sonin.mn

НЬЮ-ЙОРК. /Associated Press/. АНУ-ын нутаг дэвсгэрт “Эбола” вирусийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын эмнэлгийн байгууллагын төлөөлөгч мэдээллээ.

“Эбола”-гийн халдвар авсан тохиолдол Америкийн Техас муж улсад илэрсэн байна. Өвчтөнийг Даллас хотын эмнэлэгт халдварт өвчтөнийг тусгаарлах өрөөнд хэвтүүлжээ. Либериэс эх орондоо ирснээс хойш түүнд өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Түүний биеийн байдал онгоцонд хэвийн байсныг тэмдэглэжээ.

Техас муж улсын эмч нар өвчтөнийг асрахад зайлшгүй шаардлагатай бүх нөхцөлөөр хангагдсан гэж Даллас хотын эрүүл мэнд болон нийгмийн үйлчилгээний газрын дарга Захария Томпсон мэдэгджээ. “Энэ бол Африк биш. Бидэнд шаардлагатай бүх тоног төхөөрөмж бий” гэж тэрбээр хэлсэн байна.

АНУ-д долдугаар сарын 27-ноос хойш "Эбола" вирусийн халдвар авсан байж болзошгүй 13 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс гадна Америкийн сайн дурын дөрвөн ажилтан Баруун Африкт вирусийн халдвар авсан бөгөөд одоо Жоржиа болон Небраска муж улсын тусгаарлах төвүүдэд эмчлүүлж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Баруун Африкийн таван оронд 6574 хүн "Эбола" вирусийн халдвар авснаас 3091 нь нас баржээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг