sonin.mn


ОХУ-ын Улаан-Үд хотноо Монгол Улсын мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Новости Монголии” сонины 70 жилийн ойд зориулсан өдөрлөг энэ сарын 25-нд амжилттай эхэллээ. МОНЦАМЭ агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ариунболд тэргүүтэй төлөөлөгчдийг Улаан-Үд хотын 1-р орлогч дарга В.Г.Гаврилов хүлээн авч уулзан элэгсэг дотно яриа өрнүүлэв. Тэрбээр "МОНЦАМЭ-гийн төлөөлөгчдийг Улаан-Үдэд хүрэлцэн ирсэнд баяртай байна. МОНЦАМЭ агентлаг 90 жилийн түүхтэй гэдгийг бид сайн мэднэ. Бид Монгол улстай өнө эртний найрсаг харилцаатай. “Новости Монголии” сонин 1942 онд анх хэвлэгдэн гарч эхэлсэн. Тэр үе Дэлхийн II дайны хүнд бэрх цаг үе байсан билээ. Монголын ард түмэн Улаан армид бүх талаар туслалцаа үзүүлж байсныг бид сайн мэднэ. Манай Улаан-Үд хот Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудтай нягт хамтын ажиллагаатай байдаг. Бид ээлжлэн соёлын өдрүүдийг зохион байгуулсаар ирсэн.70 жилийн ойгоо тэмдэглэж буй “Новости Монголии” сонины хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе”гэлээ.


Мөн өдөр Калашниковын нэрэмжит Төв номын санд “Новости Монголии” сонины 70 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал болж түүнд Улаан-Үд хотын телевиз, сонин хэвлэл мэдээллийн сэтгүүлч, сурвалжлагчид болон Буриадын
монгол судлаач эрдэмтэд, Монголд амьдарч байсан буриад иргэд, оюутан залуус оролцон сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Өдөрлөгийг нээж МОНЦАМЭ агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ариунболд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ "Одоогоос 70 жилийн тэртээ 1942 оны 5 дугаар сарын 1-ний өдөр манай оронд орос хэл дээрх анхны сонин гарсан нь өнөөгийн “Новости Монголии” сонины түүхэн эхлэл байсан. Эх орны дайны жилүүдэд хэвлэгдэж эхэлсэн тус сонин дайны тухай мэдээллийг монголын уншигчдад цаг алдалгүй хүргэж, түүнчлэн тухайн үед БНМАУ-д өрнөж байсан үйл явдлын талаар оросын ард түмэнд мэдээлж байлаа. Тухайлбал, сонины анхны дугаарт Улаан армид туслахаар БНМАУ-ын СНЗ-өөс агт морьд худалдан авах тухай шийдвэр гаргасан, мөн 1942 онд малын тоо толгойг 30 саяд, сургуульд сурагчдын тоог 39 мянгад хүргэх тухай шийдвэр гаргаж байсныг мэдээлж байжээ. Монгол дахь анхны орос хэлээр гардаг сонины өнөөгийн дүр төрх, нийтлэлийн бодлогыг төлөвшүүлэхэд билгүүн номч, бичгийн их хүн, буриад Бямбын Ринчен өөрийн эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулсныг дурдахад таатай байна.

Дашрамд дурдахад, тус сонины редакцид Монголын тухайн үеийн нийгмийн шилдэг сэхээтнүүд болох гарамгай сэтгүүлч, нэрт орчуулагч, гадаад харилцааны мэргэжилтнүүд, дипломатууд ажиллаж байсан. Ойрын хөршөө мэдэхгүйгээр алс хэтийн бодлого, зорилгоо хэрэгжүүлэх боломжгүй билээ. Тиймээс “Новости Монголии” сонины өдөрлөгийг Улаан-Үд хотноо хийж байгаа юм. Бидний санал санаачилгыг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн Монгол Улсаас Улаан-Үд хотноо суугаа ерөнхий консул Л.Жавзмаа, Улаан-Үд хотын захирагч Г.А.Айдаев болон албаны бусад бүх хүмүүст талархал илэрхийлье” гэлээ.
Энэ үеэр Ерөнхий консул Л.Жавзмаа, Улаан-Үд хотын орлогч дарга бөгөөд эдийн засгийн хөгжлийн хорооны дарга З.Г.Сангадиев, Улаан-Үд хотоос Улаанбаатарт сууж буй төлөөлөгч А.Р.Дондубон нарт хүндэт өргөмжлөл гардуулав. Улаан-Үдчүүдэд Монгол Улс, МОНЦАМЭ-гийн товч танилцуулгыг үзүүлсэн нь ихэд сайшаагдаж байлаа. Мөн Монгол, Оросын хамтын үйл ажиллагааг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, “Хүмүүн бичиг” сонины” 20 жилийн ойд зориулсан үндэсний бичиг соёлын үзэсгэлэнгийн нээлт болов. Монгол үндэсний идээ, ундааны дээжсийг улаан-үдийнхэн амтархан зооглолоо.


Д.Догсмаа

Эх сурвалж: "Монцамэ"