sonin.mn

Жүжигчин. МУСТА М.Саранцэцэгийг манай уншигчид “Хэцүү анги" киноны Сүнжид 6агшийн дүрээр андахгүй. Тэрээр “Помогите нам", "Булингар”, "Хүйн холбоо" зэрэг кинонд ээж, эхнэрийн дүрийг чадварлаг бүтээсэн байдаг. Түүнтэй уран бүтээл, хувийн амьдралынх талаар ярилцлаа.

-Ярилцлагаа анх ханьтайгаа хэрхэн танилцаж байсан дурсамжаас хуваалцаж эхэлье. Таны ханийг хөгжмийн зохиолч Т.Найданжав гэдгийг уншигчид эчнээ мэднэ шүү дээ?

-Би аравдугаар ангиа Эрдэнэт хотод төгссөн юм. Тухайн үед миний хань Эрдэнэтийн “Кумо" хамтлагийн хөгжимчин, дуучин байлаа. Манай сургуулийн хонхны баярын үдэшлэг дээр тэдний хамтлаг ирж тоглосон юм. Надаас насаар ах байсан л даа. Тэр үдэшлэг дээр анх танилцаж байлаа.

-Та хоёрыг таван жил захидлаар харилцаж байсан гэж сонссон юм байна?

-Би хот руу оюутан болоод явчихсан. Тэгээд л тэр үеийнхнийхээ жишгээр захидлаар харилцдаг байлаа. Тэр цагаас өнөөг хүртэл 30 гаруй жил ханилсан байна.

-Аль нутгийн бэр болсон юм бэ?

-Манай хүн чинь бас хотынх.
 
-Урлагийн хүний гэргий байна гэдэг амаргүй. Гэтэл та өөрөө бас урлагийн хүн. Уран бүтээл, ар гэрийн ажлаа хэрхэн амжуулж өнөөг хүрэв?

-Тогтмол цагтаа тардаг ажилтай хүмүүсийг бодвол өөр л дөө. Бид цаг наргүй ажиллана. Нэг нэгийгээ ойлгож, дэм болсоор өнөөдрийг хүрч байна даа.

-Хань тань олон сайхан уран бүтээлтэй. Зохиосон дуу нь энд тэнд эгшиглэж байх танд сайхан санагддаг биз?

-Уран бүтээлийнх нь анхны сонсогч, шүүмжлэгч, зөвлөгч нь гэр бүл нь байдаг. Дуу хүний сэтгэлд хэр нь удаан хоногшино, төдий чинээ урт удаан насалдаг гэж боддог. Уран бүтээлээрээ олон цомог гаргахад нь өөртэй нь хамт өлгийдөж авсан даа.

-Сүүлийн үед гэр бүл салалт маш их нэмэгдэж байна. Ханьтайгаа 30 гаруй жил ханилж байгаагийн хувьд залуу гэр бүлүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Олон жил амьдарран хүмүүс яг нэг хүн шиг болчихдог юм байна. Юу өгүүлээд, яагаад бухимдаад, сэтгэл нь баярлаж, хөөрөөд байгааг харцнаас нь хараад төвөггүй мэдчихнэ. Бие биедээ итгэх л ёстой. Ханьдаа халамж тавих, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж өсгөх, гэрээ цэвэр цэмцгэр, гэгээлэг авч явах тал дээр эмэгтэй хүний үүрэг, оролцоо их нөлөөлдөг. Харин эр хүний ухаан, алсын бодол, уужуу тайван сэтгэл амьдралд чухал байр эзэлдэг юм шүү дээ. Гэр бүл амар амгалан амьдрахыг аз жаргал гэж боддог.

-Найданжавынх гэдэг айл хоёр сайхан охинтой. Охиддоо юуг хамгийн их захидаг вэ?

-Хүн чанартай бай л гэж хэлдэг. Хэний ч үгийг сонс, хүний үгийг дааж сур, хүн чанартай бай гэж захидаг. Чадахынхаа хэрээр хариу нэхэлгүй хүнд тусал. Буян заяа нь эргээд ирдэг юм гэдгийг захидаг. Санаа сайн бол заяа зөв гэдэг үгийг л баримталж явдаг даа.

