Цагаан сарын баяр дөхөж айлууд ууц, мах, буузаа хупгайд алдах тохиолдол нэмэгджээ. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Саруултуяагаас тодруулаа.
 
-Бууз, махаа хулгайд алдаж байгаа хэрэг гарах нь эхэссэн гэсэн мэдээлэл байна. Цагдаагийн байгууллагад энэ төрлийн хэрэг хэр бүртгэгдэж байна вэ?
 
-Сар шинийн баяртай холбоотой амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс цоож цуурга муутай, эзэнгүй айлын ууц, бууз, мах, хөөрөг дээл гэх мэт эд зүйлсийг хулгайлах хэрэг сүүлийн өдрүүдэд гарах болсон. Тухайлбал, Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэсвгэрт иргэн Б-ийн үүдний амбаараас найман кг бууз, гулууз мах нь алдагдсан хэрэг гарсан. 
 
Мөн Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт иргэн Г-ийн гаднаас хоёр морь хулгайд алдагдсан хэргийг тус дүүргийн цагдаагийнхан шалгаж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг дэвсгэрт гараашаас хоёр уут, 15 кг үхрийн мах алдсан хэрэггарсан байгаа. Тусдүүргийн X хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-ийн агуулахаас хонины 38 ширхэг гулууз мах алдагдсан байна. 
 
Тиймээс иргэд сонор сэрэмжээ дээшлүүлж амбаар, агуулах, гарааш дотроо эд зүйл хадгалж байгаа бол цоож цуургаа баталгаатай болгох хэрэгтэй. Мөн иргэд хямд цоожинд найдаж хэчнээн зуун, сая төгрөгийн өмч хөрөнгөө хамгаалалтгүй орхиж болохгүйг сануулмаар байна.
 
-Тэгэхээр гэрээ эзэнгүй орхиж болохгүй байх нь ээ?
 
-Тийм. Өнгөрсөн жилийн сар шинийн баярын битүүний өдөр щинэ дээл хувцас, ууц, бууз, идээ будаагаа алдчихлаа гэсэн олон буурай цагдаагийн байгууллагад хандсан. Голоо харлатал гомдож, уйлж суусан тохиолдол ч цөөнгүй гарч байсан. Сар шинэ гарахад арав гаруйхан хоног үлдээд байгаа энэ үед гэрээ эзэнтэй байлгах хэрэгтэй. Мөн найдвартай цоожоор гэрээ цоожлоорой гэдгийг дахин сануулмаар байна. 
 
Хулгайч нар өдрийн цагаар иргэдийг эзгүй болон шөнийн цагаар амрах үед нь эд зүйлсийг нь хулгайлж байна. Мөн гэмт үйлдэл, халдлагад өртөгдөхгүйн тулд иргэн та гэр, орон сууц, агуулах, амбаар, байгууллага, оффис зэрэг өөрсдийн эзэмшлийн газруудыг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй байна. Түүнчлэн хамгаалалтын бэхэлгээ, дохиоллын төхөөрөмж, камерын хяналттай байлгах, цоож, цуурганы бат бөх, найдвартай байдлыг хангах, хөрш, зэргэлдээ айлын хүмүүстэйгээ аюулгүй байдлын талаар харилцан санал солилцож, хөршийн холбоо үүсгэх шаардлагатай байгаа юм.
 
-Хулгайчид тухайн айлыг судалж байгаад очдог. Ер нь бүлэглэж үйлдэх нь ихэссэн гэдэг. Үүнд цагдаагийн байгууллага хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?
 
-Хулгайчдын арга заль нарийссан. Өдрийн цагаар айлаар малын тэжээл зарах нэрийдлээр тухайн айлд хэдэн хүн байгааг ажиглаж, хулгай хийх боломж, авах зүйл юу байна гэдгийг судалж байдаг. Тэр ч бүү хэл цоож цуурга нь ямархуу юм гэдгийг ажиглаад авах жишээтэй. Тиймээс таньж мэдэхгүй хүн ямар нэгэн зүйл асууж, лавлах, элдэв зүйл зарна гэх байдлаар хаалгыг тань тогших, танайд орохыг хүсвэл үнэмлэхийг нь шалгаж, сэжиг бүхий хүн байвал цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдэгдэхийг анхааруулъя.
 
Эх сурвалж: "Нийслэл таймс"