Зөвшөөрөлгүй барилга Улаанбаатар хотод тоогоо алдсан. Элдэв хэлэлцүүлэг хийгээд эсэргүүцдэг байлаа. Арай л жагсаал цуглаан болоогүй байх. “Барилгын компаниуд даварч байна” гэж ярих олон хүн бий. Асар олон нар тагласан, автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайг булаасан барилга байхад цаад эзэн нь хэн болоод зөөлчилсөн юм бүү мэд нэг барилгыг нураах болов.
 
Ингээд нэг компанитай зөвшилцөж өнөө байгууллага нь 100 айлаас хэдэн хүн хөлслөөд нурааж эхэллээ. Үүнийг ч хэвлэлийн байгууллагууд анхаарч хууль дүрмээ зөрчвөл ингэдэг юм хэмээн сурвалжлав. Гэвч өнөө барилгыг нураагаад өгөөч гээд байсан хажуу байрны оршин суугчид нь “Хүний хайран эд хөрөнгийг нурааж байна даа. Үүнийхээ оронд төр өмчдөө аваад ашиглавал хэрэгтэй байх. Бусдын эд хөрөнгийг сүйтгэж байгааг харах эвгүй юм. Ингэнэ гэж бодсонгүй” гэж ярьж байх юм.
 
Саяхан даа “Шинэ үе” продакшны хоёр эмэгтэй жүжигчин шүүхээр орж дуулиан тарьсан. Нэгнийхээ дээрээс халуун ус асгаж гэмтээснийг нь улс даяараа л жигшиж байсан. Тийм ч учраас анхан шатны шүүх хурал болж өнөөх ус цацдагт нь олон жилийн ял оноож орхисонсон. Гэтэл түлэгдсэн жүжигчин хэвлэлээр “Шүүх хурлаар ийм өндөр ял өгчихнө гэж бодсонгүй. Харамсаж байна” гээд яриад байсныг олон л хүн уншсан байх.
 
Хууль дүрэм гэдэг уур нь хүрэхээр нэг зүйл ярьж, гарахаараа уучилчихдаг зүйл биш л дээ. Гэтэл манайхан дунд өргөн хэрэглэгддэг “Аль хэрэлдэж муудалцахыг тэр гэхэв. Дараа нь эв зүйгээ олоод явчихна даа” гэдэг үгийн философи л гүн мөртэй байх юм. Бид чинь хэлснээсээ өөрийг хүсдэг юм бол яаж эрх зүйт улсыг байгуулах юм бэ.
 
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс"