Би цэцэг. Тэгэхдээ Хонгорзул цэцэг. Би хатаж гундсан байсаан, гэвч одоо хамгийн үзэсгэлэнтэй нь. Учир нь хайраа олсон би. Үгүй ээ, тэр минь намайг олсон юм. Нэгэн цагт би хүн байлаа. Тэгэхэд хүмүүс Хонгорзул цэцэгнээс мэндэлсэн гэлцдэг байв. Намайг дуулахад хөвчийн мод жингэнэн цууриатаж, цэцэг навч найган ганхаж, шувууд элэн халин дүүлдэг.

Уулын горхины ус шиг мэлмэрэн байдаг тунгалаг хар нүдтэй, шүр шунх шиг ягаахан уруултай уяхан бор бүсгүй байлаа. Хар багаасаа л үерхэж дассан найзтайгаа хайр сэтгэлтэй болж, ар цармын дэнжээр зүггүйтэн тоглож, өдөр хоногийг өнгөрөөх надад хамгийн дээд хувь заяа мэт санагддаг байв. Бид багаасаа л баян Гарьдын хонийг хариулж өссөн. Гэтэл нэгэн гайтай өдөр баян Гарьдын мунхаг хүүгийн хорлонт нүд намайг “оночихов”.

Тэгээд хүчээр урвуулан эхнэрээ болгон аваад, гэрийнхээ мухарт хашиж, хорт могой шиг хяхарч, ховдог чоно шиг архирч...
Зун цаг ирж, би дахин сэргэлээ. Тэсгэлгүй тэнэг хар хүнээс оргон дутаасанд баян Гарьдын тэнэг хүү араа шүдээ хавирч, хамаг амьтныг түйвээхэд хүргэв. Багаасаа үерхсэн хайрт хар хүүтэйгээ уулзаж, хөвчийн гүнд амьдрав. Тэгтэл гай дайрч, түүнийг минь анд явсан хойгуур Гарьдын тэнэг хүү намайг хорлосон юм. Би тэр дороо Хонгорзул цэцэг болон хувирч, түүнийгээ хүлээх болсон.

Хожим сонсох нь ээ, тэр минь гашуудал хилэнгийн туйлд хүрч, Гарьдын тэнэг хүүгийн тархийг нь хага дэлсэж, гэр орныг нь түймэрдээд Монголын хязгаар нутагт одсон гэв. Гэхдээ хуучин цаг улирч, хувьсгалын цаг эхпэхэд тэр минь буцаж ирээд өдөр бүр ирэн, услан тойглож,
хайр сэтгэлийг минь сэргээсэн. Түүнээс хойш би агаараар биш, түүнийхээ хайраар амьсгалдаг Хонгорзул цэцэг болсон юм.


Г.Хонгорзул
Эх сурвалж:”Ган Зам”