Энэ удаагийн дугаартаа “Амьдралд тавтай морил”, “Single Ladies", “Сүүлчийн шөнө” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн танил болсон “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин О.Дөлгөөнтэй ярилцлаа.
 
-Өнгөрсөн намар “Сүүлчийн шөнө” дэлгэцийн уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзсанаас хойш хэсэг нам гүм байлаа. Ярилцлагаа уран бүтээлийн шинэ сониноосоо хуваалцаж эхэлье?
 
-“Сүүлчийн шөнө” кинонд ажилласныхаа дараа л нам гүм болчихсон юм биш л дээ. Энэ сарын 6-нд нээлтээ хийх “Хүрэлхүү" фильмийн бүтээл болох “Хамтран амьдрагч” нэртэй кинонд бас ажилласан. Яг одоо “Аигога” фильмийн бүтээж буй бүрэн хэмжээний дэлгэцийн уран бүтээлтийн гол дүр дээр ажиллаж байгаа. Зураг авалт ид үргэлжилж байна.
 
-Хэсэг хугацаанд эх орондоо байсангүй. Ирэнгүүтээ залуусын хайр сэтгэлийн сэдэвтэй киноны гол дүр дээр ажиллаж байгаа юм байна. Энэ кинонд Дөлгөөн ямар дүр дээр ажиллаж байгаа бол. Өмнө бүтээсэн дүрүүдээс энэ дүр юугаараа хувь жүжигчинг өөр өнцгөөс харуулах вэ?
 
-Энэ кино маань өөрөө залуусын тухай кино. Би нэгэн оюутан охины дүр дээр ажиллаж байна. Анхны хайр гэж зүйл ямар үнэ цэнэтэй байдаг тухай, хүн ер нь анхны харцаар дурладаг уу гэх мэтчилэн мөнхийн сэдэв болох хайр сэтгэлийн тухай энэ кино өгүүлнэ. Ариухан, цагаахан анхны хайрынхаа төлөө бүхнээ зориулахад бэлэн тийм л охины дүр дээ. Би өөрөө эерэг царайтай хүн юм шиг байгаа юм. Тийм болохоор ч тэр үү ихэнхдээ хайр сэтгэлийн гол баатар, эерэг дүр оногдож байна.
 
-“Сүүлчийн шөнө” кинонд анх удаа нүцгэлж тоглосон шүү дээ. Тухайн үед үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас байв уу?
 
-Байлгүй яахав. Анх удаа дэлгэцэнд нүцгэлсэн. Гэхдээ тэр бол уран бүтээл. Би ямар өөр шалтгаанаар нүцгэлж шуугиан тарьсан биш. Тухайн уран бүтээлд, тухайн дүрдээ ажиллахдаа миний хийх л ёстой зүйл байсан. Тэр Амирлан гэж дүр нүцгэлсэн болохоос биш Дөлгөөн нүцгэлээгүй гэж би өөрөө өөртөө боддог юм. Ер нь жүжигчин хүн ямар ч дүр дээр ажиллах ёстой. Дүрээ амилуулахын тулд ямар ч зүйлийг хийх л ёстой.
 
-Хэсэг хугацаанд гадаадад амарч байгаад ирсэн гэсэн. Хаагуур яваад ирэв ээ?
 
-Хүүтэйгээ хамт Америкт, Лос Анжелес хотод байж байгаад ирлээ. Нэг их удаагүй шүү дээ. Амралтын байдалтай байж байгаад л ирлээ.
 
-Таныг нам гүм байх хэсэг хугацаанд үзэгчдийн янз бүрийн л таамаг гарлаа шүү дээ. “Мөрөөдлийн театр”-аасаа гарчихлаа ч гэх хүмүүс байсан. Үүнд тайлбар өгөх үү?
 
-Харин тийм ээ. Тийм яриа гарсан байна лээ. Гэхдээ намайг гадагшаа явах гэж байгааг манай театрынхан мэдэж байсан. Хүүгээ төрүүлснээсээ хойш албан ёсоор театрынхаа уран бүтээлээс түр хугацаагаар чөлөө авсан. Гэр бүлээрээ явсан болохоор урт хугацаагаар, суурьшиж амьдрахаар явсан гэсэн буруу ойлголт, мэдээлэл гарсан байсан.
 
-Ээж болоод нэг жилийн хугацаа өнгөрлөө. Эх хүн болсон анхны мэдрэмж ямар байв?
 
-Зүйрлэхийн аргагүй мэдрэмж төрдөг юм билээ. Хамгийн анх хүүгээ хараад, үнсэх тэр мэдрэмж хорвоо дээр хүн болоод мэдэрсэн хамгийн сайхан мэдрэмж байсан.
 
-Жил гаруйн хугацаанд уран бүтээлээ завсарлалаа. Хүүгээ хараад гэртээ суух үедээ уран бүтээлийн ажлаа үгүйлж байв уу?
 
-Маш их ритмтэй, тасралтгүй хөдөлгөөнтэй ажил хийж байсан учраас ажлаа үгүйлэх үе гарч байлаа. Хурдхан л ажилдаа ормоор, уран бүтээлдээ ормоор санагдаж байсан. Гэхдээ бас яг ажлаа хийгээд завгүй байх үедээ хүүтэйгээ цагийг өнгөрөөмөөр, амармаар санагдах юм. Хүү маань энэ сарын 7-нд нэг ой хүрнэ. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юмаа.
 
-Ээж болсон хэдий ч Дөлгөөнд жаахан охины дүрүүд ирээд байх шиг. Эх хүний дүрд ажиллаж үзэх юмсан гэсэн бодол төрж байна уу?
 
-Эх хүний дүрд ажиллаад үзчихсэн шүү. Түрүүн ярьсан “Хамтран амьдрагч” кинонд үр хүүхдийнхээ төлөө гэсэн эх хүний дүрд ажилласан. Анх зохиолыг нь уншаад л таалагдсан дүр. Би өөрөө эх хүн болчихсон болохоор уйлаад л зохиолоо уншиж байлаа.
 
-Таныг үзэгчдэд хамгийн их таниулсан уран бүтээл бол яах аргагүй “Амьдралд тавтай морил” телевизийн олон ангит кино. Энэ кинонд ажиллаж байх үедээ л “Мөрөөдпийн театр”-ынхантайгаа анх холбогдож байв уу? 
 
-“Амьдралд тавтай морил” кинонд Г.Эрхэмбаяр ах маань бас ажилласан шүү дээ. Тэгэхэд Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай ах нар маань Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан. “Амьдралд тавтай морил” кино хийгдээд дууссаны дараа ах нар маань тусдаа театрт байгуулах гэж байгаа тухайгаа надад хэлсэн юм. Гэхдээ шууд үндсэн жүжигчнээр ажиллах санал тавиагүй. Шинээр тавих гэж байгаа жүжгийнхээ дүрийн шалгаруулалтад орох санал тавьсан л даа. Би ч тэр үед оюутан байсан болохоор их дуртай очиж шалгуулсан.
 
Над шиг оюутан, театрынхаа тайзан дээр л гарч байсан хүнд тэр том Соёлын төв өргөөний тайзан дээр гарах боломж олдож байхад дуртай байлгүй яахав. Бас их айж байсан. Шалгаруулалт өгч тэнцээд “Миний нууц хүү” жүжигт орж ажилласан. Анхны уран бүтээл байсан учраас алдаа, оноо их л байлаа. Маш их зүйлийг сурсан даа. Харин энэ жүжиг тавигдаж дууссаны дараа надад “Мөрөөдлийн театр”-ын үндсэн жүжигчнээр ажиллах санал тавьсан. Дуртай нь аргагүй зөвшөөрч энэ сайхан хамт олныхоо нэг болсон доо. Амьдралд минь ирсэн хамгийн анхны, хамгийн том боломж байлаа.
 
-Жүжигчин хүн бүрийн дотор бүтээх юмсан гэж бодож явдаг дүр байдаг байх. Таны хувьд зохиолыг нь унших бүрдээ дотроосоо шатдаг, автдаг дүрээ нэрлээч?
 
-Байлгүй яахав. Жүжигчин мэргэжлийг эзэмшихээсээ ч өмнө, бага байхдаа “Ромео, Жульетта”-гийн Жульеттад тоглохыг мөрөөддөг байлаа. Оюутан байхдаа ч тэр. Ядаж нэг оюутны ажил болгоод ажиллачих юмсан гэж бодолтой явдаг байлаа. Харамсаптай нь боломж гараагүй. Одоо ажиллаж "Aurora” фильмийн энэ киног орчин цагийн "Ромео, Жульетта” гэж хэлж болохоор шүү. Залуусыг хэт хөнгөн хийсвэр битгий байгаасаа аливаа зүйлсд чин сэтгэлээсээ ханддаг байгаасай гэж уриалах кино.
 
-Ингэхэд ямар тохиолоор жүжигчин мэргэжлийг эзэмшихээр шийдэв. Гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн байдаг уу?
 
-Гэр бүлийнхэн дунд байхгүй ээ. Багаасаа л жүжигчин болохыг мөрөөдсөн. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө алхам алхмаар урагшилж байгаа нь энэ.
 
-Дөлгөөн хаана төрж, өссөн бол?
 
-Би Бага тойргийн хүүхэд шүү дээ. Бага тойргийн цэцэрлэгт хүмүүжиж, мөн л Бага тойрогт байрлах нийслэлийн тавдугаар дунд сургуулийг төгссөн. Оюутан болоод ч тэр. Соёл урлагийн их сургууль маань бас л Бага тойрогт байдаг шүү дээ.
 
-Телевизийн олон ангит киноны санал хэр ирж байна вэ. Дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны киноных бол нэлээд ирж байх шиг байна?
 
-Уг нь ирж л байна. Гэхдээ яг одоогийн байдлаар хүү маань арай бага байна. Зураг авалтын талбайд байрлах, удаан хугацаагаар зураг авалтад явахад хүндрэл гарах байх. Тийм болохоор татгалзаж байна.
 
-Тайз, дэлгэцийн уран бүтээлийн аль алийг хослуулан ажиллана гэдэг хэцүү. Дээр нь гэрийн эзэгтэй, ээж хүний үүргээ орхигдуулж болохгүй. Таны хувьд энэ их ажлыг хэрхэн амжуулж байна вэ?
 
-Гэр бүлтэй эмэгтэй уран бүтээлчдийг би супер хүмүүс гэж боддог. Өмнө нь ингэж боддоггүй байж. Өөрөө ээж, эхнэр хүн болсныхоо дараа ойлгодог юм байна. Үр хүүхэддээ, хань ижилдээ анхаарал тавих ёстой. Давхар уран бүтээлээ хийх ёстой. Маш их завгүй болдог юм байна. Тэр болгоныг нарийн төлөвлөгөөтэй, зохицуулж байхгүй бол аль нэгийг нь орхигдуулж болохгүй. Чадлынхаа хэрээр хичээгээд, мунгинаад л явж байна. 
 
-Гэр бүлийн хүнээ танилцуулаач?
 
-Миний нөхрийг Очирпүрэв гэдэг. Гадаад харилцааны менежер мэргэжилтэй. Одоо хувиараа бизнес эрхэлдэг залуу бий.
 
-Бяцхан хүүдээ аав, ээж хоёр нь нэрээ таллаж өгсөн гэж сонссон. Энэ үнэн үү?
 
-Бид хоёр хүүдээ Ивээлт-Од гэж нэр өгсөн. Аав, ээжийнх нь нэрний эхний үсгүүдээс Од гэсэн нэр бүтэж байгаа юм.
 
-Сүүлийн үед ихэнх эмэгтэй жүжигчид телевизийн салбарт давхар ажиллах болж. Энэ салбарт ажиллах санал ирж байв уу. Өөрөө сонирхдог уу?
 
-Телевизийн нэвтрүүлэг хөтлөх санал ирж байсан. Гэхдээ театрт харьяалалтай учраас байнгын ажиллана гэж байхгүй.
 
--“Мөрөөдлийн театр”-ынхан шинэ уран бүтээлээ хэзээ үзэгчдэд хүргэх вэ. Таны хувьд хэзээнээс театрынхантайгаа тайзан дээрээ гарах бол?
 
-Тун удахгүй, энэ сарын сүүлээр манай театр хавар цагийн нээлтийн тоглолтоо үзэгчдэд хүргэнэ. Энэ тоглолтдоо хараахан оролцож амжихгүй байх. Харин дараагийн тоглолтоос тайзан дээрээсээ үзэгчидтэйгээ уулзана.
 
А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс"