Найман жилийн турш огторгуйн уудамд аялсны эцэст BepiColombo сансрын аппарат Буд гаргийн тойрог замд орсон тухай Европын сансрын агентлаг /ESA/ мэдээллээ. Уг аппаратыг 2018 онд Францын далайн чанад дахь Гвиана мужид байрладаг сансрын хөлгийн буудлаас хөөргөсөн юм. Уг төслийг Европын сансрын агентлаг болон Японы Агаар сансрын судалгааны агентлаг /JAXA/ хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Наранд хамгийн ойр оршдог, Нарны аймгийн хамгийн жижиг гараг болох Будыг илүү нарийвчлан судлах юм. Уг гаргийн гадаргуугийн температур өдрийн цагт +430 хэм, шөнө -180 хэмд хүрдэг байна.
BepiColombo сансрын аппарат Дэлхийтэй холбоо тогтоосон бөгөөд Буд гаргийн тойрог замд амжилттай оржээ. Ирэх 12 дугаар сард Европ, Японы судалгааны модулиудыг салгаснаар 2027 оны дөрөвдүгээр сард эрдэм шинжилгээний хөтөлбөр эхэлнэ. Хөтөлбөрийн хүрээнд олж авах мэдээллүүд нь Буд гаргийн бүтцийн онцлогийг нарийвчлан тодруулах, Нарны аймгийн үүсэл хөгжлийг илүү сайн судлах боломж олгоно хэмээн эрдэмтэд найдаж байна.
Б.Адъяахүү
Даваа - 11 сарын 23,
2026
Сэтгэгдэл0