-Уран бүтээл ч хүнтэй уулзаад уран бүтээлийн тухай ярихгүй өнгөрч болохгүй. Шинэ уран бүтээлийн сонин хачнаасаа хуваалцаач?  

-Манай “Кино цамхаг” студи “Хүүхэлдэй” хэмээх адал явдалт, аймшгийн бүрэн хэмжээний уран сайхны кинонд ажиллалаа. Юуны өмнө киноныхоо уран бүтээлчид, студийнхээ үйл ажиллагааныхаа тухай ярих нь зүйтэй болов уу. "Кино цамхаг" студи маш олон уран бүтээлд ажиллаж туршлагажсан залуу уран бүтээлчдээс бүрэлдсэн. “Zaya Sh” гэж мундаг студи ерөнхий найруулагч Ш.Даваадорж гэж гайхалтай уран бүтээлчийн удирдлага, сургалтан дор ажиллаж байсан залуу уран бүтээлчид энэхүү студид нэгдлээ. Бид хоёрдахь удаагаа аймшгийн төрөл жанраар кино хийж байна. Өнгөрсөн онд залуу зохиолч Ц.Ууганбаярын зохиолоор “Зоорь” хэмээх киног бүтээж үзэгчдэд хүргэснийг санаж байгаа байх. Тэр маань маш амжилттай үзэгчдийн хүртээл болсон. Харин энэ удаад бид мөн л Ц.Ууганбаяр зохиолчтой хамтран ажиллалаа. Монголд энэ төрөл зүйлээр зохиол бичиж байгаа ганц зохиолч гээд хэлэхэд хилсдэхгүй болов уу. Мөн өөрийн гэсэн уншигчидтай, зохиолууд нь уншигчдад эчнээ хүрсэн зохиолч шүү дээ.

-Ажиглаад байхад сүүлийн үед камерийн өмнө биш, камерийн ард, арын албанд ажиллаад байх шиг?

-Энэ кинондоо зургийн даргын ажлыг хийлээ, бас л амаргүй ажил. Тухайн уран бүтээлийг хийх бүхий л нөхцөл бололцоог хангах, бэлэн байлгах үүрэгтэй. Миний хувьд 1980-аад оноос хойш дэлгэцийн уран бүтээлд алтан үеийнхэнтэйгээ ажиллаж эхэлсэн. 1990-ээд оны шилжилтийн үед ч гайхамшигтай мундаг найруулагчидтай хамтран ажиллаж байлаа. Сүүлийн үед залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Бидний насныхны аливаа уран зүйлд хандах хандлага арай илүү зарчимтай байдаг байх. Мөн энэ хугацаанд ажилласан туршлагыг минь үнэлж, найдаж энэ ажлыг даалгаж байгаа болов уу. Ер нь миний үеийн уран бүтээлчид зургийн дарга, найруулагчийн ажилд түлхүү ажиллаж байна. Жүжигчин Н.Отгонтогос, н.Эрдэнэбат гээд нэрлэж болно.

-Яагаад заавал аймшгийн төрөл зүйлийг дахин сонгож уран бүтээл хийж байгаа юм бэ?

-Энэ төрөл зүйлийг яагаад сонгосон нь сонирхолтой. Ер нь аймшгийн сэдэв хэзээд хүмүүсийн сонирхлыг татдаг. Энэ нь хүмүүс ямар нэгэн байдлаар өөр мэдрэмжийг төрүүлж байдаг. Хүмүүс айхаа мэддэг хэрнээ л галзуу хулгана тоглоомонд сууж тоглодог. Тэндээс кайф авах гэж тэр шүү дээ. Түүнтэй ижлээр аймшгийн киноноос тэр л өөр мэдрэмжийг авна. Дээр нь сүүлийн үед хийгдэж байгаа монгол кинонууд ихэвчлэн инээдмийн, утга уянгын төрөл жанраар хийгдэж байна. Харин энэ төрлийн кино төдийлөн хийгдэхгүй байгаа учраас энэ төрлийг барьж авлаа. Шинэ оны эхэнд шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож байгаадаа баяртай байна.

-“Хүүхэлдэй” уран сайхны киноны нүүр хувиргалт үзэгчдийн сонирхлыг яах аргагүй татах байх. Монголдоо анхдагч гэхээр хувиргалт, эффектүүдийг ашигласан байсан?

-“Зоорь” киног бодвол илүү их ажиллагаатай байлаа. Бидний туршлагажиж байгаагийн нэг илрэл энэ байх. Бид өмнө хийсэн зүйлээсээ үргэлж илүүг хийх учиртай. Тийм ч учраас энэ удаагийн уран бүтээлдээ техник хэрэгсэл, график дизайн, зураг авалт, нүүр хувиргалт, жүжигчдийн дүр сонголт гээд бүхий л зүйлд маш их анхааран ажилласан. Маш том том хүнд зураг авалтууд хийгдсэн. Манай монгол киноны түүхэнд хоёр том машин мөргөлдүүлж онхолдуулсан зураг авалт хийгдэж байсан үгүйг ч хэлж мэдэхгүй байна. Тийм хүнд зураг авалтуудыг амжилттай хийлээ. Киноны нүүр хувиргалтыг маш мундаг хийдэг "Hoze's make up studio”-гийн нүүр хувиргагч Г.Хос-Эрдэнэ гэж залуутай хамтран ажиллалаа. Цаг үе, хөгжлөө дагаад нуүр хувиргалтын арга, хэрэгслүүд маш өөр болж байна. Тийм ч учраас Холливудын кинонд ашигладаг нүүр хувиргалтын аргыг эзэмшсэн залуу уран бүтээлчийг сонгож ажилласан. Үзэгчид киног үзээд өөрсдөө харах байх.

-Аливаа уран бүтээл бүхэн үзэгчдэд ямар нэгэн зүйлийг ойлгуулах, ухааруулж байдаг. Энэхүү “Хүүхэлдэй” уран сайхны киногоор үзэгчдэд юу хэлэхийг хүссэн бэ?

-Тэгэлгүй яахав. Ямарваа уран бүтээл үзэгчдэд хэлэх санаатай, өгөх сургамжтай байх ёстой. Кино урлаг өөрөө нийгмийн толь шүү дээ. Манай кино ч үзэгчдэд хэлэх санаатай. Яг одоо би тийм зүйлийг ойлгуулахыг хүссэн гээд хэлчихээр кино амтгүй болчих болов уу. Үзэгчид маань үзээд л ойлгоно. Маш их яригддаг сэдвийг энэ кинонд хөндсөн. Нийгмийн шүүмжлэлтэй талыг харуулчихсан гэхэд болно.

-Энэ удаагийн уран бүтээлд хувь уран бүтээлч Саранцэцэгийн их өөр өнцгөөс харуулсан дүр дээр ажилласан гэж сонссон?

-Би сайн найруулагчдын буянаар нэлээд олон уран бүтээлд янз бүрийн дүр бүтээж байна. Энэ бол жүжигчин хүний хувьд хүсч мөрөөдөж явдаг зүйл л дээ. "Хэцүү анги” кинон дээр зөөлхөн багш байтал, “Помогите нам" кинон дээр ааштай авгай, “Булингар” кинон дээр говийн зөөлхөн эмэгтэй, “Хүйн холбоо” кинонд ааш муутай эхнэр гээд янз бүрийн дүрүүд байдаг. “Хэцүү анги" киноны Сүнжид багшийн дүр урлагийн хүн болсны минь ач буяныг харуулсан дүр гэж боддог юм. Тэр кинонд урьж ажиллуулсан МҮОНТ-ийн хамт олон, найруулагч Даваахай агсан, найруулагч Ж.Биндэр, Б.Навчаа нартаа баярлаж явдаг даа. Намайг олон өнцгөөс харуулсан дүрүүдэд ажиллах боломж олгож байгаа хүмүүс шүү дээ. Энэ удаад ч “Хүүхэлдэй” уран сайхны киноны ерөнхий найруулагч Б.Цогт-Эрдэнэ намайг их өөрөөр харуулахыг зорилоо. Хүмүүс Сүнжид багшаар бодож байсан намайг энэ киноноос огт өөр дүрээр харах болно.

-Ер нь ямар хувь тохиолоор жүжигчин мэргэжлийг сонгох болов?

