үед хаанаас санхүүждэг нь мэдэгдэхгүй байгууллага, хүмүүс гэнэт гарч ирж дэлхийн энэ тив, тэр хэсэгт монгол хүмүүс байна, ингэхдээ бүр олон саяараа байдаг юм байна, бид чинь олуулаа юм байна, тэднийгээ Монголдоо суурьшуулах юмсан гэж идэвхитэй ухуулах болов. Саяхан шинээр байгуулагдсан нэг улс төрийн нам бид дэлхийн монголчуудынхаа төлөө Монголын засгийн эрхийг авмаар байна гэх маягийн ухуулга хийж байна.

Гэтэл энэ ухуулгын ажилд Монголын төр засгийн өндөр албаны хүмүүс ч гүн гүнзгий оролцож эхэлсэн нь гайхалтай. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын УИХ-ын Тамгын газрын өндөр албаны хүмүүс Өмнөд Азийн Непал гэдэг улсад айлчилж тэнд байгаа монголчуудыг албан ёсоор хүлээж авч байгаа тухай телевизээр гарав. Тэдгээр непалчууд Непалын 12 сая монголчуудын төлөөлөл гэнэ. Зөвхөн, Өмнөд Азийн Непалд Монгол Улсын нийт хүн амаас 4 дахин олон монголчууд амьдардаг ажээ.   

Өмнөд Азийн Непалд монголчууд бий гэж үү? УИХ-ын Тамгын газрын албаныхны уулзсан тэр хүмүүс чухам хэн байв? Непалийн тэдгээр монголчууд гэгдэж буй хүмүүс үнэндээ Өмнөд Азийн Бирм, Химлайн Төвдөөс 10-30 мянган жилийн өмнө Непалд нүүдэллэн ирсэн төвд-бирм хэлт Гурк, Таман, Райс зэрэг ази төрхт ард түмэн ажээ. Тэдний төвд-бирм хэл нь монгол хэлтэй ямар ч холбоогүй, харин хятад гэх мэт хэлтэй илүү төстэй юм. Түүхээс үзвэл төвд-бирм хэлтнүүд энэтхэг-европ хэлт ард түмнээс түрүүлж тус нутагт суурьшсан тул тэднийг Непалийн уугуул ард түмэн гэдэг байна.

Харин хожим Энэтхэгээс нүүж ирсэн энэтхэг-европ гаралт хүмүүс олонх болж Непалын улс төр, соёл, эдийн засагт өөрийн давамгайлалыг тогтоож чаджээ. Үүнээс үүдэн Непалын уугуул ази төрхт ард түмнүүд гадуурхагдаж ирсэн байна. Гэхдээ тэд зүгээр суусангүй. Непалийн ази хүмүүс өөрсдийг нь гадуурхаж байгааг эсэргүүцэж улс төрийн хөдөлгөөн өрнүүлж иржээ. Тэдгээр хөдөлгөөнүүдийн нэг нь Монгол Үндэсний байгууллага гэх нам юм. Тэд яагаад өөрсдийгөө “монгол” гэж нэрлэх болов? Америкийн судлаач С.Ж.Хангэны бичсэнээр Непалийн азичуудыг эгнээндээ багтаасан энэ намын нэр нь ямар нэг үндэстнийг бус, харин Непалийн “монголойд арьстан” гэгдэх ази хүмүүсийг төлөөлөн илэрхийлсэн нэршил юм. Тэд Төв Азийн монгол үндэстэнтэй угсаа гарвалаар ямар ч холбоогүй ажээ.

Энэ мэтээр хаа газрын ази төрхтэй хүмүүсийг монголчууд юм байна, монголд суурьшуулъя, газар өгье гэх суртал ухуулга хүчтэй тархаж байна. Энэ суртал ухуулга нь яваандаа монгол гэж “хэл, соёл, шашин, цус нэгт үндэстэн байдаггүй юм байна” гэсэн ойлголтыг тархааж, монгол үндэстний хувь заяаг тун аюултай байдалруу хөтөлж буй. Суртал ухуулга түүхийг урдаа барихыг оролдож байна. Гэтэл тэдгээр ухуулгад түүхийн шинжлэх ухааны ямар ч баталгаа, нотолгоо байхгүй ажээ. Сайн яривал, Афганистаны хазара гэгдэх үндэстэн монгол гаралтай эсэх нь түүх, угсаатны зүйн шинжлэх ухааны шалгуураар нотлогдоогүй юм шүү дээ. Хазара нарын тоо 10 гаруй сая гэдэг. Тэд Монгол Улсын нийт хүн амаас 3 дахин олон ажээ. Хазара нар монгол байж магадгүй гэх таамаг байдаг боловч тэд Афганы уугуул ард түмэн, харин XIII зуунд монголчуудад эзлэгдэн дарлагдаж байсны ул мөр тэдний дунд гүнзгий үлдсэн гэх үзэл бас их түгээмэл юм. Афганистаны бусад үндэстнүүд өөрсдийг нь монгол гэж хэлэхэд хазара нар их эмзэглэдэг ажээ.

Дээрх ухуулгууд нь XIII зууны монголчуудын хүн ам зүйн түүхэн баримт, нотолгоотой ихэвчлэн холбоогүй зохиомол байдаг. Сурвалж баримтыг үндэслэвэл XIII зууны байлдан дагууллынхаа үед монголчууд хүн ам цөөтэй байснаас үүдэн монгол цэрэг дайснаасаа тооны хувьд үлэмж цөөн байжээ. Жишээ нь, Чингис хаан Дундад Азийг эзлэхдээ 20 орчим сая хүнтэй улсуудын эсрэг хамгийн ихдээ 100-150 мянган цэрэгтэй мордсон гэж үздэг. Их хаан дайнаа дуусган эх нутагтаа буцаж ирэхэд цэргүүд нь түүнийг дагаж ирсэн байна. Чингис хааны жанжнууд ч олон цэрэгтэй байгаагүй. Жишээ нь, Сүбээдэй баатар 20 мянга цэрэгтэйгээр Европыг хөндлөн гулд туулсан байдаг.

Дээр нь хүн амын тоог тооцоход XIII зууны байлдан дагууллын үед монголчуудын тоо хорогдож, цэрэг ард маш олноор үхэж үрэгдсэнийг тооцох ёстой билээ. Жишээ нь, Израйлын түүхч Р.Амитай-Прейссийн судалснаар 1260 онд Сирийн нутаг Айн Жалудад 10 орчим мянган монгол цэрэг хүч давуу мамлюкүүдтэй тулалдаж ялагдахад ихэнх нь амьд гараагүй ба эхнэр хүүхдүүд нь дайсанд олзлогджээ. Энэ мэтээр том жижиг тулалдаанд монголчууд олноор үрэгдэж байлаа. Ер нь эзэлсэн газрууддаа монголчууд олноор суурьшсан гэх нотолгоо байхгүй ба харин монголчуудын ноёрхол Хятад, Иран зэрэг газар унах үед нутгийнхан цөөхөн монголчуудад өршөөлгүй хандаж байжээ. Тиймээс монголчуудын эзэлсэн, эсвэл бүр очоогүй улсуудад олон сая монголчуудын үр удам байна гэдэг нь ихэнхдээ зохиомол юм.

Монголчууд эзэлж захирсан нутагтаа үргэлж цөөнх болж байлаа. Монголчууд хятадууд, эсвэл европын колоничлогчид шиг бусдын газар нутагт сая саяаараа, хэдэн зуун мянгаараа давалгаалан сууршиж хүнийхээ тоогоор эзэлж байсангүй. Өнөөгийн Дундад Азид буй монгол царай зүстэй хүмүүсийг XIII зууны монголчуудтай холбох асуудалд ч маш болгоомжтой хандаж, зарим талаар залруулга хийх ёстой юм. Учир нь эртний Дундад Азийн хүн ам монголчуудын байлдан дагууллаас 1500 жилийн өмнө буюу хүрэл зэвсгийн үед ази төрхтэй хүмүүстэй холилдож ази царайтай болсон гэдэг нь Алтайн Пазырыкийн үед хамаарах антропологийн судалгаагаар нэгэнт нотлогдож байгаа билээ. Иймд дундад азичууд монголчуудаас болж онигор нүд, хавтгай царайтай болсон бурууг монголчууд үүрэх ёсгүй юм.

Монголын түүх, ялангуяа монгол үндэстний түүхээр тохуурхах, баримтгүйгээр мушгин гуйвуулах явдал сүүлийн үед эх захаа алдаж байна. Жишээ нь, саяхан Хятадын мал эмнэлгийн лабораторид Чингис хааны генийг судлаад дэлхийн 7 тэрбум хүмүүсийн тал хувьд их хааны ген байгааг тогтоосон гэнэ. Гэтэл энэ бол ердөө Чингис хааныг төрөө засаж, дайн байлдаан хийлгүй, бүх цаг заваа зөвхөн хүүхэд хийхэд зориулж байсан мал адгуус маягаар дүрсэлсэн хятад тохуурхал юм. Тэгээд ч Чингис хааны ген ямар байсныг олж тогтоогоогүй. Эсвэл, хөх толботой л бол монголчууд гэх хуурмаг үзлийн тархи угаалт байнга явдаг. Нэг гадаад хүн надад хэлсэн юм. Хятадууд бас хөх толботой, тэгэхээр хятад, монгол нэг гаралтай гэнэ.

Монгол үндэстний түүхийн энэ их гуйвуулга, доромжлол, батлагдаж нотлогдоогүй мэдээллээр бөмбөгдөх суртал ухуулга тархаж байгаа нь үнэнийг хэлж, баримт нотолгоо гаргаж өгдөг түүхийн шинжлэх ухаан Монголд байхгүй шахам байгаатай бас холбоотой юм. Монголд түүхч нэртэй хүмүүс бий боловч тэдний ихэнх нь энэ их гуйвуулгыг няцаах, эсвэл үнэн мөнийг хэлж өгөх мэдлэг чадваргүй ба зарим нь аль хэдийн харийхны гар хөл болжээ. Жишээ нь, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал “доктор” Д.Цэвээндорж гэгч 2011 онд Олон Улсын Монголч эрдэмтдийн 14 дүгээр их хуралд илтгэл тавихдаа Зүүн Азийн солонгосчууд Монголын хүннү нараас гаралтай, цаагуураа бол Монголын газар нутаг эртний солонгосчуудын газар нутаг мөн гэх санааг олон улсын судлаачдын өмнө ичиж эрээлэлгүй хэлж байсан юм. Энэ хүн солонгосчуудын төслөөс цалинжиж байсан юм.

Харин, Орос, Хятад дахь жинхэнэ ах дүү монголчуудаа аврах ариун панмонгол үзлийг маань мугшин гуйвуулсан, гадны оролцоотой өнөөгийн их суртал ухуулга ба Өмнөд ба Зүүн Азийн харь хэлт олон сая хүнийг Монголруу дуудах ажлын жинхэнэ санаа зорилго юу вэ гэдэг нь яах аргагүй энд анхаарал татах гол сэдэв болно. Өнгөрсөн жил алдарт “wikileaks” сайтад нэгэн мэдээлэл ил болжээ (Энэ мэдээллийг wikimon.mn сайтад бүрэн эхээр орчуулж тавьсан). Тус сайтад мэдээлснээр Монголд Хойд Солонгосын дүрвэгсэдийг суурьшуулах ажил хэдийн эхэлжээ.

НҮБ-ын дүрвэгсэдийн асуудал хариуцсан газрын Верапонг Вонгваротой гэдэг дээд албан тушаалтны тооцоолсноор 2008 оны байдлаар Монголын дөрвөн газарт 180 солонгос дүрвэгч суурьшин амьдарч байсан ба 25 ортой хоёр ч байрыг Дорнод аймагт нэмж барих барилгын ажил эхлэх гэж байжээ. Түүний ярьснаар Өмнөд Солонгосын Засгийн газар солонгос дүрвэгсэдийг байрлуулахын тулд Улаанбаатар хотын ойролцоо Налайх дахь байрыг засахад зориулж Монголын талд 50 мянган ам.доллар гаргаж өгчээ. Сүүлийн үед Монголд Хойд солонгос иргэдийн тоо эрс нэмэгдэх болсон ба тэд монгол хүмүүсийг зодож танхайрч хэрэг үйлдэх болсон нь ирээдүйд солонгосчуудын асуудал ямар түгшүүртэй болж эргэхийг илтгэж байлаа.  

Солонгосын Хойгт дайн гарвал олон мянган солонгос дүрвэгсэдийг яах вэ, хаана суурьшуулах вэ гэдэг асуудал ид тулгамдаж байгаа ажээ. Ер нь Монголд солонгосчуудыг оруулж ирэх асуудлыг өмнөд солонгосчууд НҮБ-аар нэг мөр шийдүүлэх сонирхолтой байна. НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар Өмнөд Солонгосын иргэн Бан Ги Мүн гэгч ажиллаж байгаа нь асуудал солонгосчуудын хүслээр шийдэгдэхэд дөхөм болох нь лавтай юм.

Дээрхээс үзвэл Монгол нь солонгосчуудыг оруулж суурьшуулах газар нутаг болох нь байна. Гэхдээ бас хоёр Солонгос энх тайвнаар нэгдсэн ч Монгол нь солонгосчуудын амьдран идээших газар нутаг хэвээр үлдэх юм. Учир нь Өмнөд Солонгос 2011 онд Дорнод аймгаас их хэмжээний газар нутаг авахаар болсноо зарласан билээ. Солонгосын мэдээллийн хэрэгсэлүүдээр Өмнөд Солонгос Монголоос 30 мянган га газар нутаг худалдан авсан гэсэн бол зарим мэдээллээр 330 буюу 270 мянган га тариалангийн газар авахаар болсон гэх мэдээлэл тархаж байна. Солонгос, Монголын хөдөө аж ахуйн бэлтгэл санаачлага (KMADI) гэх байгууллагын ерөнхийлөгч Ким Хак Сүгийн хэлснээр Монгол Улсаас худалдан авсан газар нутаг нь хоёр Солонгосын ард түмнийг хүнсээр хангах нутаг болж байгаа ажээ. Солонгосчууд Монголоос худалдаж авсан газраа “кори” гэж солонгосоор нэрлэжээ. Одоо тэнд солонгосчууд тариалангийн ажил нэгэнт эхэлж нутгийн монгол айлуудыг нүүхийг шаардаж байгааг малчид хэлж байна.

Энэ үйл явцтай зэрэгцэн Монголын хэд хэдэн чухал хуульд өөрчлөлт оруулж, бас шинээр хууль гаргахаар зэхэж одоо хэлэлцэгдэж байна. Нэг сар орчмын өмнө Газрын тухай багц хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж хуулийн тодорхой заалтыг өөрчилж нэмэлт оруулахдаа гадаадын аж ахуйн нэгж Монголд газар ашиглана гэдгийг эзэмших болгон заахаар болж буйг холбогдох хүмүүс дуулгасан билээ. Одоо давхар иргэншилтэй болох тухай хуулийг УИХ-ын гишүүн Ч.Сайханбилиг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа ажээ.

Мөн “Гэр бүлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгож Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимаар хэлэлцүүлжээ. Энэ найруулгыг хийхэд Монгол дахь Өмнөд Солонгосын Улаанбаатар дээд сургууль гол үүрэгтэй оролцсон байна. Монголын нийгмийн цөм болсон монгол гэр бүлийн нандин бөгөөд чухал асуудлыг харийхан мэдэж байгаа нь үнэхээр хачирхалтай хэрэг. Тус хэлэлцүүлгийн үр дүнд гадныхантай (ихэнх нь солонгос иргэд байдаг шүү дээ) гэр бүл үүсгэхэд аль болох таатай нөхцөл бий болгох, давхар иргэншилтэй болох шаардлагыг тусгасан зөвлөмжийг Ерөнхийлөгчид өргөн бариад байна. “Улаанбаатар” дээд сургуулийн багш Т.Намжил гэдэг Өмнөд Солонгост бэлтгэгдсэн судлаач гадаад иргэдтэй гэр бүл болох асуудалд төр дэмжин нааштай хандахыг хэвлэлээр удаа дараа илэрхийлж байгаа юм.

Ингээд ажил хэрэг болоод явж буй үйл явцаас харвал дэлхийн монголчуудыг дуудах харийнхны зохиосон үзэл суртлын ард бидэнтэй цус, соёл, хэл, шашин нэгт жинхэнэ ах дүү өвөр ба хойд монголчуудыг аврах бус, харин Зүүн Азийн цагаан будааны соёлт иргэд, эсвэл хэн нь мэдэгдэхгүй харь хэлтнүүд Монгол газар нутагт маань давалгаалан орж ирж, газар нутаг эзэмшиж, иргэншлээ шийдүүлж эзэн суух асуудал бодитоор шийдэгдэж байна. Өнөөдөр Монголд үндэсний аюулгүй байдал ямар ч хяналтгүй болсон нь тодорхой байдаг. Хятадууд Монголын иргэншил авчихсан, Монголын гадаад паспорттой болчихсон хээв нэг явж байдаг. Тэдэнд Монголын газар, мал сүрэг бүгд бий. Бүр мянгат малчин хятадууд төрөн гарч байгаа тухай мэдээлэл сүүлийн үед гарах болсон билээ. Гэтэл хятадуудаас зугтаж Монголд ирсэн өвөр монгол хүнийг Монгол Улсын Хууль зүйн яам нь хятад цагдаа нартай хамтран барьж хятадуудад тушааж байх юм.

Өнөөдөр тусгаар Монгол Улсын иргэн монголчуудад эх орондоо эзэн мэдэж шийдэх зүйл үндсэндээ үгүй болох нь ээ. Харийнхан үзэл сурталыг нь хийнэ, хуулийг нь бичиж өгнө. Үндэсний соёл урлагийн асуудалд хүртэл солонгос ба хятадууд хутгалдах болжээ. Одоо монгол залуусыг нь солонгосжуулах, эсвэл хятаджуулах соёл ба боловсролын довтолгоон ид явагдаж байна. Монгол хүний амь улам баталгаагүй болж байна. Уугуул нутагтаа малаа маллах аргагүй болж, хятад жолоочид нохой шиг дайруулан үхэж, уусан хайлж буй өвөр монгол ах дүүсээ харамсан өрөвдөвч тусгаар улсын монгол хүн нь бас хятад жолоочид нохой шиг дайруулж үхэх ажээ. Монгол Улсын малчид газар нутгаасаа хөөгдөж туугдах нь энгийн үзэгдэл болов. Албан мэдээгээр Монгол Улсын нийт газар нутгийн 60 хувийг лиценз хэлбэрээр харийнхан голдуу эзэмшжээ.

Ингэхэд бид эх орондоо өөрсдөө эзэн нь мөн үү? Жинхэнэ монгол ах дүү нараа эх оронд нь авч ирж суурьшуулах мэдэл ба үзэл суртал бидэнд байна гэж үү?


H.Цог-Оршихбат