Технологийн дэвшлийг дагаад янз бүрийн өвчин дэлгэрч байна даа. Тэднийг эмчилж байгаа болон эмчлэхээр зорих юу ч хийгээгүй л байна. Монголчууд бидний генд нэг сайхан чанар байдаг байлаа. Бөөрөнхий гэртээ гэр бүлээрээ амьдардаг болохоор амандаа муу үг зуухыг цээрлэдэг уламжлалтай. Ийм байдлаар олон мянганыг өнгөрөөснөөс ч үү үндэстний хувьд хэлдэг элдэв хараал ер нь байдаггүй шүү. Гэтэл өдгөө интернэтэд бүх л зүйлийг өөрийн хүссэнээр харааж, атаач эсвэл янз бүрийн гаж донгоо гайхуулж орилолддог хүмүүстэй боллоо.
 
Манайхан итгэл даах хүнийг “юманд голтой”, "буурьтай” гэх мэтээр ярьдаг. Гэтэл мөн л цахим орчинд аливаа зүйлд өнгөц дүгнэлт гаргаж нийтээрээ баалж суух дуртай боллоо. Хэн нэгнийгээ өөрсдийн дунд амьдрах эрхгүй болгочихож байна. Нэг банди үерхэх гээд зөвшөөрөөгүй охиноо шившиглэх гээд гэрээсээ хулгай хийгээд зугтсан гээд зургийг нь цахим хуудсуудад тараачихаж билээ. Өөр өөрийн хуудсандаа олон хүн татаж харааснаас болоод өнөөх охин сэтгэлээр унаж амиа хорлохыг завдаж сүүлдээ сургуулиас гарсан байдаг. 
 
Цаад учрыг нь ололгүйгээр хэдэн ч хүнийг нийлээд идчихэв дээ. Түүнээс гадна зураг авч шуугиан тарих хүндхэн өвчин байна. Энэ ч бүр аймшигтай хэлбэр л дээ. Энхтайвны гүүрэн дээр осолдсон машинаас хүний амь аварсан залуугаас сэтгэгдлийг нь авч байхад “Бусад хүмүүс туслалгүй зураг л аваад байсан” гэж билээ. Бүтэн долоо хоног өнгөрчихөөд байхад хөлөндөө гуталнаас өөр юмгүй яваа жаахан бандийн зургийг интернэт ертөнцөөр тарааж эцэг, эхийг нь харааж байна. 
 
Төрийн буруу ч гэлцэх юм. Иргэдийг юм бүхэнд уурлахад турхирдаг коммент уншаад өөрийнхөөрөө тайлбарлаад байдаг нэг марзан нэвтрүүлгээр хүртэл гарч байна лээ. Ингэхэд эцэг, эх нь хөөсөн биш дээрэмдүүлээд явж байсан хүүхэд байвал яах болж байна. За яахав амьдрал эрээнтэй бараантай гэж бодьё. Тэгвэл зураг авч байсан хүн нь очоод хувцсаа нөмрүүлэхгүй яагаа вэ.
 
Манайх хүн ам цөөтэй орон. Тийм ч болохоор муу үг хурдан тарж удаан арилдаг. Хүний амьдралыг дураараа шүүх эрх хэнд ч байх ёсгүй. Түүний дээр дээрх өвчний шинж тэмдэг хүүхдүүдийн дунд хэтэрхий их байх юм. Энэ ч муугийн дохио доо.
 
Ж.Баяр
Эх сурвалж: "Нийслэл таймс"