-Би ах, эгчтэйгээ өнчин өссөн л дөө. Аравдугаар ангид орох жилээ их сургуулийн хуваарь авахын тулд ах дүүсээ бараадаад Эрдэнэт рүү явж байлаа. Тухайн үед миний ээжийн том ах нь Эрдэнэт хотын Аюулаас хамгаалах газрын даргаар ажилладаг байлаа. Уг нь бол монгол улсын их сургуулийн хүнсний технологийн ангид элсэхээр төлөвлөж байсан юм. Эрдэнэтэд намайг их сайхан анги, хамт олон хүлээж авсан. Сургууль төгсөх дөхсөн үед, дөрөвдүгээр сард манай сургуульд дээр Багшийн их сургуулийн кино драмын ангийн шалгалт ирсэн. Ер нь хүүхэд бүрт жүжигчин, дуучин, эмч болох нууцхан хүсэл байдаг байх. Надад ч байсан. Тухайн үед Г.Доржсамбуу багш маань дөнгөж сургуулиа төгссөн шинэхэн багш ангийнхаа хүүхдүүдийг өөрөө сонгож явсан юм билээ. Ингээд эхний шалгаруулалтандаа орлоо. “Нарлаг хорвоод” гээд ээжийн тухай дуу, “Цэл залуу наныхаа гал дөлөөр бадарч...” гээд л шүлэг уншиж байсан. Тэгээд тэнцчихсэн. Ингэж явсаар хоёр, гуравдугаар шалгаруулалтдаа тэнцэж байлаа. Тэр үед миний ах М.Баярсайхан кино драмын дөрөвдүгээр курст сурдаг байлаа. Тэнцсэнийхээ дараа ахдаа хэлтэл их л дурамжхан хүлээж авсан даа. Ингээд Эрдэнэтээс таван хүүхэд шалгаж авахад УДЭТ-ын дарга УГЗ Цэрэнсамбуу, “Загийн алим” киноны Хүдэрт тоглодог Батбаяр, хошин урлагийн жүжигчин Ш.Алтанцэцэг, О.Бат-Өлзий бид тав тэнцэж байлаа. Эндээс л миний жүжигчин болох гараа эхэлсэн дээ. Багш минь биднийг үнэхээр жүжигчний мэргэжилдээ дур сонирхолтой болгосон хүн. Мөн тэр үед Л.Чаминчулуун багш маань бас дөнгөж сургууль төгссөн шинэхэн багш байлаа. Н.Цэвээнравдан багш бидэнд тайзны хөдөлгөөн заадаг байсан. Ардын жүжипнин Б.Мөнхдорж, Н.Сувд зэрэг мундаг багш нараар хичээл заалгадаг байлаа. Энэ сайхан багш нар надад жүжигчин мэргэжлийн амтыг мэдрүүлсэн дээ.

-Жүжигчин Ааяа буюу Алтанцэцэг та хоёрыг маш сайн найзууд гэдгийг мэдэх юм байна?

-Аяа бид хоёр чинь Багшийн дээд сургуулийн нэг ангид сурч байсан хоёр шүү дээ. Хоёулаа хотын охин. Бас яг надтай адилхан Эрдэнэтэд аравдугаар ангиа төгссөн юм. Жүжигчин болно гэсэн мөрөөдөлтэй охин байлаа. Тэр цагаас хойш 34 жил үерхэж байна.

-Ажлынхаа анхны гарааг ямар уран уран бүтээлээр эхэлж байсан бол?

-Сургуулиа төгсөөд Л.Лхасүрэн багштайгаа Эрдэнэтэд театрт илгээлтээр очиж Хөгжимт драмын театр байгуулж байлаа. Тэндээ гурван жил ажилласан. Ажлын анхны гараагаа Ф.Шиллерийн зохиол “Хар санаа ба хайр сэтгэл" эмгэнэлт сонгодог жүжгийн Мильфорд ахайтны дүрээр эхэлсэн. Харин дэлгэцийн уран бүтээлийн хувьд “Мандах нарны туяа” хэмээх Д.Сүхбаатарын залуу насны тухай хоёр ангит кинонд алтан үеийн уран бүтээлчидтэйгээ ажиллаж байлаа. Би өөрийгөө маш азтай хүн гэж боддог.

А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс"