sonin.mn
 
 
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, холбогдох асуудал хариуцсан газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцсон видео хурлыг “Хүүхдийн эндэгдэл”, “Улаанбурхан өвчний дэгдэлтийн өнөөгийн байдал” сэдвээр хийлээ.
Хуралд 21 аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМХТ, ЭХЭМҮТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд оролцов.
 
Видео хурлаар оны эхний гурван сард бүртгэгдсэн хүүхдийн эндэгдэл, улаанбурхан өвчний өнөөгийн байдал, тархвар судлалын онцлог, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
 
Дэд сайд хүүхдийн эндэгдэл өндөр бүртгэгдээд байгаа аймгуудаас хүүхдийн эндэгдлийг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө. Мөн улаанбурхан өвчний хариу арга хэмжээ, Олон улсын байгууллагаас хүссэн тусламж, дэмжлэгийн талаар нэмэлт мэдээлэл хийв.
 
Тэрээр хүүхдийн эндэгдэл өндөртэй баруун бүсийн аймгуудын хүүхдийн эмч нарыг хамруулсан бүсчилсэн сургалтыг Завхан аймагт зохион байгуулах, улаанбурхан өвчний талаар эмч мэргэжилтнүүдэд сургалт хийх, тандалт судалгааг өргөжүүлэх, эмч мэргэжилтнүүдээ тус өвчнөөс сэргийлж, дархлаажуулалтад хамруулах, улаанбурханы нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн бэлтгэл ажлыг хангах, ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн дарга, удирдлагуудын ажлын хариуцлагыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг