sonin.mn

Цай идээний ёс заншил нэн арвин. Цай гэхэд зөвхөн цай төдий бус сүүтэй, будаатай, бантантай, борцтой гэх мэт олон төрөл. Сүүгүй цайг бор цай, хүрэн цай гэх мэтээр хар гэж хэлдэггүй. Мөн сүүтэй цайнд өөхгүй бараан мах хөшиглөж хийхийг цээрлэнэ.

Энэ нь мөнөөх сүүнд улаан зүйл хийхийг нүгэлд үздэгтэй холбоотой тул заавал алаг мах хийнэ. Аягалах тухайд амсарт нь хурууны өндөг хүргэдэггүй (ял зэмд унана), эмтэрхий аяганд цай барихгүй (илт доромжилсон болно), аягатай цайг үүдээр цацдаггүй (заавал гарч асгахгүй бол амны хишиг үүдээр (цацагдана), аяганд бялхтал хийдэггүй (бялхаавал амны хишиг асгарна, амсар дүүрэн бол тогтоно) гэх мэт олон ёс цээр байдаг.

Цайг аягалахдаа нар буруу эргэхийг үйл буруу эргэх ёр гэнэ. Аягалсан цай хоолыг амсалгүйгээр ширээнд тавихыг чөтгөр түрүүлж амсана гэдэг нь хүндэтгэлтэй холбоотой цээр юм. Хараал жатга, хатуу дом хийх зэрэгт хар ус самардаг  тул энгийн хүнд энэ үйл маш цээртэй болно. Цайг нүдэхдээ тоолдоггүй, тоолбол цай идээ хомсдоно гэнэ.

Цай идээ бэлэг сэлтийг буруу гараар өгөх, ганц гараар өгөх, авахыг цээрлэдэг. Заавал баруун гараар гол болгон хоёр rapaap өгдөг. Эс тэгвээс үл хүндлэсэн, өгөхийг хүсээгүй, авахыг тоогоогүй нүгэлт санаа болно гэдэг. Мөн ханцуй чамлах, хормой шуух маягаар цай идээнд ойртохыг цээрлэдэг. (Зэрлэг танхай сэтгэл болно).

Цайны шаарыг хогтой хамт хаядаггүйн учир нь цай бол идээний дээж юм. Цайны идээг хийхдээ чимхэж хийхийг цээрлэдэг тул заавал алган дээр атгаж хиймүй. Эс тэгвээс ядуурна, идээ хомсдоно гэнэ. Бага багаар хийдэггүй харамч  хахирын дон шүглэх шинж. Цайны дээжийг бурханд өргөдөггүй, хангай дэлхийд өргөнө.

Гэрийн эзэнд дээжээ өгөлгүйгээр зочин болон бусад хүнд өгөхийг цээрлэнэ. Зөрчвөөс гэрийн эзний хишгийг тараасан хэрэг, хийморь олз нь доройтно гэх мэт ёс заншил арвин буй.

Эх сурвалж: "Амьдрах ухаан" сонин