Египтийн эртний булшнаас орчин үеийн залуусын хүмүүжил хэрэг алга гэсэн утгатай бичиг гарсан гэдэг. Түүн шиг өдгөө манай цахим ертөнцөд “Хүүхдийн хүмүүжил болохоо байлаа", “Эвий хойч үе минь сүйрчээ” гэж халаглах нь элбэг болчихож. Мөн “хүүхдүүдийг боловсролтой болгохоос илүү эхлээд зөв хүн болгох хэрэгтэй” гэх нь бий. 
 
Цаашлаад “Одооны хүүхдүүд” гэсэн үгийг мөн ч их хэрэглэх юм даа. Гэтэл Платон аль тэртээ “Одоогийн хүүхдүүд ном уншихаа байж” гэсэн гэдэг. Түүнийг залууд ойр орчим нь дандаа ном уншдаг залуус байсан болохоор тэгсэн байх л даа. Гэвч тэр хөгшний мэдэхгүй ном унших дуртай хэсэг залуус байж л байсан байж таарна. Шүүмжилсэн шүүмжлээгүй хорвоо жамаараа л явна.
 
Мөн сүүлийн үед “Байнга шүүмжлүүлж өссөн хүүхэд бусдыг хайр найргүй шүүмжлэгч болдог”, “Явган хэрүүлд өссөн хүүхэд танхай балмад болдог”, “Хүүхдээ басамжлаад байвал их л бүрэг болдог”, “Магтаж өсгөсөн хүүхэд гэрэлтэй тэмүүлэлтэй болдог”, “Хамгаалж өсгөвөл хүүхэд хатуужилтай болж өсдөг” гэх мэтээр 20 гаруй шинж тэмдэг тоочсоныг хоорондоо ихэд тарааж байна. 
 
Дандаа л нялганаад байх юмдаг уу даа. Гэтэл манай эцэг, эхчүүд бидэнтэй элдвээр нялганаад байлгүй ахаар нь дүүг нь харуулах аргаар л өсгөсөн биз дээ. Харин дандаа нялганаж магтаж байсан айлын ганц голдуу хүүхдүүд ямар авиргүй хүн болж өсдөг билээ. 
 
Буруу, зөв үлгэр дууриалал ч бараг хамаагүй байх аа. 1990-ээд онд амтай бүхэн архи ууж байлаа. Тэр үед бага балчир настай байсан одоогийн залуусын ихэнх нь архинаас татгалзаж л байна шүү дээ. Бидний чадах юм бол хүүхдүүдээ зөнгөөр нь орхиод өөрсдөө шударга амьдрах л юм.
 
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин