Аймаг бүр хөгжих боломжтой. Гэхдээ хаанаас эхлэх, ямар салбарт давуу талаа ашиглах, юуг хамгийн түрүүнд өөрчлөхөө мэдэхийн тулд бодит мэдээлэл, судалгаа хэрэгтэй. Зарим аймаг байгалийн баялаг, газарзүйн байршлын давуу талтай бол нөгөө нь дэд бүтэц, үйлдвэрлэл, хүний нөөцөөрөө илүү боломжтой. Харин эдгээр нөөц бололцоогоо хэрхэн ашиглаж, хөгжлийн бодлогоо ямар чиглэлд тодорхойлох вэ гэдэг нь чухал асуудал юм.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2012 оноос эхлэн Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварыг жил бүр судалж, хөгжлийн давуу болон сул талыг тодорхойлж ирсэн.
Тус судалгаа нь тухайн орон нутагт хөгжлийн ямар боломж байгааг олж харах, тулгамдсан асуудлаа тодорхойлох, урт хугацааны бодлогоо судалгаанд тулгуурлан боловсруулахад чиглэдгээрээ давуу талтай. Тэгвэл аймгууд өрсөлдөх чадвараа яагаад тодорхойлох хэрэгтэй вэ? Судалгааны үр дүнг орон нутгийн хөгжилд хэрхэн ашиглах боломжтой талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал, Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуутай ярилцлаа.
-Танай төв байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын өрсөлдөх чадварыг судлахад анхаарч иржээ. Энэ чиглэлийн судалгааг эхлүүлэх болсон шалтгаан юу байв?
-Манай төв 2010 онд байгуулагдсан. Тухайн үед бизнесийн салбарт тэргүүлэгч компаниуд нэгдэж, бизнес эрхлэх орчин, бодлогын нөхцөлийг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн юм.
Монгол Улс цөөн хүн амтай. Дэлхийн олон тэрбум хүний дунд гурван сая гаруй монгол хүн хэрхэн сайхан амьдарч, ирээдүй хойч үе маань ямар орчинд өсөж, хөгжиж, өрсөлдөх вэ гэдэг асуудал бидний хувьд чухал.
Үүнийг бодитоор дэмжихийн тулд улс орны хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмжихээс гадна, өрсөлдөх чадварыг олон талаас нь үнэлэх шаардлагатай. Олон улсад улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлох хэд хэдэн аргачлал бий. Тухайлбал, Дэлхийн банкны Doing Business тайлан бизнесийн зохицуулалтын үзүүлэлтүүдэд суурилдаг бол Дэлхийн эдийн засгийн форумын судалгаа санал асуулгад илүү төвлөрдөг байсан. Манай төв Швейцарын IMD бизнесийн сургуулийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран ажилладаг.
Цаг хугацааны явцад Дэлхийн банк Doing Business тайлангаа 2021 онд зогсоож, B-READY нэрээр шинэчилсэн бол Дэлхийн эдийн засгийн форум 2019 оноос хойш улс орнуудыг эрэмбэлэхээ больсон. Харин IMD-ийн Дэлхийн өрсөлдөх чадварын төв уг судалгаагаа үргэлжлүүлэн гаргаж байна.
Гэхдээ дэлхийн бүх улс энэ тайланд хамрагддаггүй. Үүнд статистикийн мэдээллийн тогтолцоо нь хөгжсөн, томоохон компаниудтай байх зэрэг тодорхой шаардлага тавигддаг. Монгол Улс 2015 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд хамрагдах болсон. Үүнд бэлтгэхийн тулд манай төв таван жилийн турш ажилласан. Өнөөдөр бид олон улсын аргачлалд тулгуурлан Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан, аймгуудын болон нийслэлийн дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг боловсруулж байна.
-Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг жил бүр гаргахын ач холбогдол юу вэ? Орон нутгийн хөгжлийн бодлогод хэрхэн нөлөөлөх вэ?
-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2012 оноос хойш Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварыг жил бүр харьцуулан үнэлж ирсэн. Энэ удаагийн тайлан бол цувралын 15 дахь бүтээл юм. Судалгааны гол зорилго нь аймаг бүрийн давуу болон сул тал, хөгжлийн өөрчлөлтийг тодорхойлж, орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллээр хангах явдал. Манай төв төрийн бус байгууллагын хувьд аймгуудын хөгжлийн түвшнийг улс төр, төрөөс хараат бусаар үнэлдэг. Аймаг бүр өөрийн онцлогтой. Зарим нь уул уурхай, зам тээвэрт, зарим нь аялал жуулчлал, мал аж ахуйд түшиглэн хөгжиж байна. Тиймээс тухайн аймгийн хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих боломжгүй. Ийм учраас аймагт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдээс санал асуулга авч, тэдний байр суурийг судалгааны үр дүнд тусгадаг. Бид энэхүү үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу хийдэг.
УИХ-аас баталсан Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон жил бүрийн хөгжлийн хөтөлбөрүүдэд улсын өрсөлдөх чадварыг дэлхийн эхний 50 орны тоонд оруулах зорилт туссан байдаг. Үүний тулд аймгуудын өрсөлдөх чадварыг жил бүр сайжруулах бодлого хэрэгжүүлж байна.
Харин энэ бодлогын хэрэгжилтийг хараат бусаар хэмжих үүргийг манай төв гүйцэтгэдэг. Бидний хувьд аймгуудыг эхний болон сүүлийн байрт эрэмбэлэх нь гол зорилго биш. Харин тухайн аймаг ижил төстэй бусад аймагтай харьцуулахад ямар давуу болон сул талтай, цаашид ямар хөгжлийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг тодорхойлох нь чухал. Манай судалгааны онцлог нь хувийн хэвшилд тулгуурлан, урт хугацаанд чиглэсэн бодлогын хувилбарууд санал болгодогт оршино. Өрсөлдөх чадварын тайланг 2024, 2025 онуудад зөвхөн статистик мэдээллээр тооцсон бол энэ жил бизнес эрхлэгчдийн санал асуулгыг (2023 оноос хойш анх удаа) дахин оруулсан. Тиймээс 2025 онтой шууд харьцуулахгүй, санал асуулгыг мөн багтаасан 2023 оны тайлантай харьцуулах нь зөв. 2023 онтой харьцуулахад тэргүүлэгч аймгууд эхний бүлэгтээ хэвээр үлдсэн бол Дундговь (21→17), Архангай (17→14) зэрэг сүүл мушгиж явсан зарим аймаг байраа ахиулсан. Харин Төв (12→18), Хэнтий (8→13) зэрэг дунд бүлгийн зарим аймаг байраа нэлээд алдсан байна.
Энэ жилийн тайланд 2025 оны цогц статистик мэдээлэл болон 2026 оны бизнес эрхлэгчдийн санал асуулгын дүнг ашиглан дөрвөн үндсэн хүчин зүйлийн хүрээнд 115 үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадварын оноо болон эрэмбийг тооцсон юм.
Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг (100.0 оноо) тэргүүлж, Дорноговь (96.2), Орхон (92.3), Өмнөговь (79.8), Дорнод (76.5) аймгууд удаалсан байна. 2023 оны тайланд Орхон, Дорноговь, Дархан-Уул аймгууд эхний гурван байрыг эзэлж байсан бол энэ удаа Дархан-Уул гуравдугаараас нэгдүгээр байранд гарч, Дорноговь хоёрдугаар байраа хадгалж, Орхон гуравт, Өмнөговь дөрөвт орж, Дорнод аймаг зургаагаас тавдугаар байранд шилжлээ. Өрсөлдөх чадварын оноогоор сүүл мушгисан нь Булган (21-т, 34.0 оноо), Говь-Алтай (20-д), Завхан (19-д), Төв (18-д), Дундговь (17-д) аймгууд боллоо. Өмнөговь аймаг эдийн засгийн тамир тэнхээ, Дорноговь аймаг засаглалын үр ашиг, Дархан-Уул аймаг бизнесийн үр ашиг, Орхон аймаг дэд бүтцийн хүчин зүйлээр тэргүүлж байна.
-Аймгуудын эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болох боломжид сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс юу байна вэ?
-Хөдөө орон нутгийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй нийтлэг гурван гол үзүүлэлт бий. Эдгээр нь эрчим хүчний хангамж, зээл санхүүгийн олдоц, боловсролын чанар юм. Эрчим хүчний чиглэлээр бид тусгайлсан судалгаа хийж, төр засагтай хамтран ажилладаг. Цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Мөн энэ боломжийг ашиглан бизнес эрхлэгчдэдээ нэгэн уриалга хүргэмээр байна. Сүүлийн үед бизнес эрхлэгчид цаг зав багатай байдагтай холбоотойгоор санал асуулгад оролцохдоо бага зэрэг хойрго хандах болсон. Тийм ч учраас манай судалгааны санал асуулгад оролцож, бизнес эрхлэгчдийн дуу хоолойгоо хүргэсэн бүх хүнд талархал илэрхийлье. Ялангуяа Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллаж, танхимын салбар зөвлөлүүдээр дамжуулан бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нэгтгэж байгаагаа онцолмоор байна. Ингэснээр бид шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын зөвлөмж боловсруулж, төр засагт ил тод хүргүүлж байгаа юм.
-Орон нутгийн бизнес эрхлэгчдэд тулгарч буй хамгийн том бэрхшээлүүд юу байна вэ? Судалгаагаар ямар асуудал нийтлэг хөндөгдсөн бэ?
-Энэ жил 21 аймгийн бизнес эрхлэгчдээс орон нутгийн хөгжил, өрсөлдөх чадварт тулгарч буй гол асуудлыг нээлттэй асуултаар тодруулсан. Тэдний хариултаас гурван асуудал хамгийн их давтагдсан.
Юуны өмнө бизнесийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл 15 аймагт хамгийн олон дурдагдсан бөгөөд 21 аймгийн бүгдэд нь эхний таван асуудлын нэг байсан.
Мөн төрийн удирдлага, засаглалтай холбоотой хүндрэл 21 аймагт эхний гурван асуудлын нэгээр нэрлэгдэж, таван аймагт хамгийн олон давтагдсан байна. Харин хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, амьжиргааны асуудал 20 аймагт эхний таван бэрхшээлийн нэг болжээ. Тайланд аймаг бүрийн бизнес эрхлэгчдийн нэрлэсэн таван гол бэрхшээл, тухайн аймгийн өрсөлдөх чадварын давуу болон сул талыг дэлгэрэнгүй тусгасан. Эдгээр нь аймаг орон нутгийн удирдлагуудад ойрын жилүүдийн хөгжлийн төлөвлөгөөндөө юуг түрүүлж анхаарах, ямар асуудлыг шийдвэрлэхээ тодорхойлоход тусална гэж бодож байна.
-Энэ судалгааны үр дүнг орон нутгийн удирдлага хөгжлийн бодлогоо тодорхойлоход хэрхэн ашиглах боломжтой вэ?
-Бид энэхүү судалгааг аймгуудад хамгийн хэрэгцээтэй эх сурвалжуудын нэг гэж үзэж байгаа. Учир нь олон төрлийн мэдээлэл цуглуулж, санал асуулга явуулан, тухайн аймгийн нөхцөл байдлыг шинжлэх ухааны аргачлалд тулгуурлан боловсруулж, бэлэн мэдээлэл болгон хүргэж байгаа юм. Манай төв аймаг бүрд товч зөвлөмж боловсруулан хүргэдэг. Тухайлбал, тухайн аймгийн давуу болон сул тал, тулгарч буй хүндрэл, цаашид ашиглах боломжуудыг тодорхойлж өгдөг. Цаашид эдгээр асуудлыг илүү дэлгэрүүлж, нарийвчилсан судалгаа хийхэд ч манай төв хамтран ажиллахад бэлэн байна.
Зарим аймаг манай төвд хандаж, өрсөлдөх чадвараа хэрхэн сайжруулах, 2032 он хүртэлх хугацаанд эрэмбээ ахиулж, эхний тавд багтахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай талаар зөвлөгөө авдаг. Тайлантай esan.mn болон ecrc.mn сайтаас бүрэн эхээр нь танилцах боломжтой.




П.АМГАЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 11 сарын 23,
2026
Сэтгэгдэл0