Нийслэлийн цагдаагийн удирдах газар өнөөдөр /2026.03.20/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ: "2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д-ээс “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч иргэн У нь цахим орчинд миний эмзэг хувийн мэдээллийг тараана хэмээн сүрдүүлж, 50 сая төгрөг авсан гэсэн гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Уг гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага бүртгэн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаар “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч нь иргэн Д-ийн хувийн эмзэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлж түгээнэ хэмээн сүрдүүлж, 50 сая төгрөг шаардсаны улмаас иргэн Д нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 50 сая төгрөг өгсөн нь тогтоогдсон.
Мөн уг хэрэгтэй холбоотойгоор 2026 оны 2 дугаар сарын 11, 14-ний өдрүүдэд өөр цахим сайтын сэтгүүлч ижил бичлэг үзүүлж, мөн 50 сая төгрөг өгөхийг шаардсан асуудал гарсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.Дараагийн тохиолдолд, 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ж-ээс “Нэгүүн.мн” сайтын нэр бүхий сэтгүүлч миний хууль ёсны ашиг сонирхолд харшлах, нэр хүндэд халдах мэдээллийг удаа дараа тараана хэмээн заналхийлж, бэлэн мөнгө шаардсан гэсэн гомдол, мэдээллийг ирүүлсэн. Уг гомдлын дагуу Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл (бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх) -д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Шалгалтаар “Нэгүүн.мн” сайтын иргэн Б нь иргэн Ж-ийн хувийн мэдээллийг өөрийн сайтдаа нийтэлж, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулах баримт мэдээллийг олон нийтэд түгээнэ хэмээн сүрдүүлсний улмаас иргэн Ж нь 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр арилжааны банкнаас бэлнээр 30 сая төгрөг авч, тус сэтгүүлчид өгсөн болох нь тогтоогдсон.
Мөн тухайн мөнгийг авсны дараа буюу 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс хойш сайтдаа нийтэлсэн байсан мэдээллүүдийг устгасан нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна.Иргэдээс удаа дараа ирүүлсэн дээрх төрлийн гомдлын дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр прокурорын зөвшөөрлийн дагуу тухайн сайтын ажлын байранд нэгжлэг хийж, нэр бүхий сэтгүүлчдээс мэдүүлэг авах ажиллагааг зохион байгуулсан.
Сүүлийн үед цахим орчинд уг ажиллагааг хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой мэт ташаа мэдээлэл түгээж эхэлсэн. Үүнд хариуцлагатайгаар мэдэгдэхэд, дээрх ажиллагаа нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан асуудал бус, харин эрүүгийн шинжтэй үйлдлийг шалгаж буй хууль ёсны ажиллагаа юм.
Мөн “Нэгүүн.мн” сайтад нийтлэгдсэн төрийн албан тушаалтан ажлын өрөөндөө зүй бус үйлдэл гаргасан тухай бичлэг нь дээрх хэрэгтэй ямар нэгэн холбоогүй болно. Харин хууль зөрчсөн уг үйлдлийг ил болгосон явдалд цагдаагийн байгууллага талархалтай хандаж байна.Тухайн зөрчил гаргасан албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцож, албанаас нь чөлөөлсөн талаар эрх бүхий байгууллагаас мэдээлсэн.Иймд дээр дурдсан асуудал нь 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр явуулсан ажиллагаатай ямар нэгэн байдлаар холбоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна." гэв.
Б.Төгсбаясгалан
Баасан - 03 сарын 20,
2026
Сэтгэгдэл1
Иргэн Ж 2 сарын 27-нд цагдаад мэдэгдчихээд яахаараа 3 сарын 4-нд мөнгө өгсөн байж таарах вэ? Мөнгө өгөхийг бодоход бас нэг албан тушаалын гэмт хэрэг биш юм уу???