sonin.mn

Эцэг эхчүүдэд хамгийн ихээр тоогдож, ажлыг нь хөнгөвчилдөг хэмээн сай­шаагддаг “Өдөр өнжүүлэх төв” үйл ажиллагааны зөв­шөөрлөө хаанаас авч, ямар газарт харьяалагддаг бо­лохыг уншигчдадаа хүр­гэхийг зорьсон “Эрэлт их­тэй ч, эрхзүйн орчин алга” нийтлэлийнхээ хоёр дахийг хүр­гэх гэж байна.

Өмнөх ду­гаарт тус төвүүд аль яаманд харьяа­­лагддаг, зөв­­шөөрлийг нь хэрхэн ол­го­дог талаарх мэ­дээл­лийг уншигчид, тэр дундаа эцэг эхчүүдэд хүр­гэ­­хийг зорьж, холбогдох бай­гууллагуудад очсон бо­­­ловч “буух эзэн, бу­цах хаяг­­гүй” болох нь тог­тоогд­сон.

Харин энэ удаад Өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагаа хэрхэн явагд­дагийг сурвалжиллаа. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн зөв­­шөөрөл олгодоггүй, хя­налт шалгалт хийдэг­гүй­ тул ажлаа хийдүүлж, хүний үрсээр бизнес хийж байна уу гэдгийг сурвалжлахаар хэд хэдэн төвд очсон юм.

Мэдээж аливааг хийж байгаа хүн бүрт алдаа оноо байдгийн адил үлгэр жишээ авахуйц нь байхад “Үнэхээр больчихоосой доо” гэхээр үйл ажиллагаатай төвүүд ч байсан. Бид “Танай хүүхдүүдтэй хэ­сэг хугацаанд цуг байж, сур­валжлага хийе. Үйл ажиллагааг чинь сурталч­лаад өгье” хэмээн хэд хэдэн төвийн эздэд хандсан боловч тэд хүсэлтийг минь хүлээн авсангүй. Тэд­ний бизнест реклам шаард­ла­га­гүй бо­лохоор дургүйцсэн байж ч мэднэ.

Манай нийтлэлийн эх­ний хэсгийг харчихсан за­рим нь үнэнээ учирлаж, “Ма­най төвийн зургийг со­нин дээ­рээ тавиад хэрэггүй шүү” хэмээн гуйж байв.

Яагаад хэвлэлийнхнээс ингэтлээ айж байгааг мэ­дэхгүй ч “сурвалжлага хийе” гэсэн хүсэлтийг минь хүлээн авахгүй өөр арга сэдэж хэд хэдэн төвөөр оров.

Ийн “хурган” заль хэрэглэсний үр дүнд Өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг илүү дэл­гэ­рэнгүй мэдэж авсан юм. Өөрөөр хэлбэл хүүхдээ тус төвд оруулах гэж буй эх хүний хувьд орчин нөхцөл, хоол хүнс гээд бүхий л зүйлтэй нь танилцах эрхээ эдэлсэн хэрэг.

Бидний очсон эхний газар орон сууцны нэгдүгээр давхрын гурван өрөө байранд үйл ажиллагаагаа явуулдаг нэгэн Өдөр өнжүүлэх төв /нэрийг нь нууцалъя/. Үүднийх нь өрөөнд хоол хийж байсан эмэгтэй биднийг угтсан юм. Үдийн 12:00 цаг болж байсан болохоор хүүхдүүдээ хооллох гэж байв. Энэ төвийн хувьд орон сууцны гурван өрөө байрны нэгийг нь хичээлийнх, нөгөө хоёрыг нь амралтын болон тоглох өрөө болгон хуваарилжээ.

Эзэн нь бололтой эмэг­тэй “Эцэг эхтэй нь гэрээ байгуулж хүүхдийг нь авдаг, өдөрт хоёр удаа махан хоол, хоёр удаа хөнгөн цай уулгадаг. Сургууль нь ойрхон бол хичээлд нь хүргэж өгөөд, тарахаар нь очиж авдаг. Өдөрт 8-19 цагийн хооронд хүүхдүүдийг хардаг. Төлбөр нь 250 мянган төгрөг. Таны цалин хэзээ буухаас шалтгаалан сар бүрийн хэдэнд төлбөрөө төлөхөө тохирч, гэрээндээ тусгаж болно” хэмээж байв. Түүний хэлж ярьж бай­гаа бүхэн боломжийн мэт боловч, орчин нь маруухан санагдав.

Хэдийгээр хичээлийн, тоглоомын гэж өрөөнүүдээ тодотгосон ч түүнд нь тохируулан тохижуулж ча­даагүй аж. Бас тийм ч цэвэрхэн биш. Нэгэнт хүүхдээ харуулж, хам­гаа­луулахын төлөө мөнгө төлж байгаагийн хувьд тэднийгээ цэвэрхэн, тохь тухтай ор­чинд байлгахыг эцэг эх хүсэх нь мэдээж.

Гэтэл энэ хүслийг нь бие­лүүлэхгүй бол тэд сарын цалингийнхаа ихэнхийг тэнд төлөхийн хэрэг юусан билээ дээ. Харин тэндээс гараад дараа нь очсон Өдөр өнжүү­лэх төвийн бүх зүйл нь сэтгэлд нийцсэн шүү. Тэд хүүхдээ хүлээн авахдаа эрүүл ахуйн шинжилгээний бичиг шаарддаг.

Тодруул­бал, шээсний болон цагаан хорхойн шинжилгээ өгөөд, түүгээр эрүүл гарсан хүүх­дийг л төвдөө бүртгэдэг юм билээ. Өмнөхийн адил орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулдаг ч үүднээсээ авахуулаад л тохижилт энэ тэр нь өмнөхөөс хавьгүй илүү. Дотор нь багш, тогооч, эмч гээд шаардлагатай үйлчилгээг үзүүлэх бүх хүн байсан.

Өдрийн ца­гаар унтдаг хүүхдүүдээ амраа­даг тус­гай унтлагын өрөөтэй. Хичээл болон хоол­ны өрөөг зориулалтад нь таа­руулан тохижуулсан байх юм. Коридортоо хүүх­дийн хувцасны өлгүүр, та­виур­тай. Өнгөлөг гэгээлэг цаасаар хаана, таазаа хүртэл чимэглэсэн байгаагаас ха­рахад эрхгүй л хүүхдийн орчин гэмээр. Тэгсэн атлаа төлбөр хөлсний хувьд нөгөөхтэйгөө яг л ижилхэн.

Энэ хоёр төвийн үйл ажиллагаанаас харахад л сайн нь ч, саар нь ч байд­гийг харж болох юм. Тий­мээс эцэг эхчүүдийн хувьд сонголтоо зөв хийх нь л чухал.

Мэдээж бизнес л болсон хойно зах зээлийнхээ хуулиар үйлчилгээ сайтай нь илүү ашиг орлого олох нь дамжиггүй ч, муу байгааг нь бид шүүмжлэх эрхгүй болоод байгаа юм.

Тодруулбал, өмнөх нийт­­лэлийн гол санаа болох хя­налт харьяалалгүй энэ байгууллагыг бид мянга шүүмжлээд ч биднийг сон­сох хүн үгүй шүү дээ. Энэ нь хатуу боловч үнэн үг.

Хөндлөнгийн хүний нүдээр харахад, “Сайныг нь дэмжээд, саарынх нь үйл ажиллагааг бүр зогсоо­чихоосой. Ингэж хүний хүүхдийг харна ч гэж юу байх вэ дээ” гэсэн бодол төрж байсныг нуугаад яах вэ. Ийм бодол ганц надад бус өөр олон эцэг эхчүүдэд төрж байгаа.

Эцэст нь дүгнэхэд, “мөнгө цагаан, нүд улаан” гэгчээр ашгийн төлөө өөрсдийн амьдарч байсан байрандаа ямар ч мэргэжлийн хүн­гүйгээр үйл ажиллагаа явуулж, таны хүүхдийг харж байгаа хүмүүс ч бий.
 
Үнэхээр сэтгэл гар­ган орчин нөхцөлөө тохи­жуулаад таны хүүхдийг дулаахан, цэ­вэр­хэн, тохь тухтай орчинд харж, эрүүл хүнсээр хооллож байгаа. Тиймээс эцэг эхчүүд бид л үүнд хараа хурц, сонголт мэргэн байх ёстой болов уу. Уг нь эцэг эхчүүдтэй хамт хяналт тавьж, шал­галт явуулдаг мэргэжлийн бай­гууллага байвал балчир үрс минь үндсэн хуулиар заасан эрх нь хангагдах боломж бүрдэх юм.

Тэд ч гэсэн Монгол Улсын иргэний хувьд эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах эрхтэй шүү дээ. Энэ эрхийг нь эдлүүлэх боломж нөхцөлийг хангах, түүнд хяналт тавих байгууллага нэн түрүүнд хэрэгтэй байна.

М.Уянга

Эх сурвалж: