sonin.mn

Шадар Сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийв.


Тэрээр энэ үеэрээ: “Х.Баттулга өнөөдөр УИХ-ын гишүүний ажлаа өгөөд шалгуулах ёстой. Яагаад би энэ зарчмыг хатуу баримталж байна вэ гэхээр 2020 онд намайг төрийн дансанд байсан 3.9 тэрбум төгрөгийг завшиж, үрэгдүүлсэн мэтээр маш зохион байгуулалттайгаар гүтгэсэн.


Улмаар тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурорт чиглэл өгч, миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн гэж би үздэг. Тэр үед УИХ миний бүрэн эрхийг хамгаалж үлдсэн. Гэсэн ч би өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр болсон. Ингээд шалгуулсан.


Харамсалтай нь хууль хоёр нүүртэй, хүний царай харж үйлчилдгийг мэдэлгүй гэнэдсэн. Тухайн үеийн холбогдох албан тушаалтнууд, тэр дундаа өнөөгийн АТГ-ын дарга Дашдаваа, Нийслэлийн ерөнхий прокурор байсан Ш.Нямдорж, Пүрэвдагва, С.Мөнхгэрэл, дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Ринчинхорол нар надад 7.7 жилийн ял төлөвлөсөн гэж би үздэг. Улмаар таван жилийн хорих ял оноож, би нэг жил хилс хэргээр хоригдсон. Эцэст нь Улсын дээд шүүх хэргийн зүйлчлэл буруу байсныг тогтоож, намайг цагаатгасан.



Би хилс хэрэгт холбогдож, түүний зовлонг биеэрээ туулсан хүн. Тиймээс одоо Х.Баттулга ч адилхан зарчим баримтлах ёстой. Х.Баттулга аа, өөрөө ажлаа өгөөд шалгуул.



Тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хэн байсан, энэ асуудалд хэн хэн хамааралтайг тогтоох хэрэгтэй. Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гээд холбогдох бүх хүн адилхан шалгуулах ёстой. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх учиртай.

Өнөөдөр шударга ёс гэдэг үг үнэ цэнээ алдаж, хямдхан уриа болж хувирчээ. Энэ үгэнд дахин амь оруулах хэрэгтэй байна.

Хамгийн ноцтой нь энэ бүхэн зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудал биш. Монгол төрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал юм.


Ард иргэд ч үүнийг л хүсэж байна. Авлига, хулгайн хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн хэн нь гэм буруугүй, хэн нь хуулийн хариуцлага хүлээх ёстойг нэг мөр тогтоох цаг болсон. Өөрөөр хэлбэл, шударга ёсны төлөө эрс өөрчлөлт хийх цаг ирсэн гэж би үзэж байна.


Тиймээс энэ асуудлаар хянан шалгах хороо байгуулахыг УИХ-ын гишүүдээс хүсэж байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дэмжиж ажиллахыг уриалж байна.

Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа "Г.Батхүү агсны амь насыг хохироосон хэрэгт Н.Номтойбаярыг холбо’" гэж тухайн үеийн ЦЕГ-ын дарга С.Баатаржавт хэлж байсан . Аз болоход хууль дээдэлдэг цагдаагийн даргатай таарсан” хэмээн мэдэгдлээ.


М.Чой