Хүн зөв хооллосноор элдэв өвчин эмгэггүй эрүүл саруул явж болно. Хүний биед үүсч болох өвчин эмгэгийн 60-70 хувь нь хоол тэжээлээс буюу буруу хооллосноос үүсч байгааг эрдэмтэд аль хэдийн тогтоосон.
 
Бид тохирсон эрүүл хоол хүнс, идээ ундааг зөв хэрэглэж заншвал өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие махбодийн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, өвчнийг анагаах хүчийг дэмжих улмаар урт наслахад нөлөөлдөг болохыг санах хэрэгтэй.
 
Эрүүл зөв хооллохын тулд цагаан идээг хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй.Цагаан идээ нь 15000 жилийг туулж ирээд, одоо ч үнэ цэнээ алдаагүй яваа шилдэг хүнс гэдгийг бид мартаж болохгүй. Монголчууд эрт дээр үеэс цагаан идээг ихээр хэрэглэж байсан учир янз бүрийн өвчин эмгэгт өрттөггүй байжээ.
 
1920-иод онд Монголчуудын хүнсний үндсэн хэрэгцээний 55 хувийг цагаан идээ, 20 гаруйхан хувийг мах эзэлж байжээ. Ялангуяа зуны улиралд хүнсэндээ дан цагаан идээ хэрэглэж ирсэн нь учиртай. Цагаан идээ тус бүрийн онцлогоос танд хүргэе.
 
 
ААРУУЛ
 
Амтлаг, исгэлэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэл­тэй. Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг, цөсний өвчин, цус хөө­рөх, толгой өвдөхөд тустай. Ус өөрч­лөгдөж, гэдэс ходоод өвдөх үед ааруулны шөлийг уухад дарагдана.
 
 
 
ТАРАГ
 
Орчин үеийн эрдэмтдийн судалгаагаар хавдрын эсрэг үйлдэлтэй нь тогтоогдсон. Мөн дархлалын системийг идэвхижүүлэх, хордлогоос сэргийлэх, тураах, гэдэсний элдэв өвчнийг дарах, судасны ханын хатуурал болон элэг, цөс, арьсны өвчнөөс сэргий­лэхэд тустай.
 
 
АЙРАГ
 
Шинэ үедээ исгэлэн, эхүүн амттай. Ходоодны илчлэгийг үүсгэн хоол шингээлтийг сайжруулдаг ба дэлүүний өвчин, элэг, цөсний өвчинд сайн. Эрт үеэс уушигны хат­гаа, сүрьеэ, зүрхний даралт их­сэх, усан хаван, хөл, нуруу­ны өвчинд хэрэглэж иржээ.
 
 
ААРЦ
 
Сүүний хүчил нь найрла­гандаа хүний  биед үүсч бий болдоггүй, орлуулашгүй амин хүчлүүд бүхий уураг, эрдэс бо­дис, олон тооны бичил эле­мент агуулсан учир маш чу­хал ач холбогдолтой. Сүрьеэ өвчтэй, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй.
 
Монголчууд зун намарт шингэц удаантай махан хоо­лыг түр хязгаарлан хоол бо­ловс­руулах эрхтний үйл ажил­лагааг хөнгөвчилж сүү цагаан идээ голлон хэрэглэдэг нь эрүүл мэндээ хамгаалах, бие цогц­соо сэргээх, цэвэрлэх, эрүүл­жүүлэх маш чухал уламж­лал болон тогтсон байна.
 
Үнээний сүүг ужиг ханиад, хижиг, шижин өвчинд хэрэг­лэдэг байсан бол ямааны сүүг ходоодны болон бөөрний үрэвсэлд уудаг байсан байна.
Хонины сүүг хий, бөөрний өвчинд, гүүний сүүг сүрьеэ, ин­гэ­ний сүүг зүрхний өвчинг тус тус эмчлэхэд хэрэглэдэг байжээ.
 
Ер нь тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөц­гий, өрөм, ээзгий, ээдэм, бяс­лаг гээд бүх л цагаан идээ нь хүний эд эсийг сэргээж элдэв өвч­нөөс урьдчилан сэргийл­дэг гэдгийг мартаж болохгүй.
 
Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн мэдээ” сонин