
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг сэргээн босгоход ойролцоогоор 216 тэрбум ам.доллар шаардлагатай байна гэж Дэлхийн банкны мягмар гарагт нийтэлсэн үнэлгээнд дурджээ. Энэ бол Сирийн 2024 оны дотоодын нийт бүтээгдэхүүнээс ойролцоогоор арав дахин давах тоо юм.
2011 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Башар Асадын засгийн газрыг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг харгис хэрцгийгээр дарсны дараа иргэний дайн эхэлсэн юм. Б.Асадыг өнгөрсөн 12 дугаар сард босогчид түлхэн унагаасан билээ.
Зэвсэгт мөргөлдөөний улмаас тус улсын дэд бүтэц маш ихээр сүйджээ. Дэлхийн банкны мэдээлснээр, сэргээн босголтод 140-345 тэрбум ам.доллар шаардлагатай байж магадгүй боловч мэргэжилтнүүдийн “сайтар нарийвчлан хийсэн тооцоогоор” 216 тэрбум ам.доллар гэсэн тоо дурдагдаж байна. Дэд бүтцийг сэргээн босгоход 82 тэрбум ам.доллар зарцуулна гэж Дэлхийн банк тооцоолжээ. Харин орон сууцны барилга байгууламжуудыг босгоход 75 тэрбум ам.доллар шаардлагатай бол орон сууцны бус байгууламжид учирсан хохирлыг 59 тэрбум ам.доллароор тус тус тооцсон байна. Алеппо муж болон ширүүн тулалдаан болсон Дамаскт хамгийн их хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үнэлгээнд дурджээ.
Дэлхийн банкны Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн захирал Жан-Кристоф Каррет мэдэгдэхдээ, асар их бэрхшээл сорилтууд хүлээж байгаа хэдий ч Сирийн ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран сэргээн босголтыг дэмжихэд Дэлхийн банк бэлэн байна гэлээ.
Б.Асадыг түлхэн унагаснаас хойш барууны орнуудтай дипломат харилцаагаа сэргээж, Булангийн орнуудтай олон тэрбум долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан боловч тус улс санхүүгийн хувьд хүндрэлтэй хэвээр байна. АНУ болон Европын орнууд Б.Асадын үед тавьсан хоригуудаа цуцалсан хэдий ч үр нөлөө нь төдийлөн мэдрэгдэхгүй байна. Мөн олон улсын тусламжийг танаж байгаа нь олон хүний амьдралын нөхцөлийг улам дордуулж байна. Сирийн хүн амын 90 хувь нь ядуу амьдарч байна гэж НҮБ тооцоолжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Африк Арабуудыг манийгаа доорд үздэг Оросууд долоодог. Тэр тусмаа Сири Ливан Палестин Йордан Египтийн арабуудыг. Сирид бүүр Израйлын довтолгооны эсрэг ган хийгээгүй Оросын цэргийн хоёр ч бааз бий.Сирид Араб нөхөртэй 2000 гаруй Орос эхнэрүүд одоо байгаа. Дашрамд нь хэлчихэд Бурят авгай авсан Оросууд байдаггүй. Уламжлалт харьцааг нь бодход Сирийг Оросууд сэргээн босгох үүрэгтэй.