sonin.mn

АНУ дахь телефон утасны дугааруудыг ашиглах гэсэн БНХАУ-ын харилцаа холбооны компаниудын боломжийг хязгаарласны хариуд тодорхой арга хэмжээ авахаар Хятадын эрх баригчид төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Худалдааны яам мэдэгдлээ.


"Холбогдох арга хэмжээнүүдээ нэн даруй цуцалж, асуудлыг зөвлөлдөх замаар шийдвэрлэх зөв зам руу орохыг бид уриалж байна. Хятад улс шаардлагатай арга хэмжээг авч, өөрийн ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно" гэж мэдэгдэлд дурджээ.


"China Telecom", "China Unicom", "China Mobile" зэрэг Хятадын харилцаа холбооны оператор компаниудын АНУ дахь утасны дугаарыг ашиглах боломжийг хязгаарлаж магадгүй байгаа юм. Хятадын Худалдааны яамны мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын Харилцаа Холбооны Комисс (FCC) нь ямар ч баримт үндэслэлгүйгээр үндэсний аюулгүй байдалд учрах эрсдэлийг дурдаж, зохицуулах эрх мэдлээ урвуулан ашиглаж байна. Ингэснээрээ ялгаварлан гадуурхахгүй байх, шударгаар өрсөлдөх зарчмуудыг зөрчиж, АНУ-д үйл ажиллагаа явуулж буй Хятадын харилцаа холбооны компаниудыг хорлонтойгоор онилж байна.


Иймэрхүү үйлдлүүд нь хоёр улсын төрийн тэргүүн нарын хийсэн чухал тохиролцоонуудтай зөрчилдөж, Хятад-Америкийн худалдаа, эдийн засгийн харилцааны тогтвортой байдлыг алдагдуулна.


Хятадын харилцаа холбооны компаниуд АНУ-ын телефон утасны дугааруудад шууд хандах боломжийг хязгаарлах тухай журмыг батлах нь зүйтэй гэсэн саналыг Харилцаа холбооны комисс (FCC) гаргасныг Ройтерс агентлаг өмнө нь мэдээлж байсан юм. Энэхүү шийдвэрийг үндэсний аюулгүй байдлын үүднээс гаргажээ.



Б.Адъяахүү