sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Улс орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож байна гэж буруутгасныхаа дараа Энэтхэг улс Пакистантай хийхээр төлөвлөсөн хэлэлцээгээ цуцаллаа.

Тавдугаар сард зөвшилцсөний дагуу хийх гэж байсан хэлэлцээний өмнө Кашмирын салан тусгаарлах үзэлтнүүдийн толгойлогч нартай Пакистаны дээд комиссар зөвлөлдсөний дараа Энэтхэг улс энэ шийдвэрийг гаргасан юм. Энэтхэгийн шинэ Ерөнхий сайд Нарендра Моди тангараг өргөх ёслолдоо Пакистаны Ерөнхий сайдыг урихад хоёр орны харилцаа сайжирч байна гэж үзэж байсан билээ.

Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар ирэх долоо хоногт албан ёсны хэлэлцээгээ сэргээх асуудлыг хэлэлцэхээр Исламабадад уулзахаар болсон байсан юм. Харин Пакистаны төлөөлөгч Кашмирын салан тусгаарлах үзэлтнүүдтэй зөвлөлдсөн нь тодорхой болсны дараа Энэтхэг ийн хариу арга хэмжээ авлаа.

“Энэтхэгийн дотоод асуудалд Пакистан дахин хөндлөнгөөс оролцож эхэлж байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй хэрэг” гэж Энэтхэгийн ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч хэлэв. Маргаантай бүсийн босогчдыг дэмжиж байна гэж Пакистаныг Энэтхэг эртнээс буруушаасаар ирсэн билээ. 2008 онд Мумбай хотод олон хүний аминд хүрсэн халдлага болсонтой холбоотойгоор хоёр улсын харилцаа улам муудсан юм.

Хоёр улсын аль аль нь нэхэмжилдэг Кашмир нь 60 гаруй жилийн турш халуун цэг байсаар ирлээ.  Зүүн Өмнөдийн Азийн өрсөлдөгч хоёр улс энэ бүс нутгийн төлөө хоёр ч удаа дайтаж байсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг