sonin.mn

Алтангэрэлийн Эрхсаран гэх бяцхан охин дөнгөж гурван нас хүрч хэдий ч тэр бүр тохиодоггүй ховор өвчнөөр өвчилжээ. Тэднийх Хангай зөрлөгт амьдардаг бөгөөд аав нь Замын II ангийн замчин. Тэрбээр төмөр замд зургаа дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Хорвоо дээр хоёр дахь үр нь болж мэндэлсэн охиноо гадаадад эмчүүлэхийн тулд манай сонинд хандаж төмөр замчдаасаа халуун сэтгэлийн гараа сунгахыг хүссэн юм.

Ингээд Эрхсаран охины ээж болон Төв эмнэлгийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.


Замын хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Ж. Соёл-Эрдэнэ

 

-Энэ хүүхэд дөнгөж гурван нас хүрч байгаа ч сарынх нь тэмдэг ирчихсэн, хөхний толгой томорсон, хэвлий хэсгээр нь үс ургасан, ойрын үед унаж татдаг шинж тэмдэг илэрсэн учраас монголд эмчлэх боломжгүй өвчний тоонд бүртгэгдээд байгаа. Түүнээс гадна биеийн жин, өндөр нь нэг насаар илүү өсөлттэй. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гадаадад эмчүүл гэсэн бичгийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Вонгуаны АУИС-ын Вонгуан эмнэлэгт хандахад Солонгос мөнгөөр 20 сая вон буюу 18.300 ам.доллартай тэнцэх төлбөр хэрэгтэй гэсэн хариу ирүүлсэн.



- Монголд өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?

-Хэд хэдэн тохиолдол гарч байсан юм билээ. Тэд бүгд гадаадад очиж эмчүүлсэн байдаг. Хамгийн гол нь, Монголд оношлох боломжгүй. Бэлгийн бойжилт эрт илэрч байна гэдэг нь тархи талаасаа эмгэгтэй байх магадлалтай. Унаж татдаг болж байна гэдэг нь яаралтай эмчлүүлэхгүй бол тархинд бүтцийн өөрчлөлт гарч маш осолтой хэлбэрт шилжинэ. Иймээс тархин дахь эмгэгийнх нь хэмжээ томроогүй байхад яаралтай эмчлэх нь чухал. Төмөр замын удирдлагаас энэ хүүхдэд туслах боломж байна уу гэсэн хүсэлт тавихад эхний ээлжинд өөрсдийнхөө санаачилгаар ямар нэгэн арга хэмжээ ав гэсэн болохоор төмөр замчдынхаа дунд хандивын данс аялуулахаар бид шийдсэн юм.



Охины ээж Н.Туул

Манайх хүүхдээ гурван сартай байхаас нь Хангай зөрлөгт шилжин очиж амьдарсан. Тэнд хотыг бодвол цэвэр агаартай. Охин маань нэг нас дөнгөж хүрээд байхад нь яг насанд хүрсэн эмэгтэйнх шиг сарын тэмдэг ирээд эхэлсэн. Тэр даруйд нь эмнэлгээр явсан ч манай эмч нар оношилож чадаагүй. Харин энд ирсэн Америк эмчид үзүүлэхэд хавдрын эсрэг үйлчилгээтэй эм уу гэж зөвлөсөн. Тэр эмийг ууж эхэлснээс хойш цус их хэмжээгээр гарах нь багассан. Ах нь одоо нэгдүгээр ангид сурдаг.
Манайхаас ямар нэгэн удамшлийн өвчтэй хүн байхгүй. Гадаадын эмч нарт үзүүлэхэд “Танай ойролцоо алтны газар байдаг уу?” гэж асууж байсан. Манай ойролцоо хэд хэдэн гар аргаар алт олборлолтын газар бий л дээ. Уурхай ч байсан. Гэхдээ одоо ажиллахгүй байгаа. Бид гүний худгаас усаа авдаг болохоор алтны улбаатай гүний усанд шингэсэн ямар нэгэн химийн бодис ч нөлөөлсөн байж магадгүй гэж боддог. Ингээд л аавынх нь мэргэжил нэгт нөхдөөс нь охинд минь туслаач гэж чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.


Монголын төмөр замын салбарт эдүгээ 14.000 гаруй төмөр замчин бий. Энэ их айл гэрийн тоонон доор амьдардаг хүн бүр ердөө 1000-хан төгрөг хайрлахад л бяцхан охинд амьдрал бэлэглэх нь ээ. Тиймээс халуун сэтгэлт ган замчид халуун сэтгэлийн гараа сунгана гэдэгт итгэлтэй байна.


Хандивийн данс:
Худалдаа хөгжлийн банк:405062642
Харилцах утас: 86401084, 88401084


Эх сурвалж:”Ган Зам”