sonin.mn

Оросын төдийгүй дэлхийн суут яруу найрагч Александр Сергеевич Пушкины амьдрал, уран бүтээл нэн сонирхолтой хийгээд ихээхэн ээдрээтэй юм. 1828 оны сүүлчээр Пущкин Москвагийн алдарт бүжиг дэглэгч Йогелийнд болсон үдэшлэг дээр 16 настай Наталья Гончароватай анх уулзжээ. Гоо үзэсгэлэнт залуухан энэ бүсгүй язгууртны хүрээнд дөнгөж ил гарч байсан хэдий ч түүний тухай аль хэдийнээ шагшин ярьцгааж байлаа. Бүсгүйн гоо үзэсгэлэнд сэтгэл алдарсан Пушкин түүнд гэрлэх санал тавьж, тодорхой бус хариу авсан ч тэр огтхон ч ухарч няцсангүй, хайр сэтгэл нь тэмүүлсэн хэвээр байв.

1830 онд Пушкин түүнийг 18 настай байхад нь хүссэн зөвшөөрлөө авч "Миний хувь заяа шийдэгдлээ. Хаа ч явсан нүдээрээ эрж хайж байсан, түүнтэй уулзсан уулзалт болгон надад жаргал авчирдаг байсан. Тэр бүсгүй бараг минийх, ээ бурхан минь" гэж бичиж байжээ. Пушкин, Гончарова хоёрын ураг барилдах ёслол 1831 оны 02-р сарын 18-ны өдөр Никитийн хаалганы Их Вознесенийн сүмд болов. Хурим баяр хөөртэй болсон ч тэднийг тойрон явж байхад өндрөөс загалмай мөргөлийн судар унаж, яруу найрагчийн гар дахь лаа унтрахад Пушкин "бүгдээрээ муу ёр" гэж дуу алдсан байна.

Бас гэрлэгсдийн эхийнх нь толь хагарсанд Наталья Ивановна "сайн юм болохгүй дэг ээ" хэмээн дуу алджээ. "Миний эхнэр зөвхөн гадаад байдлаараа гоо үзэсгэлэнтэй төдийгүй гэгээлэг оршихуй" хэмээн Плетневт яруу найрагч бичиж байв. Наталья Гончарова боловсролтой бүсгүй бөгөөд франц хэлээр ямар ч өө сэвгүй ярьж бичдэг, англи хэл мэддэг, немц хэлээр ойлголцож чаддаг байжээ. Хуримынхаа дараа Пушкиных Москвад гурван cap амьдарчээ.

Хадам эх Наталья Ивановна яруу найрагчаас мөнгө нэхэж зовоохоор үл барам охиндоо түүнийг элдвээр муучлан, бурхан шүтлэггүй, ёс суртахуунгүй хэмээн зэмлэж, тэр ч байтугай харамч нарийнаар нь дууддаг байв. Москвад түүнтэй хамт амьдрахад тэсэхийн аргагүй болсон тул Пушкин залуу эхнэрийн хамт Хан тосгонд Плетневийн тэдэнд авч өгсөн зусланд очжээ. Наталья Николаевна 1831 оны намар Петербургт ирэнгүүтээ бүх язгууртан сурвалжтантай танилцав.

Пушкины эгч нөхөртөө "Миний бэргэн эндэхийн тун ч дэгжин эмэгтэй, тэр хамгийн дээд зиндааныхны дунд л эргэлдэж байдаг, бүгдээрээ түүнийг нэгдүгээр зэргийн гоо үзэсгэлэнт бүсгүй хэмээн ярьцгаадаг, бас "Солиоруулагч" гэж хочилдог" хэмээн бичжээ. Бүгдээрээ л Пушкины эхнэрт хайр сэтгэлтэй болсон төдийгүй эзэн хаан Николай хүртэл оройн зоогон дээр түүнтэй зэрэгцэн суудаг байв. Хардалт Пушкины гэр бүлд амьдралынх нь бүр эхнээс бий болж, харилцан хардалцдаг хэдий ч Апександр Сергеевичийн хардалт огцом боловч түргэн зуур арилдаг бол Наталья Николаевнагийнх нэхэл хатуутай, бас догшин шинжтэй байжээ.

Пушкин өөртөө таалагдсан бүсгүйчүүдэд татагдахад ямагт бэлэн байдаг байв. Гэр бүл болсон хэдий ч түүний энэ хандлага өөрчлөгдөөгүй байлаа. Нэгэн түүхчийн охин С.У.Карамзина "Зарим эмэгтэй хэр тааруухан гоо үзэсгэлэн, барагтайхан ухаанаараа түүний нөхөр, яруу найрагчийн толгойг эргүүлэхээ болихгүй байгаагаас л эхнэр нь хардах зовлонд унаж, цаг ямагт үнэн голоосоо тарчилж байна" хэмээн бичиж байжээ. Нэгэн удаа Австрийн элчин сайд Фикальмоны бүжигт үдэшлэг дээр яруу найрагч Мюнхенээс ирсэн гүн ноёны эхнэр цайвар үстэй, гоо үзэсгэлэнт Крюднерийг хичээнгүйлэн эргүүлж орхижээ.

Үүнийг нь мэдсэн Наталья Николаевна гэртээ ирмэгцээ нөхөртөө чангахан алганы амт үзүүлсэн аж. Энэ тухай Пушкин "Эх дагины маань гар тун ч хүнд байна шүү" хэмээн Вяземскийд инээдэм болгон ярьж байсан гэдэг. Наталья Николаевнагийн амьдрал үргэлжийн зугаа цэнгэл, баяр наадам, бүжигт үдэшлэгийн дунд өнгөрч байлаа. Гэртээ өглөөний дөрөв, таван цагийн алдад ирнэ. Орой нь хувцсаа солингоо дахиад л явна. Пушкин арга буюу түүнийг дагаж явдаг хэдий ч бүжигт үдэшлэг дээр тун ч уйддаг байв.

1833 оны хоёрдугаар сард Пушкин "Петербургт миний амьдрал аль ч үгүй болоод байна. Санаж бодох, тэр ч байтугай гуньж уйтгарлах ч бололцоо алга. Зохиолч хүнд зайлшгүй хэрэгтэй чөлөөт цаг огтхон ч олдохгүй байна. Эхнэр маань дээдчүүдийн дунд эргэлдэж, дээд зэргийн дэгжин байх болов. Энэ бүхэнд ихээхэн мөнгө хэрэгтэй ч тэр мөнгийг миний хөдөлмөрөөр л олно. Харин хөдөлмөрлөхийн тулд ганцаараа байх хэрэгтэй байна" гэж Нащокинд гомдоллон бичиж байв.

Пушкиных дөрвөн хүүхэдтэй. Ууган охин Маша 1832 онд, том хүү Сашка 1833 онд төрсөн аж. Гал голомтоо залгамжлагч нь Пушкины бусад хүүхдийн адил шүлэг бичиж "зүггүйтэлгүйгээр" цэрэг хүний замыг сонгож, овгийнхоо удам угсааг бүрэн хадгалж чаджээ. Нащокин "Яруу найрагч эхнэрийнхээ анхны төрөлтийн үед уйлан, хоёр дахь төрөлтийн үед нь зугтааж явах болно гэж ярьж байлаа" хэмээн үгүүлсэн байдаг. Үнэхээр тэр 1835 оны хавар тосгон руу гэнэт явчихаад эхнэрээ төрөхөөс хоцорч ирж байсан бөгөөд хүүдээ Григорий хэмээн нэр өгч байжээ.

Эхнэр нь 1836 оны тавдугаар сард төрөх ёстой байсан ч дахиад л Пушкин Москвад Нащокиныд саатаад эргэж ирмэгцээ "Наталья Николаевна намайг ирэхээс хэдхэн цагийн өмнө охин Натальягаа эсэн мэнд төрүүлснийг нь хаалгаар дөнгөж ормогцоо л мэдлээ" хэмээн бичиж байв. Пушкинд 1833 оны сүүлчийн өдөр язгууртны хүрээлэнд багтсаны илэрхийлэл болох "камерюнкер" хэмээх зэрэг дэвээр бол хамгийн бага цол өгсөн нь түүний 34 насанд тийм ч зохимжтой зүйл биш байлаа.

Пушкин энэхүү цолыг хүлээн авахын хамт бөөн чирэгдэл зардал гаргахад хүрчээ. Бас эцэг эхийнх нь ажил хэрэг, өр зээлийг өөр дээрээ авахаас аргагүй болтлоо будлиантсан байлаа. 1834 оны сүүлчээр Петербургт Гончаровагийн эгч Екатерина, Александрина нар Пушкиныд байсан нь яруу найрагчийн амьдралыг төвөгтэй болгожээ. Эхнэр нь хөндий хүйтэн, нөхөр нь улам ч уур уцаартай, хардамтгай болж байв. Пушкин хааны асрамжнаас чөлөөлөгдөхийг оролдож, огцрох хүсэлт гаргасан бөгөөд Николай хаан түүнд хагас жилийн чөлөө олгож, зээлээр 30 мянган рубль өгөхийг санал болгосон бөгөөд Пушкин үүнийг хүлээн авахаас өөр аргагүй болж тосгон луу явах гэсэн боловч эхнэр нь эрс татгалзаж байлаа.

Дээдчүүдийн хүрээнд Пушкин өөрийн ухаан, авьяасаараа, эхнэр нь гоо үзэсгэлэн, уран нарийн ааш, маягаараа хамгийн дэгжинд тооцогдож байв. Яруу найрагч өр зээлтэй амьдрах болсон үедээ хэт өөр болж, байн байн хэсэн явах болжээ. Дээдсийн хүрээнийхэн Пушкин болон эхнэрт нь тийм ч дуртай байсангүй, харин ч тэдний гэр бүлийн талаар элдэв янзын хорон цуу яриа тараадаг байлаа. Энэ үеэр дээдчүүдийн хүрээнд Голландын элчин, барон Геккерийн өргөмөл хүү, Оросын морин цэргийн гвардийн түрүүч, барон Жорж Дантес чухал байр суурь эзлэх болов.

Биеэ тоосон, цовоо сэргэлэн, хөгжилтэй, цэцэн мэргэн энэ ганган эр хэн бүхний эрэл сурал болсон зочинд тооцогдож байлаа. Хувь заяаны эрхээр Дантес Наталья Николаевнагийн холын хамаатан болж ил гарч, Пушкин түүнийг урьж ирүүлэхэд франц эр яруу найрагчийн эхнэрийг санаархаж байсан ч зүй ёсны хязгаараас хальсангүй. Тэр тэднийд байж Натальятай зугаалдаг болжээ. Гэсэн ч Пушкин тайван байж чадсангүй. 1836 оны тавдугаар сард эхнэрээ "Хонгор минь, чиний эсрэг ямар нэгэн хов жив явж байна. Чи өөрийн сээтгэнэл, аальгүй зангаараа хэн нэгнийг цөхрөлд оруулсан бололтой. Энэ бол муу зүйл шүү, сахиусан тэнгэр минь. Даруу зан бол эмэгтэйчүүд та нарын сайн гоёл" хэмээн зэмлэжээ.

Пушкин 1836 оны арван нэгдүгээр сард өөрийг нь авгайдаа маллуулагчдын бүлэгт оруулж бичсэн нэргүй гурван зурвас авчээ. Үүнийг эхнэрийг нь далдуур шаргуу эргүүлэгч барон Дантес хийсэн гэдэгт тэр эргэлзэхгүй байлаа. Пушкин франц эрийг гэртээ байлгахаас татгалзсан хэдий ч цуу яриа зогссонгүйгээр барахгүй яруу найрагч Дантесыг халз тулаанд дууджээ. Тэрээр дуудлагыг хүлээн авсан хэдий ч тулааныг 10 өдрөөр хойшлуулахыг гуйсан байна. Энэ хугацаанд Дантес Наталья Гончаровад өөртэйгөө гэрлэх санал тавьсан нь тодорхой болж Пушкин ч дуудлагаа буцаажээ.

Тэдний хурим 1837 онд болж, яруу найрагчийн найз нөхөд нь сөргөлдөөн үгүй болсон хэмээн тайвширсан байлаа. Гэвч тэд эндүүрсэн байв. Пушкин Дантесийг дахин халз тулаанд дууджээ. Халз тулаан 1837 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Хар голын эрэг дээр болов. Дантес эхний ээлжинд буудаж, Пушкин үхлийн шарх авсан байлаа. Яруу найрагчийг гэрт нь авчирсан байна. Александр Сергеевич хүүхдүүдээ адислаж, өөрийнхөө өшөөг авахгүй байхыг тэднээс хүсээд, найз нөхөд болон зохиолуудтайгаа салах ёс гүйцэтгэв.

Пушкин халз тулаан болсноос хойш хэдэн цагийн дараа хэвтэрт ороод байхдаа эмч Спасскийд Наталья Николаевнагийн тухай "хөөрхий гэмгүй хэрнээ нэрвэгдэж мэднэ, бас хүмүүсийн санаа бодолд ч нэрвэгдэж болно" гэж хэлжээ. Аугаа их яруу найрагч нэгдүгээр сарын 28 -ны өдөр 38 настайдаа таалал төгсжээ. Түүний шарилыг ордны адууны жүчээний сүмд байрлуулан ёслол үйлдээд, дараа нь А.И.Тургенев түүний цогцсыг Михайловын ойролцоох Святогорскийн сүмд оршуулахаар авч явсан ажээ.

Пушкин нас барсныхаа өмнөхөн Наталья Николаевнад бэлэвсрэлийн хувцсыг ямар хугацаагаар өмсөх, гашуудах талаарх сүүлчийн захиасаа өгч амжсан байв. Түүний захиасыг Наталья яг л хэлсэн ёсоор нь бүгдийг гүйцэтгэсэн ч гэрээсэлсэн богинохон хоёр жилд нь биш, бүр хожим, долоон жил болсны дараа л нөхөрт гарчээ.

Наталья Николаевна 1839 онд Петербургт ирж зөвхөн Пушкины найз нөхөдтэй уулзалдаж, дээдчүүдээс хол хөндий амьдарч байв. Наталья Николаевна зөвхөн 1844 онд л морин цэргийн хошууч генерал, шударга төвшин, эелдэг зөөлөн Петр Петрович Ланскийд нөхөрт гарчээ. Тэрээр нөхөртөө хүү Александр, охин Софья, Едизавета нарыг төрүүлж өгөв. Зохиолчийг нас барсны дараа хэвлэсэн зохиолуудын шагналд өгсөн тавин мянган рублийг өв залгамжлагчдад нь өгснөөр Пушкин өөрийнхөө хүүхдүүдийн ирээдүйг хангасан байлаа. Наталья Николаевна 1863 оны 11 дүгээр сарын 26 -ны өдөр нас баржээ.

Хэдийгээр идэр насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч суут яруу найрагчийн амьдрал, уран бүтээл судлаачдын анхаарлыг ихэд татсан хэвээр. Түүний "Алтан гургалдай" шүлгийг орчуулагч С.Дондогийн хөрвүүлснээр толилуулж, эл бяцхан бичвэрээ жаргааж байна.

АЛТАН ГУРГААДАЙ

Аптан гургалдай, амиа минь
Аглаг ойн бяцхан дууч аа
Бяцхан шувуухай чиний бие
Байнгын гурван дуутай шигээ
Бага залуу энэ миний бие
Бас гурван зүйлд санаа зовмуй
Энэ тэргүүнд санаа зовох зүйл
Эл биеийг эрт гэрлүүлээсэй
Хоёр дахь санаа зовох зүйл
Хилэн хар морь минь зогсох вий
Гурав дахь санаа зовох зүйл
Гуа бүсгүйг минь хортнууд булаах вий
Өргөн талд булшны нүх ухаж
Өөрийн минь толгойн дээхэн талд
Ув улаан цэцгийн үр суулгаж
Уул талд минь булгийн цэвэр усан
Үргэлж урсаж байхаар татахыг
Үеийн найз нартаа л би найдна
Гоо бүсгүйд хажуугаар минь өнгөрөхдөө
Гоё цэцгийн эрих сүлжиж байг
Настайчууд хажуугаар минь морилохдоо
Намбалаг утгаад уснаас нь хүртэг!

Гавьяат багш, академич, доктор Т.Сэнгэдорж
Эх сурвалж: "Утга зохиол, урлаг"