Нүүрс тээврийн жолооч нар болон тээврийн компаниудын төлөөлөл авто зам ашигласны төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор тээвэрлэлт зогсонги байдалд орж, аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлд ороод байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэдний мэдээлснээр, энэ сарын 18-наас эхлэн Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто зам ашигласны төлбөрийг нэг тонн нүүрс тутамд 3.4 ам.доллар хүртэл тогтоох шийдвэр хэрэгжиж эхэлжээ. Энэ нь өмнөх тарифаас дөрөв дахин өндөр төлбөр бөгөөд нүүрс тээврийн компаниудын үйл ажиллагаанд ноцтой хүндрэл учруулж байгааг тээвэрчид онцоллоо.
Түүнчлэн концессын гэрээний 1.27 дахь заалтад тусгасан дээд тарифыг мөрдүүлэхийн зэрэгцээ тээврийн компани бүрийг өөрийн дансанд 50 сая төгрөг байршуулахыг шаардсан нь санхүүгийн хувьд боломжгүй нөхцөл үүсгэж байна гэж тэд үзэж байгаа аж.
Энэ талаар тээвэрчдийн төлөөлөл “Нүүрсний экспортын тээвэр зогсонги байдалд орлоо. Зам, тээврийн сайдын А/275 дугаар тушаалаар Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 260 километр авто замыг хөдөлгөөнд нээх шийдвэр гаргасан. Уг замыг ‘Тал нутгийн хөгжлийн зам’ компани хариуцаж байгаа бөгөөд энэ шийдвэртэй холбоотойгоор тээвэрчдэд олон хүндрэл үүсэж байна.
Тухайлбал, нэг тонн нүүрс тээвэрлэхэд авто зам ашигласны төлбөрт 3.4 ам.доллар төлөхөөр болсон нь одоогийн зардлаас дөрөв дахин өндөр үзүүлэлт юм. Ийм хэмжээний төлбөр төлөх санхүүгийн боломж тээврийн компаниудад байхгүй.
Мөн Гашуунсухайтын чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нэг чигийн тойрог хөдөлгөөний зохион байгуулалтад шилжүүлснээр нэг удаагийн тээвэрлэлтийн зам ашигласны төлбөр 2.2 сая төгрөгт хүрэхээр байна. Гэтэл тээвэр эрхэлж буй аж ахуйн нэгжүүд шатахуун, жолоочийн цалин болон бусад зардлаа хасаад нэг тээвэрлэлтээс дунджаар 500 орчим мянган төгрөгийн ашигтай ажилладаг. Ийм нөхцөлд зам ашигласны төлбөр огцом нэмэгдэх нь компаниудыг алдагдалд оруулж, үйл ажиллагаагаа зогсооход хүргэж байна” гэв.
Тээвэрчдийн зүгээс 2019 онд авто замын концессын гэрээ байгуулж, зам ашигласны тарифыг тогтоохдоо тээврийн компаниуд, жолооч нар болон холбогдох аж ахуйн нэгжүүдийн саналыг аваагүй гэж шүүмжиллээ. Тэдний үзэж байгаагаар, тээврийн салбарын бодит нөхцөл, зардал, орлогын боломжийг харгалзаагүй шийдвэр нь өнөөгийн хүндрэл үүсэх нэг шалтгаан болжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага нэгдэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байна.
Тэд авто зам ашигласны төлбөрийг эргэн харах, тээврийн компаниудад тавьж буй санхүүгийн шаардлагыг бодит нөхцөлтэй уялдуулах, нүүрсний экспортын тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдүүлэхийг хүсэж байгаа юм.
Мөн нүүрс тээврийн зогсонги байдал удаан үргэлжилбэл тээврийн компаниуд, жолооч нарын орлого төдийгүй нүүрсний экспортын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудыг асуудалд яаралтай анхаарч, тодорхой шийдвэр гаргахыг шаардлаа.
М.Чой
Даваа - 11 сарын 23,
2026
Сэтгэгдэл0