sonin.mn
УДБЭТ-ын тайзнаа анх ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” сонгодог бүжгийг тавьснаас хойш 60 жил өнгөрчээ. Энэхүү анхны сонгодог бүжгийн хүндэтгэлийн тоглолт энэ сарын 25,26-ны өдөр болно. Энэ тухай өнөөдөр  УДБЭТ-ын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
 
Гэгээн хайрын эмгэнэлт түүхийг өгүүлэх энэхүү бүжгийн жүжиг  нь 1956 оны 6 дугаар сарын 18-нд анхны сонгодог бүжгийн мэргэжилтэн А.В.Хабаевагийн дэглэлтээр УДБЭТ-ын тайзнаа тавьж байв. Монголын үзэгчид анхны мэргэжлийн түвшний сонгодог бүжигтэй танилцсанаас хойш "Бахчисарайн оргилолт булаг" сонгодог бүжгийн жүжиг нь гурван удаагийн тавилт, 200 гаруй тоглолтоор  үзэгч түмэнд хүрчээ.
 
Анхны сонгодог бүжгийн жүжгийн хөгжмийн удирдаачаар Ардын жүжигчин, Төрийн шагналт   Ж.Чулуун, ерөнхий зураачаар СГЗ Л.Гаваа нар ажиллаж, гол дүрүүдийг Ц.Тоомой, МУГЖ Н.Баатар, Ц.Дашдулам, УГЗ Д.Булхүү, Б.Гүрбазар нар бүтээжээ. Мөн хийл хөгжмийн гоцлолыг УГЗ Д.Цэрэндолгор, виолончель хөгжмийн гоцлолыг Ардын жүжигчин, Төрийн шагналт  Г.Жамъян нар  тоглож байсныг онцлов.
 
УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул ярихдаа, “Энэ удаагийн балетын гол дүрд манай гоцлол бүжигчин МУГЖ Г.Цолмон Мариягийн дүрд хувирна. Түүний ээж бүжигчин Б.Энх 1976 онд Мариягийн дүрийг бүтээж байсныг дуулгав. 1976 онд МУГЖ Ч.Ганчимэг, Б.Пүрэв-Очир, ОХУ-ын сонгодог бүжигчин, Японы Сонгодог бүжгийн сургуулийн балетмейстер Г.Валери нар бүжиглэж байсан.
 
Энэ удаагийн тоглолтод УДБЭТ-ын гоцлол бүжигчин СТА Г.Батчимэг, Х.Мөнгөнхөлөг, А.Эрдэнэболд, Б.Баасансүрэн нар тоглож, хийл хөгжмийн гоцлолоор  МУГЖ Л.Мөнхцэцэг, виолончелийн гоцлолыг С.Баяртуяа нар эгшиглүүлнэ. Мөн  өдөр ахмад бүжигчин МУГЖ Н.Баатар, Ардын жүжигчин О.Ганбаатар, СТА Б.Энхээ , СТА А.Батдэлгэр нар тоглолтод оролцон үзэгчиддээ хүндэтгэл үзүүлнэ” гэв.
 
Хоёр өдрийн тоглолтыг УГЗ Ц.Мөнхболд удирдан, УДБЭТ-ын симфони найрал хөгжим, балетын бүх бүжигчид найрал дуучид, ХБК-ийн оюутан сурагчид оролцох аж.
 
 Г.Уранчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг