sonin.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Гурвантэс сумын иргэд соёлын төвдөө хөл хөөртэй хамтдаа баяраа тэмдэглэлээ. Учир нь албан байгууллага, хувь хүмүүсийн дунд  10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй “Найрал дуу”-ны уралдаан зохион байгуулсан юм.

Тус уралдаанд 7 баг оролцсоноос ЕБСургууль, Цэцэрлэг, ахмадуудын баг эхний гурван байрт шалгарсан бол тусгай байрыг Баясах багийн хамт олон эзэллээ. Энэхүү ”Найрал дуу”-ны уралдааныг үзэхийн зэрэгцээ үдшийн цэнгүүнд цэнгэн хөгжилдөхөөр Тэс нутгийн зон олон сумынхаа “Улаан булан”-д багтаж ядан байлаа.

Маргааш өдөр нь ахмадуудын дунд “Дуулах өдөр” цэнгүүн зохион байгуулахад ахмадууд цог золбоотой дуулж бүжиглэн, мэндчилгээтэй, баяртай, хөөртэй, хөлстэй, хөдөлгөөнтэй өнгөрүүллээ.

Тус цэнгүүний оргил хэсэг болох дуу, бүжгийн тэмцээнд ахмадууд идэвхтэй оролцож дууны уралдаанд А.Нямцоо, Цэрэнбалжид, Д.Долгорсүрэн нар эхний гурван байрт шалгарсан бол нийтийн бүжгийн тэмцээнд А.Нямцоо Цэрэнбалжид нарын хос 1-р байр, Лхагва Норжин нарын гэр бүлийн хосууд 2-р байр, Ц.Цэвэлмаа Д.Нямсүрэн нарын хосууд 3-р байр орж шагналын эзэд боллоо.

Мөн ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн, цэцэрлэгийн хамт олноо төлөөлөн багш Б.Алтантуяа, н.Тэрбиш, У.Батцэцэг, Одгэрэл, Болортуяа, Дагиймаа нар нэгэн дуугаар мэндчилгээ дэвшүүлж ахмадуудтайгаа хамтдаа дуулж, твист бүжиг бүжиглэн нэгэн хормыг хөгжөөж чадлаа.

Тус сумын залуу дуучин С.Батжаргал мөн ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж дахиулан цугласан олныг ая дуугаараа бишрүүлэв. Цэнгүүний төгсгөлд Тост багийн малчин Д.Нямсүрэн өөрийн зохиосон хөгжилтэй нэгэн шүлгээрээ мэндчилж үдэшлэгийн үйл ажиллагаанд инээд хөөр нэмлээ.

Энэхүү олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулсан П.Өнөрбаатар даргатай соёлын төвийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Б.Алтантуяа

Эх сурвалж: "Монгол говь" сонин